Удахгүй өвөл болно. Хамгийн анх Монголд гарсан ардчилсан хувьсгал хавар биш, өвөл болж байсныг хэн бүхэн санаж байгаа байх. Тэр үед л өнөөгийн улс төрчид гадаа гудамжинд зогсож ардчилалд уриалан дуудаж, Монгол орныг коммунист тогтолцооноос салгахыг шаардаж байсан нь олон хүний сэтгэлд тодхон үлдсэн. Мөн тэр үед гадаа гудамжинд зогсоод орилж явсан хүмүүсээс өнөөдөр олон хүн төрийн өндөр сэнтийд заларсан гэдгийн бид бүгдээрээ мэднэ.
Үүнийг захаас аваад нэрлэвэл өнөөгийн Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УБ хотын захирагч асан Э.Бат-Үүл гээд хөвөрч өгнө. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлэхэд эдгээр хүмүүс монголчуудыг ардчилалд уриалан дуудсаныхаа буянд ардчиллаас асар их хожсон. Гэхдээ тухайн үед анхны ардчилсан холбоог байгуулалцаж явсан хүмүүсийг дүр эсгэсэн ардчилагчид гэж нэрлэвэл үнэхээрийн алдас болно. Харин ардчилалд шилжсэнээс хойш түүнээс завшигчид олон гарсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
Ямар ч байсан хамаг ажил үйлсээ Москвагаар заалгадаг байсан Монгол улс өнөөдөр өөрчлөгдөж, шал өөр улс болсон гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Өнөөгийн Монгол улс ардчилсан улс мөн үү биш үү гэвэл хүн бүр л янз бүрээр хэлэх болов уу. Монголчуудын нэг сонин араншин байдаг. Тэр нь юу вэ гэхээр ардчилал гэхээр гадаа гудамжинд гарч орилж хашхирах, эсвэл цагдаа нартай зодоон нүдээн хийх ухааны юм ойлгодог. Нэг үгээр хэлбэл ардчилалд хүрэхийн тулд заавал ямар нэгэн хүчирхийлэл үйлдэж байж, ардчилал бий болдог гэж муйхраар сэтгэдэг.
Монгол улсыг дэлхийн ардчилсан улс орнуудтай харьцуулбал тэд нарын хаана нь ч хүрээгүй гэдгийг өнөөдөр ямар ч улс төр судлаачид хүлээн зөвшөөрнө. Юун тэр Англи, Америк. Тэдгээр улс орнууд өнөөгийн ардчилсан нийгэмд хүрэхийн тулд ямар их бартаат замыг туулж байж хүрсэн билээ дээ. Тэр утгаараа Монголын ардчилал бол нялх ардчилал гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл. Ямар сайндаа л АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монголд айлчлах үеэрээ Монголыг ”ардчиллын лаборатори улс” гэж нэрлэж байхав.
Энэ үгнээс ургуулаад бодоход өнөөгийн манайхны дагаж дуурайгаад байдаг,үлгэр жишээ аваад байдаг тэр барууны орнууд биднийг ямархуу янзаар дүгнэж байгаа нь илт ойлгомжтой харагдаж байна. Коммунист тоталитари дэглэмээс ардчилсан нийгэмд хүрсэн,тэр нийгэмд хүргэхэд хамаг амь амьдарлаа зориулсан жинхэнэ бодит жишээ өнөөгийн дэлхий ертөнцөөр дүүрэн байдаг. Жишээ нь хуучин бидний ах дүү социалист орнууд гэж нэрлэдэг байсан орнуудын бэлээхэн жишээ зөндөө байж байна. Үүний нэг тод жишээг нэрлэвэл Чехийн ардчиллын алтан хараацай, гэгддэг тус улсын Ерөнхийлөгч агсан Вацлав Хавелийг нэрлэж болно.
Вацлав Хавел өөрийн бүхий л ухамсарт амьдарлаа Чехийн ард түмний сайн сайханд зориулсан агуу хүн байсан. Өмнөд Солонгосоор яривал Ерөнхийлөгч асан Ким Дэ Жунтай адилхан хүн. Харин манайд бол нөхцөл байдал шал өөр байдаг. Яасхийж байгаад нэг дарга даамал болчихдог юм лээ гэсэн шүү юм гэсэн нэг хөгийн юм боддог. Өнөөдөр ийм улсуудыг давраасаар байгаад Монгол улс ямар төр засагтай болсныг бид бүгдээрээ мэднэ. Улс төрд шунаж баяжих хүсэлтэй иймэрхүү хүмүүсийн тухай яриад байвал дуусахгүй.
Тэдний зарим нь өнөөдөр бүр төрийн ордон дотор ороод суучихсан хууль батлаад сууж байна. Хамгийн тодорхой жишээг хэлбэл иргэний хөдөлгөөнийхөн гэж сэтгэцийн өвчтэй гэхэд хилсдэхгүй хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд жирийн ард түмний сэтгэл зүйгээр тоглохдоо үнэхээр гаргууд. Хамгийн наад захын жишээг хэлэхэд л одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга гээд захаас нь аван нэрлэж болно. Тэд анх гудамжинд орилж хашхирч явахдаа дандаа Монголын ард түмний сайн сайхны төлөө гэж ярьж явсан. Тэрнийхээ буянд тэд нарын дийлэнх нь дарга даамал, хурган дарга, бүр УИХ-ын гишүүн хүртэл болж амжсан.
Харин УИХ-ын гишүүн болж, төрийн ордонд суусан хойноо тэд харин хэнийг ч тоож хараагүй нь үнэн юм даг. Түрүүний нэр дурдсан Г.Уянга гэж айхавтар хүүхэн байдаг. Тэр хүүхэн гудамжинд олон жил орилж хашхирч, Монголын ард түмнийг хувьсгалд уриалж явсан. Түүнийхээ хүчинд УИХ-ын гишүүн ч болсон. Харин одоо тэр хүн хаана байгаа билээ. Буцаад нөгөө янз бүрийн хороо найруулаад орилоод явж байна. Ийм хүмүүсийг ардчиллын төлөө цогтой тэмцэгчид гэж нэрлэж болох уу ? Харамсалтай нь үгүй юм. Тэд зүгээр л ардчилал гэдэг үгээр гул барьж, төрийн сэнтийд суухыг хүсдэг дүр эсгэсэн тэнүүлчид юм. Харин дээр дурдсан Вацлав Хавел, Ким Дэ Жун нар бол үнэхээр хамаг амьдарлаа ардчиллын төлөө зориулж, эх орныхоо төлөө үхэн хатан зүтгэсэн суут хүмүүс мөнөөс мөн байсан. Тийм хүмүүс шиг байж чадаагүй байж, хоёрын хооронд ардчилагч болж жүжиглэх ямар ч хэрэггүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд хоёрын хооронд хэнд ч хэрэггүй чухал царай гарган, ардчилагчдын дүр эсгэж хүчирхийлэлд уриалан дуудаж байгаа ийм хүмүүсээс эртхэн татгалзаарай гэж уриалмаар байна. Эс тэгвэл үр дагаварыг нь бид дахин олон жил хангалттай амсах болно гэдгийг хэлье.
Ж.Батдорж
Сэтгэгдэл