Урд хөрштэй хил гааль нээлттэй болж нааш цааш зорчих болсон тээр жил хөршүүд маань “Энэ монголчуудын эдэлж хэрэглэж байгааг нь харвал баян ч юм шиг, харин энэ газраас ийм хог зөөж байгааг нь бодохоор ядуу ч юм шиг. Учир нь олддоггүй хачин хүмүүс” хэмээн өөр хоорондоо ярилцдаг байсан гэдэг. Үнэхээр ч тийм л байсан байх. Эр эмгүй булга, торго болсон, эдэлж хэрэглэж, идэж ууж байгаагаасаа эхлээд бийлэгжүү харагддаг байсан биз.
Монголчууд ер нь ганган талдаа хүмүүс. Бас бусадтайгаа барьцах дуртай, нэг талдаа атаархуу гэмээр. Доржийн эхнэр булган шуба өмссөн байвал Дондог ч бас би юугаараа дутахав гэж давж гарах далдхан бодол тээнэ.
Бээжин хотын 100 гаруй мянган оюутантай төрийн өмчийн их сургуулийн захирал ажилдаа унадаг дугуйгаар ирж очдог. Харин Монголд бол 100 мянга байтугай 30 мянган оюутантай улсын сургуулийн захирал хамгийн сүүлийн үеийн загварын хар машин хөлөглөнө. Эс тэгвээс бусдад чамлалттай харагдана.
Яг энэ жишээнээс мөн чанарын том ялгаа харагдана. Унадаг дугуй түгжрэхгүй гэдэг үүднээсээ цаг хэмнэнэ, унасан эзнийхээ эрүүл мэндэд тустай. Бензин тос гэхгүй жинхэнэ эко тээврийн хэрэгсэл. Харин Улаанбаатарын жип хөлөглөдөг захирал ажилдаа ирж очиж байхын тулд дахиад нэг хүн буюу жолооч цалинжуулна. Бензин тос, граж дулаан зогсоол гэхчлэн хөдлөх болгонд мөнгөний тоолуур эргэлдэнэ. Тэр бүхнийг төсвөөс авна.
Цахим орчинд жип унасан, приус унасан адилхан түгжрэнэ гэсэн жиргээ үе үе тараалддаг. Мэлзэх аргагүй үнэн энэ. Орчуулагч П.Бадрал “Цомхон амьдарч энгийн эгэл зүйлээс таашаал авч сур” хэмээсэн нь бий.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэгэнтээ “Бид тансаг хэрэглээний уралдааны хөлд чирэгдэж үрэгдэж хувь хүн өрх бүлээс эхлээд улс орноороо хуримтлал бий болгож чадахгүй асар их өрийн дарамтанд зүдэрч байна. Энэ бол монголчуудад төдийгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болжээ. Хүн төрөлхтний 1000 жилийн хэрэглээг сүүлийн 50-хан жилд хэрэглээд дуусгасан тухай судалгааны дүн байна”гэжээ.
Энэ бүхэн бол хэрэглээг оновчтой болгох тухай сануулга юм. Бид бие биеэ дууриаж хэрэглээ талаасаа бусдын зиндаанд хүрэх гэж эрмэлздэг. Энэ эрмэлзэлд нь санхүүгийн эрх чөлөөгүй байдал ч саад болдоггүй. Зээлтэй хэрнээ нэмж өр тавиад л зорилгоо биелүүлнэ. Ингэх нь аливааг агуулга талаасаа гэхээсээ илүүтэй хэлбэр, харагдах өнгөнд ач холбогдол өгч байгаагийн шинж юм. Монголчууд тансаг хэрэглээ талаасаа галуу дууриаж хэрээ хөлдөөв гэж ярьдаг шигээ амьдарч байна гэе, битгий гомдоорой.
Тэгвэл эдүгээ дэлхий дахинд ийм үзэл хандлагын эсрэг Minimalist үзлийг сөргүүлэн тавих болсон төдийгүй олон улс оронд хүчтэй түгэн дэлгэрч байгаа юм.
Монголд ч өөрийгөө минималист гэж тодорхойлдог олон залуус бий. Тэдний зарим нь олны танил бөгөөд УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ ч гэсэн өөрийгөө минамилист хүн гэж тодорхойлсон байна билээ.
Нийгэмд танигдсан хүмүүс энэ мэт минималист үзлийг сурталчлах үлгэрлэх нь мэдээж нөлөөллөөрөө өргөн хүрээг хамрах сайн талтай. Энэ бол нэг талаасаа амьдралын зөв хэв маяг, зохистой хэрэглээг хэвшүүлэх нэг боломж, мөнгөн хуримтлал бий болгох давуу талтай юм.
Харин нөгөө талаасаа “Минимализм” гэдгийг амьдралын илүү зүйлсийг өөрөөсөө зайлуулж, өөрт чухал зүйлд төвлөрч, өөрийн аз жаргал, сэтгэл хангалуун байдал, эрх чөлөөг олох хэрэгсэл юм гэж тодорхойлж байна.
Хэтийдсэн хэрэглээг зохистой болгох нь эдүгээ дэлхий нийтийн асуудал болоод байна. Үүнийг татварын бодлогоор зохицуулахаар хичээж байгаа. Тухайлбал, Европын бүх оронд тансаг хэрэглээний татвар гээд бий болчихсон байна. Монголд ч гэсэн яагаад болохгүй гэж. Татварын бааз суурийг өргөжүүлнэ гэдэг чинь энэ мэтээс л эхэлнэ биз дээ.
Минимализм бол зөвхөн хувь хүмүүсийн хэрэглээний асуудал биш бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүр ч их хамаатай.
Монголын төрийн байгууллагууд, тухайлбал яам агентлагууд тансаг хэрэглээний зардалд төсвөө дундалдаг.
Шинэ машин, шинэ сандал ширээ, өрөөний засвар тохижилт гээд. Сайд, дарга бүхэн тал шиг цэлийсэн ажлын өрөөтэй. Тоглохгүй хэрнээ бүр төгөлдөр хуур өрөөндөө тавьж гангарсан жишээ ч бий. Ардаа дахиад амралтын өрөө, бие засах газар гэхчлэн. Тэрчлэн үр дүнгүй гадаад томилолт бол тансаг хэрэглээний нэг хэлбэр ч байж мэднэ.
Хэрэв Монголд эдийн засгийн судалгааны байгууллага байдаг, тэгээд төр засгийн байгууллагуудын тансаг хэрэглээний зардлыг тооцож үзвэл томоохон тоо гарах байх.
Минамилист хэрэглээг сөхөн тавих нь хувь хүний гэхээсээ илүүтэй татвар төлөгчдийн мөнгөнд төр хүндэтгэлтэй хэмнэлттэй хандаач, бүсээ чангалахгүй ч гэсэн зохистой хэрэглээ хуваарилалтыг бий болгооч гэсэн санаа сэдлийг өгөх гэснийх юм.
М.Нэргүй
Сэтгэгдэл