2016 онд оруулж байсан нэгэн нийтлэлийг дахин оруулж байна. Манай уншигчид Афганистанд байлдаж байсан Зөвлөлтийн цэргүүдийн тухай оросын уран бүтээчдийн “9 дүгээр рот” гэдэг уран сайхны киног үзсэн байх. Болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн энэ кинонд оросын цэргүүд хэрхэн эцсээ хүртэл баатарлагаар тулалдаж байгааг тод харуулдаг.
Энэ кинонд гардагаас дутахгүй гайхамшигт үйл явдал 19 жилийн өмнө Чеченьд болж байжээ. Энэ бол чечений салан тусгаарлагчдын давуу хүчний эсрэг Оросын агаарын шүхэр десантын 76 дугаар дивизийн гвардын 104 дүгээр шүхэр десантын хорооны 2 дугаар батальоны 6 дугаар ротын цөөн тооны цэргүүд нүүр тулж, баатарлагаар тулалдсан түүх юм.
Зарим хүмүүс “776 дугаар өндөрлөгт” болсон гэдгээр нь сайн мэдэх энэ тулалдаан Чеченийн II дайны үед буюу Улус-Кертийн районыг оросын цэргийнхэн өөрийн хяналтад оруулахаар явуулж байсан байлдааны операцын хүрээнд явагдсан юм.
2000 оны 2 дугаар сард Оросын холбооны цэргийн хүчин Чеченийн нийслэл Грозный хотоос Шатов болон Веденогийн чиглэлд ухарч байсан Чеченийн салан тусгаарлагчдын (нэлээд олон гадаадын хөлсний цэргүүдийг багтаасан) томоохон хүчийг бүсэлж устгах зорилготой цэргийн тусгай ажиллагаа явуулав.
Сарын эхээр Чеченийн салан тусгаарлагчийн томоохон бүлэг оросын цэргүүдийн бүслэлтийг сэтлээд Грозный хотын өмнөх уул руу гарч амжлаа.
2000 оны 2 дугаар сарын 29-ний өдөр, Оросын Батлан хамгаалахын сайд маршал Игорь Сергеев өөрийн засгийн газрын Чеченийн дайн албан ёсоор дууссан тухай албан ёсны мэдэгдэл хийснээс хойш хэдхэн цагийн дараа Псков нутгаас ирсэн агаарын шүхэр десантын 76 дугаар дивизийн 6 дугаар ротын дайчид Чечень дэх гадаадын цэргүүдийг удирддаг Ибн Аль-Хаттабын тэргүүлсэн ухарч яваа дайсны цуваатай тулгарч тулалдсан ба улмаар гол хүчнээсээ таслагдсан байна.
Тулалдаан шөнийн турш үргэлжилж уг өндөрлөг дээр байсан оросын цэргүүдийн байрлал дайсны давуу хүчний дайралтад эзлэгдэж, ротын бараг бүх цэргүүд амь үрэгдсэнээр дууссан. Энэ тулалдаан болсоны дараагаар тодорхойгүй зүйл их үлдсэн юм.
Тулалдаан: Тус районд үүрэг гүйцэтгэж байсан Оросын шүхэр десантын тактикийн бүлэглэлд багтаж байсан хороо хүртэл хүчтэй томилгоот хүчний үндсэн үүрэг нь ухарч буй Чеченийн салан тусгаарлагчийн замыг таслах ёстой байлаа.
Энэ томилгоот хүчний бүрэлдэхүүнд 76 дугаар дивизийн гвардын 104 дүгээр шүхэр десантын хороо, Спецназ, “ГРУ” болон “Вимпел” зэрэг шилдэг анги нэгтгэлүүд багтаж байв. 2 дугаар батальоны 6 дугаар ротын десантын цэргүүд мөн адил энэ хүчний нэг бүрэлдэхүүн хэсэг болж байсан.
Ротын захирагч нь хошууч Сергей Молодов байсан хэдий ч тэр энэ албан тушаалд томилогдоод ганцхан хонож байсан тул үүрэг хүлээж авсаны дараа батальон захирагч дэд хурандаа Марк Евтюхин өөрөө биечлэн цэргүүдээ удирдаж тулалдаанд оролцжээ.
Түүний мэдэлд тагнуулын салаа, артиллерийн галын ажиглалт, засварын бүлэг багтаж байв. Рот 29-ний өдрийн нар жаргаж, өтгөн манантай үед ухарч яваа Чеченийн нэлээд том бүлэгтэй гэнэт тулгарсан байна.
Гэхдээ эхлээд 20 орчим тооны хүнтэй босогчдын туршуулын бүлэг гэнэт оросын цэргийн байрлалын ар талаас довтолсон, удалгүй дайсны тоо улам нэмэгдэж бүслэлтэд оржээ. Бүслэлтэд тулалдаж байхдаа нэлээд хохирхол үзсэний дотор хошууч Молодов алагдав.
Үлдсэн цэргүүд хүчээ бүлэглэж 776 дугаар өндөрлөг рүү ухран гарч, хальт газар ухаж хориглолт зохион байгуулжээ. Оросууд радио холбоогоор хорооны штабтай холбоонд орж хороонд хүч хавсруулж өгсөн артиллерийн дивизионы өөрөө явагч 120 мм-ийн миномётын галын дэмжлэг авч байсан.
Мөн “Ми-24” дайралтын хос нисдэг тэрэг ойрын зайн галын дэмжлэг үзүүлэхээр тулалдаан болж байсан газар руу ниссэн боловч замдаа дайсны хүнд калибрын пулемётын галд өртөн буцсан байдаг
Яг энэ үед батальон захирагчийн орлогч, хошууч Александр Доставалов 4 дүгээр ротын 14 цэргийг ахалж ирсэн нь өндөрлөг дээр хориглож байсан цэргүүдэд үзүүлсэн цорын ганц бодитой тусламж болсон байдаг.
Өөрийн бүслэгдсэн цэргүүдийг аврахаар оролдож байсан 1 болон 3 дугаар ротууд, түүнчлэн 4 дүгээр ротын үлдсэн цэргүүдийн ажиллагаа бүгд амжилтгүй болж байлаа.
Эцэст нь Чеченьчүүд оросуудын байрлалыг эзлэхээр эцсийн дайралт хийхээс өмнөхөн хүнд шархадсан артиллерийн ажиглалтын бүлгийн дарга, ахмад Романов өөрийн байрлал дээр артиллерийн “гал дуудсан” байна.
Оросын талын мэдээлж буйгаар бол 90 хүнтэй ротоос 84 нь, түүний дотор бүх офицерууд алагдаж, 6 цэрэг хүнд шархадсан боловч амьд үлдэж чаджээ.
Тулааны дараа болсон үйл явдлууд: Ийм олон тооны цэргээ нэг дор алдсан нь оросын цэргийн удирдлагыг тун эвгүй байдалд оруулав. Тийм учраас Батлан хамгаалахын сайд, Шүхэр десантын цэргийн дарга, Холбооны цэргийн хүчний командлагч нар эхэндээ тулааны үеэр 31 цэрэг алагдсан гэж мэдээлж байв.
Харин хэд хоногийн дараа аргагүйн эрхэнд ротын 84 офицер, цэргүүд алагдсан гэдгийг батлаад, зарим хохирол нь өөрийн артиллерийн галд өртсөнөөс болсон гэж мэдээлжээ. Харин дайсны талын үзсэн хохирлын талаар хоорондоо зөрөөтэй олон янзын мэдээ бий.
Тулалдаан болсоны дараах өдөр нь Чечень дэх Оросын холбооны улсын цэргийн хүчний командлагч, генерал Г.Трошев дайралтад 1000 босогчид оролцсон гэж мэдэгдэж байсан. Удалгүй энэ тоо өссөөр бүр 2500 орчим тооны дайсны хүч дайрсан бололтой.
Сүүлд “Улаан од” сонинд уг өндөрлөгт болсон тулалдаанд дайсны 400 орчим зэвсэгт дайчид алагдсаны 200 орчим нь 776 дугаар өндөрлөг дээр байсан гэж мэдээлсэн билээ. 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар 63 цэрэг “Эр зоригийн төлөө” одон, 22 цэрэг (13 офицер, 9 ахлагч) ОХУ-ын “Баатрын алтан таван хошуу”-аар шагнасан юм.
Харин эдний дотроос амьд үлдэж ОХУ-ын баатрын таван хошуугаа гардаж авсан ганц цэрэг бол ахлагч Александр Супонинский байсан юм. ЗХУ-ын цэргийн хүчин Афганистан улсад явуулсан байлдааны ажиллагааны 10 жилийн хугацаанд нийтдээ 68 хүнд баатрын алтан таван хошуу гардуулж байсантай харьцуулахгүй олон хүнийг шагнасан явдал болсон билээ.
2013 онд тулалдаан болсон газрыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр очиж үзжээ. 2008 онд “Эх орноо хамгаалагчдын өдөр” болохоос нэг хоногийн өмнө Грозный хотын нэг гудамжийг “84 Псковын агаарын десантын цэргүүдийн нэрэмжит” болгосон байдаг. 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар Псков хотод зочлон шүхэр десантын цэргүүдэд зориулж босгосон хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн байна.
Энэ үеэр ерөнхийлөгч В.Путин амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд хандаж хэлсэн үгэндээ “6 дугаар ротын цэргүүдийн баатарлаг үйл хэрэг нь Орос улс хэзээ ч ялагдахгүй гэдгийг дэлхий дахинд батлан харуулсан билээ, тийм хүнд нөхцөлд бидний зоригт хөвгүүд эх орныхоо төлөө эцсийн цусаа дуустал тулалдсаныг бид мартах учиргүй” гэсэн билээ.
Дэд хурандаа Р.Энхболд
Сэтгэгдэл