Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “Авьяаслаг монголчууд” дээр шавж байна


Гацууртын Л.Чинбат ганцаараа тариагаа хурааж, бусад нь түүний “Авьяаслаг монголчууд” дээр шавж байна"Авьяаслаг монголчууд” шоу эрэлттэй байна. Бүгдийг дэлгэцнийх нь өмнө уяж байна. Түүний өмнө "Voice” шоу дуусаад удаагүй. Энэ шоунаас нь салахгүй уяатай, дэлгэцийнхээ өмнө шавцгаасан. Манайхан болсон хойно яахав дээ, өнөөх шоунуудаа шүүмжилж, магтаж, сошиалд баахан цуурцгааж байна.

Амьдралынх нь нэг хэсэг шоу аятай Л.Чинбатын телевизийн шоунд хамаг цагаа барах юм. Тэр зуурт Гацууртын Л.Чинбат цасанд даруулсан, даруулаагүй гэлцэн тариагаа хурааж байна. Түүний бизнес өргөжөөд л байх юм. Тэр улам баяжаад л байх юм. Бусад хүнийг тариа хураалгахгүй гэсэн шиг гадны шоуг энэ зуур тасралтгүй хийх юм. Шоу үзэх, үзэхгүй нь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт л доо. Гэхдээ Л.Чинбатын хүслийг гүйцээж, цагаа алдаж, шоу үзээд суухын оронд ажил амьдралаа бодооч ээ, ард түмээн. Нэг л их шоу, үзэж, дуулж хуурдсан улс боллоо.

Үлдсэн цагт нь өнөөх дуулсан хуурдсан үзсэн харснаа ам уралдан, сайнтай, муутай нь ярих юм. Л.Чинбат яагаад наана чинь оролцохгүй байгааг мэдэж байна уу. Тэр хүн чинь ажлаа хийж байна. Л.Чинбат шиг болохын тулд та нар ажил хий, шоу цэнгээнээ одоо орхиё. Алийн болгон мал төллөх цагаар нөхрөөсөө нуугдан байж, үр хүүхдээ орхиод дуу дуулах гээд ирэхэв дээ. Аж амьдралаа бодож, ажлаа хийсэн дээр. Таны өмнөөс Л.Чинбат шиг баян хүн хүүхдийг чинь хүмүүжүүлж, тэжээж, хүний дайтай хүн болгохгүй. Энэ тухай "Өдрийн сонин” өмнө нь бичиж л байсан. Хашрахгүй, халшрахгүй дахиад л хэлье. Гэр бүлээрээ бүжгийн тэмцээнд түрүүлсэн гээд шоунд ирж байгаа та нар минь яана даа. Нааш, цааш явж ирэх унаа, унд, хувцас хэрэгслийн зардлаас өгсүүлээд байдгаа л барж байгаа биз. Зөндөө л мөнгөө үрж зараа л байлгүй. Тэглээ гээд шоунд оролцсон болгон түрүүлчихгүй. Хэдэн зуу, хэдэн мянгаараа түмний өмнө баясгагч боллоо гээд нэгэнд нь л аз тохиож, хэдэн төгрөг өвөртлөөд буцна. Тэр нь амьдралын баталгаа болох эсэх нь эргэлзээтэй. Энэнийхээ оронд өөртөө, үр хүүхдэдээ хэрэгтэй юм хийдэггүй юм уу. Монголчууд бид шоу цэнгээн, нийтийн сүлжээ, телевиз үзэхэд хамаг цагаа зориулж байна. Хэдийд нь ажиллаж амьдардаг юм гэмээр. Хоёр сая гаруй хүн нийгмийн сүлжээнд байдаг, сошиалаас хараат, түүний хэрэглэгч, тэн хагас нь шоу, үзүүлбэрт оролцож, үлдсэн хэсэг нь үзэгч болчихож. Азидаа нүүр ном хэрэглэгчээрээ тэргүүлж байна гэдэг үүнийг бэлээхэн нотолж байгаа хэрэг. Ядуу хүний гол шинж нь телевиз үзэх, унтах, өөрийгөө өрөвдөж, баян хүнд атаархаж шүүмжилж хэвтэх л юм гэнэ лээ.

Хуучин цагт Увсын гурван эрийн нэг нь бөх, нөгөө нь дуучин, үлдсэн нь нөгөө хоёрынхоо хоолыг бэлддэг гэж ярьдаг байлаа. Одоо ч тийм л байгаа. Үнэн хэрэгтээ Увсынхнаар зогсохгүй, монголчуудын нийтлэг төрх ийм л шүү дээ. Хэлдэг гурав, хийдэг ганц гэгчээр. Статистикаар ч монголчуудын гурван хүн тутмын нэг нь ядуу.

Ийм болоод л хөдөлмөр хийхгүй телевиз, ухаалаг утас, компьтерээсээ хараат, уяатай байхаар амьдрал нь яаж дээрдэх юм. Тэнд цагаа барж, идсэн хоол, үр хүүхдийнхээ зургийг постолж, жиргэж суухад чинь баян хүн ажлаа хийж, мөнгө нь арвижсаар л байгаа. Мөнгөтэй хүнийг мөнгөтэй болгох гэж нийгмээрээ зүтгэж байна. Хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том аюул энэ болж байна. Хэдхэн хүн ажиллаж, хэдхэн хүн баяжиж, бусад нь тэднийг баяжуулахын тулд зүтгэдэг болчихсон. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн тэрбумтнуудын нийт баялаг нэг их наяд ам.доллараар өсчээ. Дэлхийн хамгийн баян таван зуун хүний нийт хөрөнгө 4.4 их наядаас 5.3 их наяд доллар болж өссөн гэсэн үг. Харин ядуусын тоо маш бага хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн эдийн засаг өсөлттэй үед ядуусын тоо бага зэрэг буурдаг ч эдийн засаг хямрахаар дундаж давхаргынхан ядуусын эгнээнд шилжиж, ядуусын тоо ихэсдэг. Ядуу нь улам ядуу, баян нь улам баян болж байна. Энэ нь Монголд бүр ч тодорхой харагддаг.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болох тухай дэлхийгээрээ яриад эхэллээ. хүний хийх бүх ажлыг робот гүйцэтгэдэг болно. Энэ хувьсгал нийгэм, эдийн засгийг өөрчлөөд зогсохгүй хүн гэдэг бодгалийн шинж төрхийг ч өөрчилнө гэж байна. Үүнийг хувьсгал гэхээсээ хувьсал гэж үзэж болно гэж ажиглагчид тайлбарлаж байна. Энэ хувьслыг тайлбарлах бас нэг зүйл нь "Бүтээлч устгалч” шинж чанар гэнэ. Өөрөөр хэлбэл ямар нэг шинэ технологи гарч ирэхэд хуучны үүрэг, функцийг тэр чигт нь орлохоос гадна хамаагүй бүтээмж өндөртэй байх нь. Тиймээс хүмүүс тэр бүхний үр дүнд үй олноороо ажилгүй болно. Жишээ АНУ-д гэхэд нийт ажлын байрны 47 хувь нь 1224 жилийн дотор байхгүй болно гэж Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч Клаус Шваб хэлсэн байна лээ. Энэ хувьслын үед генетикийн нээлт, хиймэл оюун ухаан, робот, нано технологи, 3D хэвлэгч, био технологи биенээ нөхөж түшиж, хөгжих бөгөөд асар их боломж авчрах ч, асар их асуудал мөн дагуулна. Тэр олон ажилгүйчүүдийг яах вэ гэдэг хамгийн том бэрхшээл. Тэр хувьсалд тааруулж бүхнийг зохицуулах эрэл хайгуул хэрэгтэй, алхам хийх хэрэгтэй. Аж үйлдвэржилтийн хувьсгалын өнгөрсөн түүхүүдэд ийм нөхцөлд орсон түүх байхгүй учраас тэр олон ажилгүйчүүдийг яах вэ, яаж ажилтай байлгах вэ гэдэг шууд хариулт олж чадаагүй л байна.

Бид дэлхийгээс тусгаарлагдаад нүүчихдэггүй л юм бол хэдийгээр тэднээс олон дэвшлээрээ хамаагүй хоцорч яваа ч дөрөв дэх хувьсгал буюу хувьсалтай нүүр тулж л таараа. Монголд ч ажилгүйчүүд улам олон болно. Тэр ажилгүй хүмүүс ердөө л "Авьяаслаг монголчууд " шиг шоунд л ордог болж, хэдэн зуу, хэдэн мянган оролцогчийн ганц азтан нь болохын төлөө л явах болох нь. Тэр ирээдүй бидний үр хүүхдийг хүлээж байна. Гэтэл монголчууд өнөөдөр урлаг соёл, уралдаан тэмцээн, бөх, дуучин, хөл бөмбөг, бүжиг хөөх нь улам бүр олширлоо. Үр хүүхдээ үүнд дурлуулж, шүтүүлж өсгөж байна. Ард түмнээ ингэж манкурт боол шиг эзнийхээ үгнээс гардаггүй, үг дуугүй биелүүдэг болгохоос Монгол Улс сэрэмжлэх хэрэгтэй байна. Бид сэтгэх чадваргүй, зүгээр л гүйцэтгэгч болж хувирлаа. Үүнээс сэргийлэхийн тулд хэн нэг, хэсэг бусаг нь хэт баяжиж, бусдынхаа ажил хөдөлмөрийг хуу хамахаас сэргийлж хүн бүр ажил хийдэг, дундаж амьдралтай хүмүүс олон болж, илүү олон хүн ажилтай хөдөлмөртэй, өмч хөрөнгөтэй, болох хэрэгтэй байна. Бид үр хүүхдээ баячуудыг зугаацуулагч болгохгүйн тулд дуучин, хуурчин, бөх барилддаг, тэмцээнчин болгомооргүй байгаа юм.

Од болохын хүслэнгээс нь ангижруулах хэрэгтэй байна. Хойч үеэ бодох хэрэгтэй болжээ. Хүн төрөлхтөн технологийн дэвшил, өөр гаригт амьдрах тухай ярьж, бүтээж байхад бид 1517 дугаар зуунд маш их хөгжсөн ший жүжгээ үзээд, түүндээ оролцож, түүнийг нь үзэж суусаар байна гэж үү. Энэ нь зугаа гаргах л зориулалттай болохоос оюун сэтгэхүйг хөгжүүлж, улс орныг урагшлуулахад ямар ч нэмэргүй. Таны, бидний үр хүүхэд Бүтээлч устгалчийн устгалд орох тэр нэгэн байгаасай гэж хүсэхгүй л биз дээ.

Өдрийн сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.