Л.Гансүхийн шүүх хурал дээр юу болсон бэ?


Л.Гансүхийн шүүх хурал дээр юу болсон бэ? Шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв

Л.Гансүхийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гараад байсан. Өмнө нь гурван  удаа хойшлогдоод байсан уг шүүх хурал ШШЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид болох товтой байсан хэдий ч Л.Гансүхийн хүсэлтээр шүүх танхимд эхэлсэн нь энэ байлаа.

Гэсэн хэдий ч өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэн байж,  хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй сурвалжлах боломжийг олгосон  уг шүүх хурлын танхимд зураглаач, сэтгүүлч нар багталцахгүйд  хүрсэн юм. Ингэснээр нээлттэй шүүх танхимын дэлгэцнээс  хэвлэлийнхэн шүүх хуралдааныг үзүүлэхээр болж, танхимаас гаргасны дараа шүүгдэгч Л.Гансүх нарын шүүгдэгчид  танхимд орж ирэв.

Шүүх хуралдаан өглөөний  10:30 цагт эхлэхээр болж, уг эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчээр Х.Идэр,  шүүгч Ш.Отгонбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, улсын яллагчаар Л.Батжаргал, н.Баярбилэг нар ажиллаж буйг зарласны дараа шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.

Учир нь, уг хэргийг анх мөрдөн байцаалтын шатанд орох үеэс нь Л.Гансүхэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж буй  н.Цэрэнжав өмгөөлөгч өөр хэргийн шүүх хуралдаан дээр эл өдөр ажиллаж таарсан аж. Хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд  тавьсны дараа хохирогч  талаас  удаа дараа санаатайгаар шүүх хуралдааныг хойшлуулж буйд гомдол мэдүүлсэн юм.

Шүүх хуралд ерөнхий сайд асан Н.Алтанхуяг,  "Нүүрс" хөтөлбөрийн анхны гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурсан  н.Жигжид нарын чухал гэрчүүд ирэх байсан ч энэ өдөр танхимд ирсэнгүй. Харин шүүх хуралдааны дунд үеийн завсарлагын цагаар Н.Алтанхуягийг засаг захирч байх үед зөвлөх нь байсан кёкүшюзан  Д.Батбаяр орж ирээд гарсныг онцлууштай. Гэрчээр ирээгүй гэдгээ харин сэтгүүлч нарт мэдэгдсэн юм.

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Л.Гансүхийн зүгээс "н.Цэрэнжав өмгөөлөгч энэ хэргийг анхнаас өмгөөлсөн туршлагатай хүн. Би шүүх хурлыг н.Цэрэнжав өмгөөлөгч байгаа үед хийх хүсэлтэй байна" хэмээн мэдүүлсэн. Харин шүүх бүрэлдэхүүн түр завсарлага авч, уг хүсэлтийг хэлэлцэн үзээд, Л.Гансүхэд өөр өмгөөлөгч байгаа тул  хойшлуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гарснаар шүүх хуралдаан эхлэхээр болов.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч талаас гаргасан хүсэлтийг харгалзан үзэж, tv9, eagle телевизүүдийг шууд дамжуулах эрхээр ханган ажилласныг энд онцолж байна.

 

"Хар тамхины хэргээр шалгагдаж буй прокурор Х.Тамирын ах шүүгч Х.Идэрээр шүүлгэхгүй" 

Шүүх хуралдааны завсарлага дуусаж, үндсэн танилцуугууд явж эхлэх үед шүүгдэгчийн өмгөөлөгч дахин гомдол гаргав.  Тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасандорж "Шүүх бүрэлдэхүүн  хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөл авах эрхийг та бүхэн зориуд хаалаа" гэсэн тайлбар хийж, мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан зарим  материал алга  болсныг шүүхээс нэхэмжлээд амжсан.

Түүнчлэн  Л.Гансүхийг товлолт мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаанд цаг хожимдолгүй  ирсээр байтал "Оргон зайлах магадлалтай" хэмээн  хорьсон нь баримтгүйгээр хүний эрхэнд халдсан явдал гэдгийг онцолсон юм. Л.Гансүхийн өмгөөллийн асуудлаар сүүлийн үед хэвлэл мээддлийн хэрэгслээр байнга дуугарах бол Ц.Баасандорж өмгөөлөгчийн  үг энэ хүрээд  зогсчихсонгүй.

Цааш нь үргэлжлүүлэхдээ, уг хэргийн шүүгч нар удаа дараа солигдож буй хэдий ч ерөнхий шүүгч Х.Идэр ганцаар үлдсээр байгааг тодотгов. Улмаар Х.Идэр нь хар тамхины хэргээр шалгагдаж, олон хавтаст хэрэг нуун дарагдуулсан болох нь шалгалтаар илэрсэн прокурор Х.Тамирын ах болохыг зарласан юм. Шүүгч Х.Идэр нь энэ хэрэгт шууд ял өгөх зорилгоор хандаж, илтэд АТГ-ын талд орж буйг онцлон, шударга шүүх ажиллагаа явагдахгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ингэснээр шүүгдэгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буйгаа албан ёсоор  амаар өчсөн юм. Харин шүүгдэгч нарын зүгээс  өмгөөлөгчдийг эл хүсэлтээ бичгээр уламжилахыг хүссэнээр дахин хоёр дахь завсарлагаа авахад хүрэв.

Чилийтэл таван цаг хүлээлгэв

Өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлт гаргах бичиг бүхэл бүтэн таван цагийн турш хүлээлт үүсгэв. Энэ хооронд  шүүгдэгч нар Тахарын албаныхны хяналтан дор ар гэрийнхнийхээ авчирсан хоол ундыг идэцгээсэн бөгөөд Л.Гансүхийн хувьд баахан яриасаг харагдаж байлаа.  

Тэрээр "Багануурынхан яахав дээ. АТГ-ынхан янз бүрээр шахаж асуугаад байхаар шоронд орох нь гэж айгаад Л.Гансүх л заавар өгсөн гээд хэлчихсэн байгаа. Сэтгэл санаа нь янз бүр байснаас үүдэн мэдүүлэг нь ч нэлээд зөрсөн. Тиймээс л заавал шүүх хуралд байлцаж, үнэн мөнөө шүүгчийн өмнө мэдүүлээсэй гэж хүсэж байгаа" гэхчлэн ярих нь дуулдана.

Л.Гансүхийн хувьд хоригдох хугацаандаа болон өмнө нь өөрийн цуглуулсан нотлох баримтуудаа дэлгэцэн дээр үзүүлэн ярихаар бэлтгэж ирснээ шүүхийн ажилтнуудад танилцуулж байсан.

Ингээд хоёр дахь удаагийн таван цагийн завсарлага дуусаж, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэхдээ  шүүгдэгч талын  гаргасан  шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзэж, захирамж гаргаснаа илтгэв. Улмаар хуралдааныг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ үед танхимд өмгөөлөгч Ц.Баасандорж нарын суудал эзгүй хэвээр байв.

Танхимд шүүгдэгч талын өмгөөлөгчдөөс н.Шаравнямбуу хүслэтээ хүсэлтээ өгөөд, эргэн ирсэн байлаа. Тэрээр "Шүүхийн ерөнхий шүүгч өөрөө өөрийнх нь  эсрэг гаргасан хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэх нь хэр зохимжтой бэ" гэсэн асуултыг тавьж, Үндсэн хуулиар олгогдсон хүний өмгөөлүүлэх эрхэнд ноцтойгоор халдаж буйг сануулан, хуралдааныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

Харин шүүгч Х.Идэр "Та бүхнийг шүүх ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Өмгөөлөгч Ц.Баасандорж хүсэлтээ бичих нэрийдлээр гараад одоо болтол ирээгүй байна" гэсэн сануулга өгөөд амжив. Улмаар улсын яллагч болон хохирогч талын өмгөөлөгчийн зүгээс  хувь хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнх нь дагуу шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй явуулах ёстой гэж үзэн хойшлуулах хүсэлт тавьсан юм. Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж нарыг шүүх ажиллагааг хүндэтгэн үзээгүй шалтгаанаар арга хэмжээ авах санал оруулав.

 

Ц.Баасандорж нарыг 768 мянган төгрөгөөр торгоно

Шүүх бүрэлдэхүүн улсын яллагч болон хохирогч талын өмгөөлөгчийн  гаргасан хүсэлтийг хэлэлцэн үзээд Л.Гансүх нарын хэргийн шүүх хуралдааныг  энэ сарын 15-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах тогтоол гаргажээ. Нэгэнт өмгөөлөгч байхгүй хойно  шүүх цаашаа явах боломжгүй.

Тогтоолд шүүгдэгч нарыг хорих шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэнийг тусгаснаас гадна шүүх хуралдааныг хүндэтгэн үзээгүй  гэх шалтгаанаар Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв  дахин нэмэгдүүсэнтэй тэнцэх мөнгөөр торгохоор тусгагдсан байлаа. Энэ нь 768 мянган төгрөг юм. 

Ийнхүү удаан хугацаанд хүлээлт үүсгэсээр буй  шүүх хуралдаан  эцэстээ өмгөөлөгч нарыг торгох ажиллагаагаар өндөрлөж, Л.Гансүх нарын хорих шийдвэр хүчинтэй хэвээр үлдэв. Олон нийт энэ хэргийг хэрхэн шийдэгдэхийг чих тавин чагнаж буй.

Монгол Улсын нэрийн өмнөөс явагддаг шүүх хурал ингэж бүтэн өдрийн турш хүлээлт, түр завсарлагын дунд өрнөж, өмгөөлөгч нар зориудын байдлаар шүүхийн ажиллагаанд гацаалт үүсгэх замаар өндөрлсөн нь хэн хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь тодорхой. Шүүх нь шүүх шиг байж, өмгөөлөгч нь өмгөөлөгч байх ёс Л.Гансүхийн хэрэг дээр жинхэнэ утгаараа замарч буйг энд зориуд  тэмдэглүүштэй. 

Ж.Мядагбадам

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.