Э.Идэрцог: Г.Доржзодов АТГ биш ТЕГ-т шалгагдаж байсан


 

Э.Идэрцог: Г.Доржзодов АТГ биш ТЕГ-т шалгагдаж байсан

 

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн хурал зарлаж, шалгаж буй хэргүүдийнхээ талаар мэдээлэл өгдөг. Өчигдөр Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар мэдээлэл хийв. Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.  Мөн тус газраас Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гэв.  Үүний дараа мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-60 тэрбумын асуудлаар иргэн Г.Доржзодов мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ нотлох баримтыг өөрчилсөн гэж ярьсан. Энэ үнэн үү?

-Иргэн Г.Доржзодовын хийсэн мэдэгдэл дээр ганц хоёр мэдээллийг худлаа байсан гэдгийг хэлмээр байна.  2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам, МАХН хоёр субъектээс 60 тэрбумын асуудлаар холбогдох дуу дүрсний бичлэгтэй материалуудыг АТГ болон Цагдаагийн байгууллагад зэрэг хандсан байдаг. Хавсаргаж ирсэн материалыг АТГ хүлээж аваад шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Түүнээс биш Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Мөн Г.Доржзодов өөрийгөө АТГ-д  шалгуулсан, мөрдөж мөшгүүлсэн гэж ярьсан.  Тийм асуудал огт байхгүй. Өөрөө тоног төхөөрөмж ашиглаж бусдыг мөрдөн мөшгөсөн хэргээр ТЕГ-т шалгагдаж байсан. Харин тэрхүү асуудлыг АТГ-ын үйл ажиллагаа мэт бусдад буруу ойлголт өгсөн.

–Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай асуудал яригдаад удаж байна. Шалгалтын явц нь ямар байгаа вэ?

-Прокурортой холбоотой асуудлыг хяналт шалгалтын хэлтэс шалгасан. Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

–АМГТГ-ын хэлтсийн даргын бичлэг задраад шалгагдаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-АМГТГ-ын хэлтсийн даргын бичлэгтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа.

-179 сая төгрөг зарцуулсан төмөр замын хэрэг юу болсон бэ?

-Төмөр замтай холбоотой асуудал шалгагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй.

–Нэгдүгээр сургуулийн захирал болон Дулааны сүлжээ ТӨХК ийн захирлыг авлига авч байхад нь баривчилсан гэсэн. Эдгээр хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна. Хэргийг ойрын үед  дуусгаж прокурор шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. "Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-н захирал Д.Бямба-Очир албан үүргээ давуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон. Бусдаас хахууль авсан хэргээр цагдан хоригдон шалгагдаж байна. Цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэх мэдээлэл байна. Тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан.  Хурааж авсан мөнгөний гарал үүслийг шалгаж байгаа.

-1.3 сая ам.доллар хураасан хэрэгт шүүгч холбоотой гэсэн мэдээлэл яригдаад байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Энэ асуудал цахим орчинд олон янзаар бичигдэж байгаа. Цагдаагийн томоохон албан тушаалтан, прокурорын өндөр албан тушаалтан,  шүүгч , УИХ-ын гишүүн холбоотой мэтээр бичигдэж байгаа.  Эдгээр асуудалд дээрх дурдагдсан албан тушаалтнууд ямар ч холбоогүй. Тус газрын мөрдөн шалгах хэлтэс дээр бусдад хахууль өгсөн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа этгээдийн өөрийнх нь хөлсөлсөн байрыг олж, тэндээс хурааж авч шалгаж байгаа хэргийн мөнгөн дүн байгаа юм. Үүнд дээрх албан тушаалтны гэрээс хураасан зүйл огт байхгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.