Х.Энхжаргал: ШУТИС судалгаанд суурилсан сургууль болох зорилт тавьсан


 

ШУТИС-ийн дэд захирал, доктор, профессор Х.Энхжаргалтай цаг үеийн  асуудлаар ярилцлаа.

 

 -Та сургуулийнхаа талаар товч танилцуулна уу?

-Манай сургууль анх 1969 онд байгуулагдсан. Монгол улсад анх МУИС-ийн бүрэлдхүүнд 1959 оноос эхлэн барилгын инженер, аж үйлдвэрийн инженер эдийн засагч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр манай сургуулийн түүх эхэлдэг. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд манай их сургууль 60 гаруй мянган инженерийг эх орондоо бэлтгэн гаргаж, төгсөгчид маань Монгол улсын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ирлээ. Өнөөдөр манай сургуульд 100 гаруй мэргэжлээр 25000 орчим бакалавр, 5000 орчим магистр, докторант оюутан суралцаж, 1200 гаруй багш профессор, 1000 орчим ажилтан ажиллаж байна. Манай сургууль улсдаа анх удаа сургалтын кредит системийг нэвтрүүлж, судалгааны профессорын багыг ажиллуулсан. Мөн их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлж, зайн болон электрон сургалтын технологийг нэвтрүүлсэн зэрэг олон амжилтаараа бусад их сургуулиудаа манлайлан ажиллаж байна. Энэ нь манай их сургуулийн үе үеийн удирдлага, хамт олны олон жилийн ажлын үр дүн бахархал юм.

-ШУТИС-ийн хэтийн зорилт, төлөвлөгөөний талаар ярина уу?

 -Манай сургууль БСШУЯ-тай хамтран үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөгөө батлан гаргасан. Өнөөдөр ШУТИС нь дэлхийн болон азийн ижил төстэй их сургуулиудын аль төвшинд байгаа талаар үнэлгээг гаргахаар ажиллаж байна. Энэ нь цаашид манай сургууль ямар зорилго төлөвлөгөөтэй үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэгтэй ихээхэн хамааралтай юм. Энэ хичээлийн жилд манай ШУТИС-ийн хэмжээнд нийтдээ 27000 бие бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн удирдлагын хувьд БСШУЯ-аас баталж өгсөн орон тооны бүтцийн дагуу ажиллаж байгаа. Үүнд ШУТИС-ийн Ерөнхий захирал, Сургалт оюутны асуудал эрхэлсэн захирал, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал, ШУТИС-ийн хөгжил хариуцсан захирал, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцаа хариуцсан захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Бүтцийн хувьд гэвэл Захиргаа мониториингийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Эрдэм шинжилгээ инновацийн газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар гэсэн бүтэцтэй байгаа.

-ШУТИС жилд хэдийн хэрийн орлоготой ажилладаг вэ?

 -Ерөнхийдөө манай сургууль жилд сургалтын төлбөрөөс 40-д тэрбум төгрөгийн орлого олдог. Сургалтын төлбөрийн хувьд гэвэл оюутнууд өөрсдөө хувиараа төлөх ёстой байдаг. Мэдээж төрийн болон төрийн бус байгууллагуудаас зохих хэмжээний тэтгэлэгүүдийг оюутнуудад олгож байгаа. Төрөөс мөн зохих хэмжээний зардлыг бидэнд өгдөг. Сүүлийн жилүүдэд БСШУЯ-аас манай сургуульд эрдэм шинжилгээний ажил болон сургалтын лаборторийг шинэчлэхэд зориулж 7-8 тэрбум төгрөгийг олгосон. Мөн бусад төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжээд явж байна. ШУТИС-ийн харьяанд нийт 7 сургууль байдаг. Мөн манай сургууль 3 оюутны байртай.

-Сургуулийн үндсэн үйл ажиллагааны талаар ярина уу?

 -Манай сургууль үндсэндээ сургалт судалгааны үйл ажиллагаа явуулдаг. Сургалтын тухайд бид бакалавр, магистр, доктор, ахлах сургууль, Коосэн технологийн сургууль гэсэн нийт 5 сургалтыг явуулж байна. ШУТИС-ийн хувьд эрдэм шинжилгээ, судалгааны ажил сайн явагддаг гэж хэлж болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд инновацид суурилсан судалгааны ажлыг эрчимтэй явуулж байна. Мөн манай сургуулийн хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг эрдэм шинжилгээ, судалгааны салбар бүрдүүлдэг. Нөгөө талаар бид гадаадын ижил төстэй 18 их дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна. Үүний тодорхой нэг жишээг дурьдвал Японд 1000 инженер бэлтгэх хөтөлбөр юм. Энэ үндсэн дээр бид ойрын хугацаанд 350 оюутныг Япон улсад бакалаврын хөтөлбөрөөр сургана. Энэ нь хоёр дээр нэмэх хоёр гэсэн системээр хэрэгжих юм. Өөрөөр хэлбэл эхний хоёр жилдээ Монголд сураад дараагийн хоёр жилд Япон улсад сурна гэсэн үг. Үүнийг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газартай самурай бондын зээлээр сургахаар тохирсон. Мөн манай сургууль Хятад, ОХУ, БНСУ, ХБНГУ, АНУ зэрэг бусад улс орны их дээд сургуулиудад оюутан сургаж байна.

-Тэгвэл сургуулийн захирал болон багш,ажилчид хэдий хэрийн цалин авдаг вэ? Энэ талаар ярихгүй юу?

 -Манай сургуулийн удирдах зөвлөл бидний цалинг тогтоож өгдөг. Профессор, үндсэн багш, дагалдан багш нарын хувьд тус тусдаа өөр өөр цалингийн зэрэглэлтэй. Багш нарын дундаж цалин 1 сая 200 мянга орчим байгаа. Миний хувьд 1 сая 500,600 мянган төгрөгийн цалин авдаг.

-Сургуулийн урсгал зардлын талаар ярьвал?

 -Урсгал зардлын хувьд бид ихэнхийг нь оюутны сургалтын төлбөр болон бусад эх үүсвэрээс бүрдүүлдэг. Мөн сургуулийн засвар болон бусад зардлыг БСШУЯ-аас гаргаж өгч байна.

-Өнөөдөр ШУТИС-ийн оюутны нэг жилийн төлбөр хэд байгаа вэ?

 -Сургалтын төлбөрийг кредит оноогоор тооцож авдаг. Нэг оюутны сургалтын төлбөр 1 сая 900 мянган төгрөг байна.

-Танай сургуулиас ямар ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ?  Энэ талаар ярина уу?

 -ШУТИС-ийн хувьд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр олон байгаа.  Яг одоо Азийн хөгжлийн банкны  ”Үр
дүнд суурилсан боловсрол” гэсэн төсөл хэрэгжээд явж байна. Энэ төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа.
Цаашид бид 26 төсөл хөтөлбөр хэрэгжүүлхээр ажиллах болно. Бид эдгээр төсөл хөтөлбөрт аль болох олон багш эрдэмтдийг хамруулж, тэднийг чадваржуулхад ихээхэн анхаарч ажиллана.

-ШУТИС-д тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

 -Хамгийн наад зах нь хөрөнгө мөнгөний асуудал байна. Оюутны сургалтын төлбөрийг БСШУЯ-тай зөвшилцөж, инфляцийн түвшингээр тодорхойлдог учраас энэ тал дээр бага зэрэг асуудлууд байгаа. Тийм болохоор хэрвээ төр засаг маань улс орныхоо эдийн засгийг сайжруулаад хэвийн болгоод ирвэл төрийн өмчийн энэ сургуулиудаа харж үзэж, суурь судалгаанд зориулах хөрөнгө мөнгө гаргаж өгөх болов уу гэж итгэж найдаж байна.

-ШУТИС-ийн амжилт бүтээлийн талаар ярьвал?

 -Манай сургууль ”Багшийн хөгжлийн төлөө” гэсэн уриатайгаар маш олон ажил хийж хэрэгжүүлсэн. Мөн манай сургууль саяхан олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Энэ нь тухайн оюутан дэлхийн аль ч улс оронд өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллах боломж бүрдэж байна гэсэн үг юм. Цаашдаа бид ойрын 3.4 жилдээ багтаж нийт 58 хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магдалан итгэмжлэх хөтөлбөрт оруулах зорилт тавин ажиллаж байна.

  -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. 

  Ж.Батдорж 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.