Улсын их хурал, хууль санаачлагчид 1994 оны Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ид ярьж байгаа. Энэ хуулийн төсөлд валютын зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн ч алдаа дутагдалтай зүйл нэлээд байна. Хэрэв хууль санаачлагчдын боловсруулсан төсөл энэ хэвээрээ, мэргэжлийн оролцогчид, эдийн засагчид, хуульчдын санал, дүгнэлтийг харгалзахгүйгээр батлагдвал гадаадын хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлнө гэж СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан үзэж байгаа юм. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөлд орж байгаа өөрчлөлтүүдийг эдийн засагчийн байр сууринаас та юу гэж харж байна вэ?
Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэх шаардлага байгаа юу гэвэл байна. Уг хуулийн төслийн ерөнхий санаа нь зөв. Хуульд 1994 оноос хойш олон нэмэлт, өөрчлөлт орсон ч өнөөгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын зах зээлийн тэлэлт, өөрчлөлтөд нийцэхгүй, зарим харилцааг зохицуулж чадахгүй байдал үүсэх болсон. Хууль санаачлагчдын зүгээс зохицуулалтыг нэлээн өргөн цар хүрээтэй авч үзсэн нь өнөөг хүртэл маргаантай байгаа улстөржилтийн үндсэн шалтгаан болоод буй валютын ханшийг хэн зохицуулах ёстой вэ гэдэг дээр тодорхой дэвшил гаргасан. Засгийн газрын үүрэг оролцоог илүү тодорхой болгох, төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгахаас гадна валютын ханшийн тогтвортой байдлыг хангах тал дээр засгийн газар илүү санаачилга гаргаж ажиллах нөхцлийг бүрдүүлсэн гэж харж байна.
Хуульд өөрчлөлт орсноор гарч болох эрсдэл бий юу?
Хуулийн төсөл шинэчлэн батлагдсанаар валютын орох, гарах урсгалыг дэмжих замаар ханшийн тогтвортой байдал үүсэх нөхцөл бүрдэх учиртай. Гэхдээ анхаарал татах зүйлс байгаа юм. Тухайлбал
одоогийн яригдаж байгаа хуулийн төсөлд валютын захын зохицуулалтад төрийн байгууллагуудын оролцоо хэтийдсэн байгаа нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх алхам болохоор байна. Жишээ нь стратегийн орд газрууд төлбөр тооцоогоо Монголбанктай харилцан зөвшилцөх замаар төв банкинд дансаа байршуулах, гүйлгээ хийх заалт байгаа нь арилжааны банкуудын төлбөр тооцоог хянах ёстой төрийн байгууллага-Төв банк өөрөө төлбөр тооцоо хийдэг банк болж болзошгүй хувилбар харагдаж байгаа юм.
Тэгэхээр төрийн зохицуулалт гэж юу вэ гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Төрийн зохицуулалт гэхээр зээлийн хүүг хүчээр тогтоох, валютын ханшийг хүчээр зохицуулах гэж ойлгоод байна. Минийхээр төр бодлогоор валютын урсгалыг тэнцвэржүүлэх, зээлийн хүүг тогтвортой бууруулах нөхцөл бүрдүүлэхийг төрийн оролцоо, төрийн хяналт зохицуулалт гэж ойлгодог. Харамсалтай нь манай зарим хууль батлагдахдаа төрийн оролцоог шууд арга хэрэгслээр ойлгож, албадлагын арга хэмжээг чангатгах байдлаар гардаг. Валютын зохицуулалт дээр энэ асуудал гарч байна, үүнийг зогсоож, хууль санаачлагчид зөв ойлголттой болж, мэргэжлийн оролцогчдын саналыг тусгах ёстой. Стратегийн ордод хөрөнгө оруулагчдын гүйлгээг Монголбанкаар дамжуулах, төв банк нь арилжааны банкны үүрэг гүйцэтгэх мэтээр яригдаж байна. Үүнийг хуулийн төслийн шүүмжлэлтэй тал гэж харж байна.
Хуулийн төслийн 16 дугаар зүйлд Төв банк тодорхой нөхцөлд валютын орох гарах урсгалыг хязгаарлах боломжтой байхаар зохицуулсан байна. Энэ заалт манай улсын хувьд хэр зохимжтой вэ?
Хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “ ... холбогдох журмыг Монгол банк гаргана.” гэж заасан нь маш тодорхойгүй заалт. Ер нь энэ журам ямар ч байдлаар гарсан Монгол улс дахь мөнгөө чөлөөтэй гадагшлуулж, оруулах боломжгүй болох нь гэсэн дүгнэлтэд хөрөнгө оруулагчдыг хүргэж мэдэхээр байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын эрхийг боомилсон үйлдэл гэж гадаад зах зээлд харагдана. Мөн валют болон үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх тухайд санхүүгийн зохицуулах хороо хязгаар тогтоож болохуйц заалт хуулийн төсөлд тусгагдсан нь мөн л чөлөөт эдийн засгийн механизмыг хязгаарлаж буй хэрэг. Хуулийн төсөл сайн шүүгдэж батлагдвал улсын эдийн засагт хэрэгтэй ч дээрх сөрөг заалтууд чөдөр тушаа болохоор байна. Валютын зохицуулалтын тухай хууль энэ хэвээрээ батлагдвал бид шинэ хуулиа сайн уу гээд хүлээж авах ч, гадаад хөрөнгө оруулагчдаа баяртай гээд хаалгаа хаасантай адил зүйл болно. Ингэвэл харамсалтай.
http://www.sonin.mn/news/politics-economy/96905
Сэтгэгдэл