УИХ-ын 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлэв


ЖДҮХС-гаас УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компани зээл авсан асуудалтай холбогдуулан УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, бэлэн буйгаа илэрхийлсэн албан бичиг боловсруулан гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Энэ талаар өнөөдөр Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан нарын найман гишүүн мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ж.Бат-Эрдэнэ гишүүн, “Сүүлийн үед ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани зээл авсан асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрүүдэд олгох зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд авсанд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс УИХ-ын нэр бүхий 22 гаруй гишүүн гарын үсэг зурж, ЖДҮХС-тай холбоотой асуудлаар гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулах санаачлага гаргасан. Энэ албан бичигт бүх гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна. Гарын үсэг зурсны дараагаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргад хүргүүлнэ” гэлээ.

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан гишүүд уг албан бичигт гарын үсэг зурсан эсэхийг тодруулахад, “Одоогоор нэр холбогдсон гишүүд гарын үсэг зураагүй байна. Бид бүхэн гишүүдийг албан бичигт гарын үсэг зурахыг уриалах болно” гэсэн хариулт өгсөн юм.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.