

Буурлууддаа ивээл үзүүлж байгаа юм байх, "энэ жилээс тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож буурууллаа” хэмээн гавъяа байгуулсан "баатар дүртнүүд” хэвлэлүүдээр баахан ярьж бичүүлэв. Баалъя гэвэл бас хэлэх үг байна. Тэтгэврийн хүүг тэглэнэ гэж сонгуулийн шоу хийж нийтээр нь хошгоруулсан хүмүүс бол тэд. Ам таглаж арга ядахдаа 12 хувь болгож байгаа нь тэр юм байх. Гэтэл зүгээр ч эдэлчихгүй нь бололтой тэр хөнгөлөлтийг.
Зээлийн өр ширнээсээ салсан байх, зээлэхдээ тэтгэврийнхээ 70 хувийг л авна гэвэл энэ хөнгөлөлтийг эдэлж болох юм гэнэ. Буурлууддаа зориулж өөрсдөөсөө мөнгө өгөх гэж байгаа юм шиг элдэв нөхцөл, шаардлага, хэм хэмжээ тогтоох нь ахмадуудаа харж үзэж байгаа хэрэг юм байх. Бүр итгэлтэйгээр тэгж тайлбарлаж байна. 30 хувийг нь үлдээж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөл юм байна. Өөрөөр хэлбэл, сар болгон зээлж авалгүй үлдсэн 30 хувиа аваад явах аж. Байж болно. Гэхдээ ахмадуудын хүсч буй гол зүйл бол хүүг "тэглэх” явдал.
Буянаа эдлэх гэсэн буурлууд "хүү” гэдэг "хадны мангаа”-гаас хамгийн их айдаг гэнэ билээ. Учир нь нэгдүгээрт гар дээрээ бэлэн авах гэсэн мөнгөнөөс нь маш их хэмжээгээр нь "хүү”-лээд авчихдаг. Хоёрдугаарт, өтөл насанд хэн хэзээ өөрийгөө тэнгэрт халихыг мэдэхгүй учир үр хүүхдүүдээ хүү, өр төлбөрийн дарамттай үлдээгээд хорвоогоос тайван явахад бэрх гэцгээж байна. Энэ талаар хаа газар таарах ахмадуудаас асуухад үүнээс ч их зүйлийг ярих болно.
Эцсийн бүлэгтээ энэ бүхнээс банк л ашигтай үлддэг. Банкуудын ард "нөгөөдүүл” чинь бий. Өндөр сэнтийтнүүдэд мөнгө хүүлдэг банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ бүхэн байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ зоригтой дуугарч, зоримог алхам хийж чадахгүй хулчийгаад байна уу? Магадгүй, хэн ч ашигтай бизнес санаагаа өргөжүүлнэ үү гэхээс ашгаасаа танахыг хүсэхгүй. Ямар ашигтайг энгийн аргаар бодоод үзье.

300 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийн нэг жилийн хүү нь 648 мянган төгрөг болж байсан гэвэл өнгөрсөн жилийн байдлаар 230.8 мянган ахмад тэтгэвэр авсан гэхээр эдгээр хүмүүс зөвхөн хүүгийн төлбөр гэж банкуудад нийт 149.5 тэрбум гаруй төгрөгийг зүгээр өгчээ. Энэ бол асар том тоо. Энэ их мөнгийг насаараа хөдөлмөрлөсөн ахмад настнуудаасаа шулдаг байх нь. Цаашлаад өөрсдөө бүр нарийн тооцоо хийгээд гаргаад ирсэн ч болно.
Бас нэг асуудал байна. Дөнгөж өндөр настны тэтгэвэрт гараад байтал гэнэтийн байдлаар, эсвэл өвчин эмгэгээр нас нөгчсөн тохиолдолд тэр хүний насаараа хураасан тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижил, ер хэний ч гарт очихгүй. Харин улсын мөнгө болж уусан сарнина. Магадгүй хэн нэгэн тэр мөнгийг ямар нэгэн аргаар янз бүрээр ашиглаад явахыг бид таашгүй. Энэ төрлийн хэргүүд аль эртнээс манайд дэлгэрчихсэн гэдгийг хэвлэлүүдээр бичээд л байдаг. Гэвч хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өнгөрдөг.
Хөдөлмөрлөж байх үедээ төрт ёсоо, хуулиа дээдэлж ирсэн иргэний өмнө төр ч гэсэн эцэст нь адил хариу барих учиртай сан. Энэ талаар олон жил яриад ч, зарим нь шаардаад ч нэмэргүй. Тэр ч бүү хэл олон улсын жишгээр тэтгэврийн зээл гэдэг зүйл байх учиргүй хэмээн ярьж байна цаана чинь.
Хэрэв зээлээс хүү заавал авмаар байвал нийгмийн даатгалд төлж байгаа мөнгөн дүнд ч одооноос хадгаламжийн хүү тооцох ёстой биш гэж үү? Банкууд үүгээр маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа. Ард түмний эрх ашигт нийцсэн хуулийг санаачлан дэмжиж батлахгүй юм бол УИХ-д сонгогдсон гишүүд өөр юу зохицуулах гэж өндөр сэнтийд залрана вэ?
Хойчийн амар амгалан амьдралынхаа төлөө залуу, идэр насандаа аль чадлаараа хийж бүтээж, үр шимээсээ хуваан өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож, хожмын тэр өтөл насандаа хүний гар харалгүй буянаа эдэлж сууна даа гэж хүн бүр итгэж болох, үгүй дээ гэхэд үрс хойчдоо үлдээх хөрөнгө минь болно доо хэмээн бүрэн найдах тэр сайхан нийгмийг төр засаг минь хэзээ цогцлоох юм бол доо.
Сэтгэгдэл