Бүрэн эрхийн чинь хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ, эрх баригчид аа


Хүйтний эрч чангарч, утаа хэмээх урилгагүй зочин нийслэлчүүдийн хаалгыг цөм өшиглөн орж ирлээ. Уг нь жил бүрийн энэ үед Ерөнхий сайд, хотын дарга тэргүүтэй улстөрчид ээлжлэн агаарын бохирдол хамгийн ихтэй цэгүүдийг зорьж, утаатай “танилцан”, сүржин сүржин мэдэгдэл хийдэг сэн. Энэ уламжлал өнөө өвөл эрх баригчдын талцал, хэрүүлд дарагдан мартагдав бололтой. Утааны талаар дуугарч байгаа хүн ч алга шиг. Улстөрчдийг утаатай “танилцлаа”, утаагүй нэртэй утаатай зуух тарааж бизнес хийлээ хэмээн адалж байсан үеэ гэмшингүй дурсаж сууна. Ингэж хэрэлдэж, улстөржиж байснаас үр дүнгүй ч гэсэн утаатайгаа “танилцаж” явсан нь дээр байж уу дээ.

Ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олуулаа засгийн эрх барьсан МАН-ынхан дотоод хэрүүл маргаандаа тушигдан урагш алхаж чадалгүй гацаж, шинэ гишүүдийнх нь толгойны эргээ гүйцэд гарч амжаагүй байхад бүрэн эрхийн хугацаа нь дуусах тийшээ хандлаа. Энэ парламентын бүрэн эрх дуусахад жил хагас л үлдээд байна. Сонгуулийн өмнөх хагас жилийг намууд улстөржиж, уралцсаар, сонгуульд бэлтгэж, “попорсоор” өнгөрөөдгийг тооцвол өнөөгийн эрх баригчдад ажил хийх боломжтой ганц жил бий гэсэн үг.

Харин энэ парламент батална хэмээн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгасан, ойрын хугацаанд батлагдчихаасай хэмээн олон нийтэд хүлээлт үүсгэсэн асуудал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд дэндүү олон. Эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил овоо эрчимтэй эхэлсэн ч парламентын босгонд тулаад, хий нь гарсан гүзээ шиг “шалчийж”, сураг алдрав. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээсэн заалт бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ийн тусгасан тул үүнийгээ биелүүлэх гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ханцуй шамласнаас хойш хоёр жил шахамын хугацаа өнгөрлөө. Энэ хооронд орон даяар хэлэлцүүлэг, судалгаа өрнүүлэн, чамгүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулан байж боловсруулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өлгийдөө өтөлж, “амьсгал хураах”-даа тулж байх шиг. Өнгөрсөн зун “Бараг бэлэн болсон. Намрын чуулганд өргөн барина” гэж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг одоо санаж, үгүйлж байгаа хүн эрх баригч намд алга.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс ч дутахгүй олон парламент дамжин яригдсан, гарцаагүй шинэчлэхээс аргагүй гэдгийг нь дээр, дооргүй хүлээн зөвшөөрдөг эрх зүйн баримт бичиг бол Улс төрийн намын тухай хууль. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг энэ парламентын үед амжуулна гэж олонх амласан. Өнөөгийн улс төр, нийгмийн болж бүтэхгүй байгаа олон зүйл яван явсаар намууд төлөвшөөгүй, санхүүжилт нь далд байдагтай холбогддог. Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох гэх мэтийн амин чухал зохицуулалт бий болгох ёстой уг хуулийг баталчихвал энэ парламентын гавьяа болох юм.

Мөн өмнөх парламентаар бантагнуулсан Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусгаарлан, тодорхой засвар хийх нь өнөөгийн УИХ-ын зайлшгүй хийх ажлын нэг. Сонгуулиа маргаан, эргэлзээгүй, шударгаар зохион байгуулах нь СЕХ-ны үүрэг. Харин Сонгуулийн тухай хууль амьдралд нийцэхгүй, ажлаа хийхэд хүндрэл үүсгэж буй талаар тус байгууллагынхан нэг бус удаа хэлж байв. Байнга хардлага, сэрдлэгэ, хэл амны бай болдог энэ байгууллагынхан өөрсдөдөө тулгардаг асуудлууд, сонгууль зохион байгуулсан туршлагадаа тулгуурлан Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, бараг төслийг нь бэлтгээд УИХ-д хүргүүлсэн атал Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал усанд хаясан чулуу шиг сураг алдарлаа.

Дээрх хуулиуд хэдэн чуулган дамжин, хэлэлцэх асуудлын дараалалд орж яваа бөгөөд энэ намрын чуулганы хэлэлцэх асуудал дунд ч нэр нь зоолттой бий. Гэтэл эрх баригчид эдгээр хуулийг хэлэлцэх нь бүү хэл, дотоод хагарал, талцлаа зохицуулж чадахгүй, хэрүүлээс өөр хийх зүйлгүй мэт бужигнасаар нэгэн оныг үдэж, намрын чуулганыг өндөрлүүлэх шинжтэй. Ингэвэл Монгол Улсын хууль эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт болох учиртай энэ мэтийн томоохон хуулийг энэ парламент батална гэх итгэл найдлага улам л алсрах юм.

УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хаврын чуулганыг завсарлуулахдаа “Бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Монгол Улсад засаглалын хяналт, тэнцлийг хангах, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох, цэвэр өрсөлдөөнд суурилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх суурь хуулиудад өөрчлөлт оруулах томоохон хэрнээ хариуцлагатай ажил биднийг хүлээж байна. Үндэсний эв нэгдлийг хангах, авлигаас ангижрах, зөвхөн хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх, шударга ёсыг бэхжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой” гэж хэлсэн. Харамсалтай нь, намрын чуулган эхэлснээс хойш түүний хэлсний дагуу явсан ганц ч ажил байсангүй, бүх зүйл эсрэгээрээ байлаа.

Уг нь аливаа асуудлыг хэлэлцэхэд зөв байсан ч зөрж, сөрж “хэвтээд” байх хүчтэй олонхгүй, нэг нам дангаараа шахам шийдвэр гаргаж буй ийм үед ямар ч хуулийг баталъя хэмээн хөдөлбөл тэдэнд саад болох хүч үгүй. Энэ нь нэг талаараа эрх баригчид хяналтгүй, дураараа авирлах сул талыг бий болгож буй ч нөгөө талаас нь харвал шийдэж чаддаггүй асуудлуудаа нэг талд нь гаргах боломж билээ. Харин өнөөгийн үнэмлэхүй олонх суурь хуулиудыг өөрчлөх нь бүү хэл, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулж чадахгүй төрийн ажлыг гацааж байна. Энэ янзаараа 2016-2020 оны парламент Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлд оруулсан хувь нэмэргүй, хэрүүл хийж, талцан, ажил гацааснаас өөр гавьяагүй үлдэх дэг ээ.

 

Unuudur.mn     


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.