Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ЭРХЭМ ЗОРИЛГО:
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлнэ.
Ийм том зорилготой нэг сан бий. Өрхийн үйлдвэрлэлээс нь эхлэн дэмжиж, Монголыг үйлдвэржүүлж, эдийн засгийг тэтгэх том санаатай. Үнэн хэрэгтэй энэ сангаас хэн дуртай нь зээл авахгүй. Бүр мөнгө ч үгүй, дээр нь бизнес санаагаа хулгайд алдсан гомдогсод захаас аваад бий. Гэтэл хүссэн хэмжээгээрээ зээл авдаг хэсэг бүлэг бас байна. Тэр нь УИХ-ын гишүүд, төрийн сайдаас эхэлсэн төрийн эрх мэдэлтнүүд. Сан байгуулж, тэндээ өөрсдөө мөнгө баталж хийгээд, эргээд өөрсдөө авдаг. Хоолныхоо мөнгийг олох гэсэн жижиг, дундчуудыг дэмжих сан биш, УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын шаардлагатай цагтаа хэрэглэхээр хойш нь тавьсан хадгаламж бололтой.
Уг нь энэ сан ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгжид 30 саяас 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг тав хүртэлх жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэйгээр, эхний хоёр жилд үндсэн зээлээс чөлөөлөх маш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог. Гэтэл бодит байдал дээр нэн хөнгөлөлттэй энэ зээлийг хэн авав?!
Ардчилсан намаас УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хаягласан албан шаардлагад баримтыг тодорхой дурджээ. Бүр тодруулбал: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас
-ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн "Эпода Анара” компанид 1.2 тэрбум
-ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн "Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум
-УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн "Дорнод гурил” компанид 900 сая
-УИХ-ын гишүүн Г.Солтан "Монгол шаазан” компанид 950 сая
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Газар буудай” компанид 950 сая
-УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа "Хүннү” компанид 950 сая төгрөгийн зээл авчээ.
Бас БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн "Нүүдэлчин агро” компани, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын "Цэнд стайл” компани ЖДҮ-ийн сангаас нэн хөнгөлөлтэй зээл авсан байна.
УИХ-аас ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 2016 онд 56.7 тэрбум, 2017 онд 50.6 тэрбум, 2018 онд 65 тэрбум төгрөгийг баталж өгчээ. Улсын төсвөөс таслан өгсөн гэсэн үг. Гэтэл тэр мөнгөнөөс улсын төсөв баталдаг хүмүүс нь өөрсдөө тэрбум тэрбумаар нь авч. Ичих нүүр хаачив. Нэртэйгээр нь улсын төсвөөс шууд тэрбум тэрбумаар нь тасдаад аваач. Юун ЖДҮ-ийг хөгжүүлэх сан. Дэмий нэрээр халхавч хийж, зээл гэсэн хоч өгч байхын оронд өөрсдөө кноп дарж батлаад, улсын төсвийн данснаас шилжүүлээд ав.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сан гэх нэг юм байдаг гэж хүмүүст хий дэмий горьдлого төрүүлж байхын оронд улсын данснаас нь хуваагаад идсэн нь дээр. Олон олон хүн бизнес санаагаа хулгайд алдахгүй, сэтгэл шулуунаар банк руу явна.
Баримтыг нь дэлгэж тавиад байхад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Энэ бол гүтгэлэг, зөрчлийн хуулиар шийдүүлнэ” гэж томорч байх. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээл авснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр "Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани Монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор, Сэлэнгэ үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг ЖДҮ-ээс авсан байдаг. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй залууст хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа” хэмээн цахим хуудсанаа бичин, гомдоллож.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун зээлийг хууль ёсоор авснаа хэлээд "Зээлээ зориулалтын бусаар ашиглаж байгаа хүмүүсийг сэтгүүлч та нар мөрдөн мөшгиж гаргах ёстой байхгүй юу” гэсэн даалгаврыг өгөв. Мөн ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "Компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, зориулалтын дагуу ашиглаж байгаа гэсэн” хэмээн өөрөөсөө зайлуулав. УИХ-ын гишүүн Г.Солтан ч "Би тэр компанид ажиллаж байсан. Компанийн ажлаас холдоод найман жил болж байна” гэж мэдэн будиллаа.
Тэд зээл авснаа бараг мэдэхгүй аж. Харин ч ийм асуудалд нэр нь холбогдсонд гомдолтой байгаа бололтой. Төрийн өндөр албан тушаалд сууж хэн бүхэн хувийн бизнесээ хойш нь тавих хуультай. Гэвч хувийн эрх ашиг, сонирхол, шуналаа хойш тавьдаггүйн жишээ нь энэ бүхэн. Ичих нүүр элгээр хаагддаг аж.
Б.Учрал
Сэтгэгдэл