Чингэлтэй дүүргийн Улсын тэргүүний 24-р сургуулийн багш нар найман настай сурагчийг "шээсээ барь” гэснээс болж сурагч тэсэлгүй өмдөндөө шээсэн талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ явдал хоёрдугаар сарын 21-ны өдөр болсон бөгөөд Нийслэлийн боловсролын газраас сургуулиудад зохион байгуулж байсан олимпиад тус сургууль дээр болсон аж. Сурагч, шалгалт авч байгаа багшаасаа "бие засмаар байна” гэж олон удаа гуйсан байна.
Гэвч "Шалгалтын дундуур хэнийг ч гаргахгүй, чи тэвч” гэж хэлсний улмаас сурагч яаж ч чадалгүй өмдөндөө шээчихсэн гэж сурагчийн нагац эгч ярьсан байдаг. Сурагч Шведэд амьдарч байгаад ирсэн учир Шведээр сайн ярьдаг, монгол хэлээр сайн ярьж чадахгүй, дээрээс нь бөөрний үрэвсэлтэй байсан аж.
Тэгвэл ангийнх нь 60 гаруй хүүхэд шоолж, чичилсэн байхад тухайн сургуулийн багш нар ямар нэгэн сэтгэл заслын арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгдээгүй гурван цаг болсон гэгддэг. Ийм мэргэжлийн том алдаа гаргасан багш нарт тус сургуулийн зүгээс тодорхой хэмжээний арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг сургуулийн удирдлагууд мэдээлсэн байна.
Сургуулийн зүгээс хоёр багшид ямар хариуцлага тооцов?
Өчигдөр буюу Лхагва гаригийн 14.00 цагийн үед тус сургууль дээр очив. Сургуулийн зүгээс өөрсдийн бурууг ухамсарлаж байгаагаа хэлж байлаа. Хэрэг гарсны маргааш буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр дээрх хоёр багшийг багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж, энэ үеэр шалгалт авсан гэх залуу багш буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч охины нагац эгчээс уучлал гуйсан байна. Болсон явдлын талаар эергээр тайлбарлаж, "Багш нарын буруугаас ийм зүйл болсон. Та нарт ч ийм зүйл тохиолдож болно.Тиймээс найзынхаа оронд өөрийгөө тавьж бодоод, нэгнээ шоолохгүй байгаарай” хэмээн сурагчдаас уучлал гуйсан гэдгээ ярилаа.
Сургуулийн өмнөх захирал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэж өгсөн учир одоогийн байдлаар 24-р сургуульд захирал гэх хүн алга. Ийм учир хоёр багшид захиргааны дагуу арга хэмжээ аваагүй гэнэ.
Харин Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн зүгээс хоёр багшид тэмдэглэлээр сануулах арга хэмжээ авсан байна. Хэрэв багш нарын энэ үйлдэл нь удаа дараа давтагдах юм бол ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна гэж тус дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль хэллээ.
Шалгалт авсан багш нарын хувьд анги дааж авсан багш нь 26 дахь жилдээ ажиллаж байгаа бол тухайн ангид солигдож шалгалт авсан багш нь зургаа дахь жилдээ ажиллаж буй залуу багш юм.
Өчигдөр сургуулийн зүгээс /2018.02.27/ сурагчийн ааваас нь мөн уучлалт гуйсан бөгөөд маргааш хүүхдийн хувийн хэргийг авахаар болжээ. Энэ мэтчилэн багш нартай холбоотой хэрэг зөрчлүүд цөөнгүй гарсаар байтал тухайн үед нь арга хэмжээ авна гэх хариултаар ам таглаж чимээгүй болдог байдалд хэзээ хэн хариуцлага тооцох вэ? Сургуулийн орчны гадуурхал, багш нарын ёс зүйн асуудал орхигдсон сэдэв болсон. Багш сурагчаа амьдралын төвшин сурлагаар нь ялгаварлан гадуурхаж харилцдаг, үүнээс болж сурагчид өөртөө итгэлгүй болох, энэ нь сурах, суралцахад нь сөргөөр нөлөөлөх асуудлыг хөндөх цаг болжээ. Сав л хийвэл цалингаа нэмүүлэхээр жагсдаг багш нарын харилцаа, хандлагыг өөрчлөхгүйгээр боловсролын салбарыг шинэчлэхэд хэцүү. Сурагчидтайгаа зүй бусаар харилцдаг сурагчийн сурах эрхэд халдсан багш нарыг сануулах төдийгөөр өнгөрөөд байлгүй энэ асуудалд салбарын яам нухацтай хандах цаг болжээ. Багш нар гэхээр л сурагчдыг загнадаг, айлгадаг, сурах эрхэнд бүдүүлгээр халддаг байж яавч болохгүй биз.
Сэтгэгдэл