КАЗАХСТАНЫ ХОЙД МУЖИЙН ЭЗГҮЙРСЭН ТОСГОДЫГ ТАТАН БУУЛГАХААР БОЛЖЭЭ


КАЗАХСТАНЫ ХОЙД МУЖИЙН ЭЗГҮЙРСЭН ТОСГОДЫГ ТАТАН БУУЛГАХААР БОЛЖЭЭ

Казахстаны хойд хэсгийн Оростой хил залгадаг бүс нутгийн эзгүйрсэн тосгодыг татан буулгаж, оршин суугчдыг нь том суурин газрууд руу нүүлгэхээр болжээ.

Орос үндэстнүүд голлон суудаг байсан эдгээр суурингууд сүүлийн жилүүдэд хүнгүй болж эзгүйрсэн юм байна. Аравдугаар сарын 21-нд энэ бүс нутагт ажилласан Казахстаны Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны сайд Мадина Абылкасимова дээрх шийдвэрийн талаар мэдээлжээ.

10 хүрэхгүй оршин суугчтай болсон нийт 38 тосгоныг албан ёсоор татан буулгаж, хүмүүсийг нь илүү том суурингууд руу шилжүүлэхээр болсон байна.

Тэрээр засгийн газар цаашдаа дэд бүтэц хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа зөвхөн эдийн засгийн хувьд ирээдүйтэй суурин газруудад төвлөрүүлнэ гэж энэ үеэр мэдэгджээ.

Хойд Казахстан муж ОХУ-ын Курган, Омск, Тюмен мужуудтай хил залгадаг. Энэ бүс нутгийн 600,000 орчим оршин суугчийн 35 хувь нь казах үндэстэн, үлдсэн 60 гаруй хувь нь орос, украин, польш, герман үндэстнүүд ажээ.

ЗХУ задрахаас өмнө эндхийн оршин суугчдын 22 хувийг казахууд бүрдүүлж байсан гэнэ. 1991 онд Зөвлөлтийн задралын дараа Орос, Герман руу ихэнх хүмүүс нь цагаачилсан бол казах үндэстнүүд нь шинээр байгуулагдсан нийслэл Астана орчимд нүүн суурьшжээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.