Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав


 

 

Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав

 

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сергей Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан, энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг тэмдэглэсэн байна.

Мөн тэрбээр цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлжээ.

Ерөнхий сайд "Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг” хэмээн хэлсэн байна.

У.Хүрэлсүх сайд цаашид "Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Сергей Шойгугаас хүсчээ.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.

Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, "Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдсан байна.

Сергей Шойгу "Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэжээ. Мөн тэрбээр ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэрэг асуудлаар санал солилцжээ.


shoigu

shoigu



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.