АН төрийн эрх барьсан 2015 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж байлаа. Өнөөдөр МАН-ын өнгөн дээр мөн л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр хүлээж байна. Нам, засаг, он жил дамжин Үндсэн хуульд “гар хүрэх” санаачилга гарсаар байгаа ч яг хэрэг дээрээ баталж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ.
Төрийн эрхийг ээлжлэн барьсаар ирсэн хоёр намын боловсруулсан хуулийн төслүүд дээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах, Ерөнхий сайдынхыг нэмэгдүүлэх зэрэг санаанууд нь давтагддаг. Гэвч АН, МАН асуудлынхаа голд санал нийлж байгаа ч аль нэгнийхээ өнгөн дээр өөрчлөлт оруулалгүй явсаар энэ хүрчээ. АН-ын эрх барьж байхдаа санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тухайн үед хүчтэй сөрөг хүчин МАН-ын гишүүд дэмжээгүй юм. Өнөөдөр ч МАН-аас санаачилсан төслийг дэмжихгүй гэдгээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд илэрхийлээд байна. Тэд “Нэг нам дангаараа эрх барьж байхдаа хүч түрэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зохимжгүй” гэж байгаа. Энэ толхилцооных нь үр дүнд Үндсэн хуулийн нэр хүнд ч уналаа.
Бусад хуулиудаар зохицуулж болох жижиг алдаануудыг ч Үндсэн хуульд чихсээр ирсэн яриа нь олон нийтийн дунд бүх асуудлын эх булаг нь Үндсэн хууль юм байна гэдэг ухагдахууныг суулгаад байна. Өнөөгийн байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ. Уг хуулийн төсөл ноднингийн намрын чуулган, энэ жилийн хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж байлаа. Хэрэв энэ намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй бол бараг одоогийн парламентын хугацаанд баталж амжихгүй нь гэхэд хэлсдүүлсэн болохгүй болов уу.
Удахгүй эхлэх намрын чуулганы эхэнд Үндсэн хуулийн Цэцийн зарим дүгнэлтийг хэлэлцэж таарна. Тэр дундаа Хэнтийн УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал байна. Үүнээс гадна Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Аливаа томилгооны асуудал чуулганы багагүй хугацааг авчихдаг жишиг бий. Мөн намрын чуулганаар хэлэлцдэг хамгийн чухал асуудал бол ирэх оны улсын төсөв байдаг. Ингэсээр он дуустал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг сөхөх бололцоо гарахгүй. Түүнчлэн Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хүлээгдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх бол бусад асуудлыг дундуур нь хэлэлцдэггүй номтой. Тиймээс дээрх хуулиудыг өмнө нь хэлэлцээд явах нөхцөл байдал үүсч мэднэ. Ийм болохоор энэ намрын чуулганы хугацаанд Үндсэн хуульд “хүрч” амжихгүй болов уу гээд байгаа юм.
Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэхээр дан ганц цаг хугацаа, бусад хуулийн төслийн хэлэлцэх хуваарьт шахуулаад болохгүй байгаа юм биш л дээ. Дэмжлэг авах эсэх нь бүрхэг байгаад УИХ дахь АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн нь зарим талаар нөлөөлнө. Үүний дээр УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ярихтай зэрэгцээд “Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй” гэх үгсийг унагах боллоо. Тэд “Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бол Ерөнхийлөгчийн засаглалын талаар санал, асуулга авах ёстой” гэдэг санал оруулахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өнөөгийн парламентын хугацааг дуустал гацна. Үүний дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах заалтууд бий. Тэр дундаа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах, зарим хүчний байгууллагын удирдлагыг томилохоор санал болгох эрхийг хасах саналуудыг АН эсэргүүцэж байгаа. Мөн Ерөнхийлөгч ч таалахгүй байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зохион байгуулсан “Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга “Ерөнхийлөгчийн эрх мэдэл үнэхээр бага байгаа. Хүн томилохоор санал оруулсан ч УИХ шийддэг, хууль санаачилсан ч УИХ баталдаг” хэмээн чамласан үг унагаж байв.
Мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх заалтууд ч зарим улстөрчдийн болгоомжлолыг төрүүлж байгаа нь дамжиггүй. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлж байгаа заалт” гэх бүлэг зүйлс орсон. Хэрэв энэ саналууд батлагдвал нам, УИХ-ын хурлын фракц, бүлэглэлүүдийн эрх ашгийн асуудал хөндөгдөнө. Өнөөгийн практикаар бол Ерөнхий сайдаар томилогдсон хүн намынхаа фракц бүлэглэлүүдийн эрх ашгийг хангахад анхаарсаар “үхрийн бөөр” шиг танхимтай болдог. Түүнийх нь дараагаас өнөөх фракцууд өөрсдийн итгэл даах эсвэл сонгуульд идэвхийлэн оролцсон хүмүүсийг тухайн авсан яам руугаа томилж эхэлнэ. УИХ-ын гишүүд тойрогтоо худаг гаргах биш хууль боловсруулах үүрэгтэй гэдгийг нь иргэд төдийлөн мэдэхгүй яваа шалтгаан нь, энэ юм. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд аль нэг фракц бүлэглэлд орж түүгээрээ дамжуулан Засгийн газарт нөлөөлөх эрхтэй болж байгаа хэрэг. Тэгээд өөрт нь зүтгэсэн хүмүүсийг ажилд томилох, тойрогтоо янз бүрийн хөрөнгө татах эрх мэдлийн олж авах зам нь УИХ-аар Засгийн газрын сайд нарыг томилох эрх билээ. Тэгэхээр туршлагатай, өсч яваа улстөрчид хувийн эрх ашгаа харвал энэ өөрчлөлт тийм ч дэмжээд баймаар зүйл биш байж таарна.
Үүнээс гадна дээр дурдаад өнгөрсөн “Системийн шинэчлэл-Ард нийтийн санал асуулга” хэмээх хэлэлцүүлэг ч нэгийг хэлнэ. Уг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн яриагаар бол “Монгол Улс системийн шинэчлэл хийх үү” (Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэж ойлгож болно) гэдэг асуултыг олон нийтийн дунд тавих ёстой гэнэ. Түүнчлэн МАХН-аас боловсруулаад байгаа Шинэ Дээд Үндсэн хуулийн төсөл бий. УИХ-д суудалгүй намууд түүнийг нь дэмжинэ гэдгээ илэрхийлээд хамтарч ажиллах санамж бичиг хүртэл байгуулчихсан. Тэгэхээр УИХ дээр хэлэлцэгдэхээ хүлээгээд байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентаас гадуурх намуудаас дэмжлэг авахгүй гэсэн үг. Тиймээс ч хуулийн төслийг хэлэлцээд эхлэхтэй зэрэг “Эрх баригчид хүч түрж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна” гэдэг улстөржилт гарах нь дамжиггүй. Ялангуяа он гараад сонгуулийн өмнөх жил боллоо. Нам байтугай хувь улстөрчдийн ч тодорч харагдах ёстой цаг хугацаа. Бас нам хүчнүүдийн хувьд өөрсөд рүү нь элдэв дайралт ирэхээс болгоомжлох, эрх баригчид өрнүүн бүтээн байгуулалт, их дэвшил гаргаж байгаагаа сурталчлах үе нь юм. Энэ хөрсөн дээр эсэргүүцэл, маргаан дагуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг эрх баригчид шүүрээд авна гэж итгэхэд хэцүү.
Ийм нөхцөл байдал дунд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл явж байна. 2020 оны сонгуулийн үр дүнгээр аль нам нь төрийн эрхэнд гарахыг таахад бэрх. Гэхдээ хэн нь ч ялаад Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг барьж авлаа гэсэн өмнөх жишиг давтагдсаар байх нь илэрхий. Тэгвэл ер нь ийм зүйлд хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулах хэрэг байна уу. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлахаар судалгаа хийх, өнөөх хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлэх гэх мэтээр АН, МАН хоёулаа улсын мөнгийг чамгүй урсгачихаад байна. Сүүлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн өнөөгийн төслийг эхлүүлэхийн тулд 2017 оны хавар “Зөвлөлдөх санал асуулга” явуулж байлаа. Тэр зунаа 21 аймаг, есөн дүүрэгт хэлэлцүүлэг явуулсан. Олон зуун мянган санал хүлээж авч, нэгтгэж сан үүсгэлээ. Үр дүнд нь их сургуулийн хичээлд ашиглах судалгааны материал болоод өнгөрнө гэвэл хайран биз дээ.
Бэлэн болчихсон хуулийн төсөл өнгөрсөн зун лав гишүүдийн ширээнд тоосонд дарагдаж хэвтлээ. Өнгөрсөн зун ээлжит бус чуулган зарлах боломж бүрэн байсан. Гэтэл анхандаа халуунаар дэмжиж асан УИХ-ын гишүүд ч энэ сэдвээр ярилцлага өгөхдөө туйлын дипломат өнцгөөс буюу “Ерөнхийдөө өөрчлөлт оруулах нь зөв”, “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бол бий” гэх мэтээр хандах боллоо. Хаврын чуулганаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт л хэдэн удаа сануулсан төдий өнгөрсөн. Бараг л ажлын хэсгийг нь ахлаад явж байгаа Д.Лүндээжанцан гишүүний ачаа мэт болчихсон байна. Одоо бүр УИХ-ын гишүүний нас 35-аас доошгүй байна гэх мэтийн санал ч нэмчихсэн явж байгаа. Хууль боловсруулагчид нь олны анхааралд бага ч болтугай оруулах гэж л иймэрхүү санал оруулсан тухайгаа мэдээлсэн байх. Тэгэхээр хэрэв Үндсэн хуульд үнэхээр л өөрчлөлт оруулах бол шулуухан барьж авах хэрэгтэй байна.
Эрх баригч намын дарга байр сууриа дорвитой илэрхийлсэнгүй өдийг хүрлээ. Одоо үгээ хэлэх цаг нь болсон. Үе үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайдууд, Ерөнхийлөгч нар ч энэ асуудлыг анхаарлын төвд оруулах ёстой. Түүний тулд хууль санаачлагчид нь ятгаж, ажиллах хэрэгтэй. Ингэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх бол шууд, тууштай байдлаар барьж аваад шийдэх хэрэгтэй байгаа юм. Тэгэхгүй итгэлгүй, увж цувсан байдлаар явуулаад байхаар зарим улстөрчийн эсэргүүцэж хувийн нэр хүндээ өсгөх бай, парламентын гаднах намуудын улстөржилтийн тоглолтын нэршил болоод байна. Үлгэн салган явуулсан Үндсэн хуулийн төслүүд эргээд Үндсэн хуулийн нэр хүндийг унагаах боллоо. Хэрэв дээр, дооргүй дэмжээд шуудхан ажил хэрэг болгож чадахгүй бол цаашдаа АН, МАН аль нь ч Үндсэн хуулийг үлгэхээ болих хэрэгтэй.
http://www.undesniishuudan.mn/content/read/160379.htm
Сэтгэгдэл