Шүүхээс Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг торгох шийтгэл ногдуулав


Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан. Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.

 

Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.