Монголдоо нэгэн шинэ үйлдвэрлэл бий болгох зорилготой "Монгол машин байгууламж ХХК”-аар зочилж үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуунболон ажилчидтай уулзаж үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай нь танилцлаа.
Биднийг "Монгол машин байгууламж” үйлдвэрт очиход автобус үйлдвэрлэлийн ажил ид явагдаж байлаа. Үйлдвэрийн эхний хаалгаар ороход автобусны хөдөлгүүр эд ангийг угсарч, цаад талд нь автобусны арамын босгочихсон, багана төмрийг гагнаж байхад түүний хажууд шар автобусуудыг угсарч дуусч байгаа харагдаж байв. "Том оврын хоёр туршилтын цахилгаан хөдөлгүүрт автобус үйлчилгээнд явахад бэлэн болсон. Одоогийн байдлаар БСШУЯ-ны захиалгаар хүүхдийн долоон автобус үйлдвэрлэж байна” хэмээн ярисаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Гэрэлчулуун биднийг угтаж, цахилгаан автобус үйлдвэрлэлээ танилцууллаа.
Эднийх долдугаар сард ашиглалтад орсон бөгөөд үйлдвэрийнхээ тал хувь буюу 900 орчим метр квадрат талбайд 40-н ажилчинтай ажиллаж байна. Хэрвээ үйлдвэр нь 100 хувь ашиглалтад орвол 400 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жилд 150-300 орчим автобус үйлдвэрлэх боломжтой гэнэ.
Экоавтобус нь 100 километрт 8500 төгрөгийн эрчим хүч зарцуулдаг байна. Харин дизель түлш хэрэглэдэг автобусанд жилд 43 сая төгрөгийн шатахуун зарцуулдаг бол цахилгаан хөдөлгүүрт автобусанд жилд зургаан сая төгрөгийн эрчим хүч зарцуулах аж.
"Мон-30” цахилгаан хөдөлгүүрт эко автобус нь 600 вольтын хүчдэлээр ажилладаг. Нэг цэцэглэлтээрээ 200-220 км явах чадалтай. Цэнэглэхдээ найман цагийг зөрцуулдаг бөгөөд түргэн цэнэглэгчээр дөрвөн цаг цэнэглэж болох аж.
Иргэд нийтийн тээвэрт зорчиход ихэвчлэн зогсоогоор зорчихоос гадна ачаалалтай үед олон зорчигч чихэлдэж, автобусны голын хаалгаар гарахад хүндрэлтэй тохиолдол байдаг учраас автобусны доторх зайг томсгож, хаалганаас хойд талын хэсгийг өндөр болгож, олон хүн чихэлдэж явсан ч хаалганы хойд хэсгээс чөлөөтэй бууж болохоор шийдсэн байна. Мөн сууж байгаа зорчигчийн дээрээс шахаж, тохойлддог зэрэг асуудлыг судалж, сандлын түшлэгийг хүн тохойлдох хэмжээнээс өндөр болгожээ.
Эднийд ганц тулгамдаж буй асуудал бол татвар, зээлийн хүү болоод байгаа бөгөөд, төр засгаас бодлогоороо дэмжиж ажиллавал Монголдоо нэгэн шинэ үйлдвэрлэл бий болгож олон хүнийг ажлын байраар хангах боломжтой байна.
Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал
Сэтгэгдэл