Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал багш нараас нэг сая төгрөгийн авлига авдаг уу?


 

Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал багш нараас нэг сая төгрөгийн авлига авдаг уу?

 

Сүүлийн үед сургуулийн захирал багш нар хүүхэд ангид элсүүлэхийн тулд авлига авч байна гэсэн шүүмжлэл газар авсан төдийгүй АТГ-аас энэ асуудлыг шалгаж, эхнээс нь цагдан хорьсон.
Тодруулбал, Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Улмаар түүнийг шүүхээс нэг сар цагдан хорих шаардлагатай гэж үзсэн. Учир нь дахин авлига авч магадгүй гэж үзжээ.
Харин өнгөрсөн хавраас эхэлж Нийслэлийн 28 дугаар сургуулийн захирал нэг сая төгрөгийн авлига авч багшийг ажилд авсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.
Тэгвэл авлига ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй тус сургуулийн холбогдох албан тушаалтныг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгахаар болсон тухай АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү өнгөрсөн сард хийсэн хэвлэлийн хурлаараа тодотгосон юм.
Харин авлига, хээл хахуулийн хэргийг зоригтой илчилж, хэвлэлд ярилцлага өгсөн багшид сургуулийн захирал дарамт үзүүлж эхэлжээ.
Мөн 28 дугаар сургуульд багшилж байгаад өөр сургуульд шилжсэн багш ч мөн хэвлэлд хандсан байна.
Тэрбээр "Сургуулийн захирал намайг өрөөндөө дуудаж оруулаад багшийнх нь нөхөр өвдөөд байна. Чи багш нараа уриалаад багшдаа хэдэн төгрөг хураагаад аваад өгчих л дөө гэж хэлээд надаар мөнгө хураалгаж авч байсан. Хүний өмнөөс хүнээс мөнгө хураана гэдэг хэцүү.
Тэр явдлаас хойш би жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа орох үед дааж байсан ангийг минь надад өгөөгүй. Би сургуулийн хамт олонтойгоо ажиллах дуртай, дассан байсан. Харамсалтай нь захирал багшийн хандлага тааламжгүй байсан учир ажлаа солиход хүрсэн. Бас манай сургуулийн дуу хөгжмийн багшийг жирэмсний амралтаа аваад буцаад ажилдаа орох үед ажилд эргүүлж авахгүй гээд бөөн маргаан үүсэж байж багш ажилдаа орж байсан” хэмээн ярьсан юм.
Мөн шинээр орсон багш нараас сая төргөг авчихаад 1-2 сар ажиллуулаад ажлын дадлага ур чадвар алга гэсэн шалтгаанаар ажлаас нь халдаг байна.
Тиймээс бид хөдөлмөр эрхлэх явцад ажлын байрны дарамт, шахалт ирсэн тохиолдолд иргэд хэрхэн хаана хандаж талаараа сайн мэдэхгүй байна гэсэн юм.
Хэрвээ эрх нь зөрчигдсөн хэн ч ХЭҮК-т хандаж гомдол гаргах эрхтэй.
Тус газрын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир "Ажлын байран дээр хэвийн ажиллах нөхцөл бололцоогоор хангадаггүй, удирдах ажилтны ёс зүйгүй үйлдэл гаргадаг, өөрөөр хэлбэл тухайн ажилтан албан хаагчдад дарамт үзүүлдэг бол энэ нь хүний эрхийн зөрчил юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2.Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан.
Эрх нь зөрчигдсөн гэж үзсэн хүн хөдөлмөрийн харилцаанд давуу байдал үүсгээд буй тухайн албан тушаалтныг шууд томилох эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргах эрхтэй. Мөн хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудал учир манай байгууллагад дангаараа болон хамтран гомдол гаргах боломжтой. Бид гомдлыг 30 хоногийн дотор шалгаж эцэслэн тогтооно” гэлээ.
Тиймээс эрх нь зөрчигдсөн багш нар хандах боломжтой юм байна.

О.Сайхан
Эх Сурвалж: Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.