Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны Мягмар гарагийн хуралдаанаараа Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн, Бензин, шатахууны үнийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг тус тус сонссон юм. Үүнтэй холбогдуулан “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Дамба-очир танилцууллаа. Шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар ажиллажээ. Ажлын хэсэг 2 удаа хуралдан шийдвэрийн төслийг заалт нэг бүрээр хэлэлцэн, боловсруулсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг төслийн 1.3 дахь заалт буюу “гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах” гэдэг нь ямар зорилготой талаар тодруулав. Валютын ханшийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох үеэр Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг хариуцсан бүтэц шаардлагатай гэдэг саналыг тал бүрээс гаргасан гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн санууллаа. Ингэхдээ хууль эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай бөгөөд энэ талаарх холбогдох чиглэлийн төсөлд тусгасан байгаа учир тэр хүртэл одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг үр дүнтэй, эрчимтэй ажиллахыг үүрэг болгож буй агуулгатай хэмээн тайлбарлав. Төсвийн бодлоготой хамт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн асуудал орж ирэх шаардлагатай байсан гэж ажлын хэсэг үзэж байгааг Б.Баттөмөр гишүүн хэллээ. Монгол Улсад гадаад худалдааны салбартай ажил хөдөлмөр, бизнес эрхэлж буй 1 сая гаруй хүн байдаг. Саяхан болсон ОУВС-ийн жилийн уулзалт дээр худалдаа бол дэлхийн эдийн засгийн цусны эргэлт гэж чухалчлан онцолж байсан. Олон улсын хэмжээнд худалдааны салбараа энэ хэмжээгээр ач холбогдлыг тооцож байгаа атал Монгол Улсад энэ чиглэлийг хариуцсан бүтэц байдаггүй. Өнөөдрийн байдлаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдааны газрын 10-аад хүнтэй бүтэц байна. Энэ бүтэц улсын төсөв, ирэх оны мөнгөний бодлогын төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Нэгэнт Засгийн газар гадаад худалдааны салбарын бодлого хариуцах бүтцийн асуудлыг холбогдох төслүүддээ тусгаагүй байгаа учир одоо ажиллаж буй бүтцээ үүрэгжүүлж, хариуцлагажуулах зорилгоор томьёолол бэлтгэсэн хэмээн Б.Баттөмөр гишүүн тайлбар хийв.
Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Эдийн засгийн байнгын хороо урьд өмнө гаргасан тогтоолуудынхаа хэрэгжилтийг шалгаж байх нь зүйтэй гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, бүх салбарын бодлогыг улсын хөгжлийн үндсэн концепцид нийцсэн эсэхийг нягталдаг, холбогдох чиглэлүүдийг өгдөг бүтэц шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. Түүний энэ саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир бензин, шатахууны үнийг тогтворжуулах чиглэлээр Монголбанк ажиллах бололцоо бий эсэхийг тодруулав. Дэлхийн банкны захиалгаар 2012-2016 онд Монголбанкнаас үнэ тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд аудит хийж байгаа бөгөөд тайланг энэ долоо хоногт багтаан судална гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч мэдээллээ. Үүний зэрэгцээ “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгааг хэлэв. Хөтөлбөрт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн шинжтэй ипотекийн зээлийн санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх болзол тавьсан. Монголбанк хуулиараа арилжааны банкууд болон Засгийн газартай харилцдаг. Хэрэв Засгийн газраас чиглэл ирвэл Монголбанк чиглэлийг хэрэгжүүлэх бололцоо хуулиараа нээлттэй гэдгийг хэллээ. Хоёр дахь гарц бол Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан Засгийн газар тодорхой хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх бололцоо бий хэмээн харж байгаа бөгөөд Монголбанк, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан судлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг танилцууллаа. Гишүүдийн асуултад хариулах үеэр Н.Баяртсайхан ерөнхийлөгч “БНХАУ-ын Ардын банкнаа ажилласан бөгөөд энэ үеэр тус банкны удирдлагуудын зүгээс том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан богино хугацааных биш гэдийг анхааруулж байсан. Иймд Монгол Улс бэлтгэл хийх шаардлага бий. Валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хугацаанд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирж байгаа, эдгээр нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах зорилготой болохоос биш үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханшийг хамгаалах зорилготой санхүүжилт биш гэдгийг сануулж байгаа” гэв. Төв банкны зүгээс 2018 оны эхнээс өнөөдрийг хүртэл 750 сая ам.долларын интервенци хийгээд байгаа бөгөөд энэ жилд нийтдээ 1 тэрбум орчим ам.долларын интервенци хийх магадлалтай хэмээн тооцоолж буйгаа танилцууллаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох тодруулгуудыг хийн ажлын хэсгээс хариулт авсны дараа “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад 90.9 хувийн саналаар дэмжин, баталлаа. Уг тогтоолоор валютын ханшийг тогтворжуулах асуудлаар
- төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах төлөвлөгөө гаргах,
- макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн ерөнхий төлөв, тэдгээрийн уялдааг тогтмол судалж, дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах,
- гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн асуудал хариуцсан Засгийн газрын одоогийн бүтцийг илүү үр дүнтэй ажиллуулах,
- гадаад, дотоод худалдааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох ажлыг эхлүүлэхийг Засгийн газар, Монголбанкинд чиглэл болгожээ.
Шатахууны хангамж, чанар, стандарт, үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Дорноговь аймгийн нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Байнгийн хороонд товлосон хугацаанд танилцуулах, газрын тосны зарим төрлийн бэлэн болон завсрын бүтээгдэхүүнийг татвартай болгох, шатахууны экологийн ангилал, импортолж байгаа боомтоос хамааруулан татварыг ялгавартай тогтоох, шатахууны үнийн огцом хэлбэлзлийг ОАТ-ын хувь хэмжээгээр тухай бүр шуурхай зохицуулах зэрэг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар чиглэл болгожээ. Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангах, экологийн өндөр ангилал бүхий санар, стандартын шаардлагад нийсэн шгатахууны үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаах хэлэлцэх, шатахуун импортын олон талт эх үүсвэртэй байх бодлого баримтлах зэргийг Байнгын хорооны дээрх тогтоолд тусгасан байна.
Сэтгэгдэл