Төсөөллөөс давсан уул уурхайн өсөлт


Төсөөллөөс давсан уул уурхайн өсөлт

 

Уул уурхай, эрдэс баялгийн салбар манай улсын эдийн засагт голлох нөлөөтэй. Тодруулбал сүүлийн таван жилд л гэхэд улсын нэгдсэн төсвийн орлогын 20 орчим хувийг уг салбараас бүрдүүлжээ. Эрдэс баялгийн салбарын бүтээгдэхүүний экспорт дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд ч чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засгийн гол барометр уул уурхайгаас хамаардаг. Тэгвэл 2018 онд уул уурхайн салбар ямар байв.  Энэ талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллийг танилцуулахын өмнө жилийн өмнө 2018 оныг хэрхэн төсөөлж байсныг эргэн харъя.

Жилийн өмнөх төсөөлөл

Юуны өмнө Засгийн газар уул уурхайн салбараас 2018 онд 1.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж төсвийн тухай хуульд тусгасан юм. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн хувьд ч тун өөдрөг төсөөлөл гаргаж байв. Тухайлбал 2018 онд 28 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолсон. 2017 онд үүнээс ч илүү өөдрөг буюу 32 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч тодорхой хүчин зүйлүүдийн улмаас энэ энэ зорилгодоо хүрээгүй билээ.

2018 онд Монголбанканд тушаах алтны хэмжээг 21 тонн байхаар төсөөлж байжээ. Мөн уул уурхайн салбараас 2018 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлого бүрдүүлнэ гэж үзэж байв. Зэсийн салбарын хувьд "Оюутолгой” ХХК 2018 онд 406.1 тэрбум төгрөгийг, "Эрдэнэт үйлдвэр" 538.4 тэрбум төгрөгийг, зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татварыг 2018 оны улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолсон байдаг. БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор 2016 оноос хүнд үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ эрчимтэй авч эхэлсэн. Үүний улмаас төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол орц болох коксжих нүүрсний эрэлт аажмаар буурна гэсэн судлаачдын таамгийг 2018 оны төсвийн төсөлд тусгасан юм.

Үүнээс гадна БНХАУ-ын тал хилийн боомтууд дээрх нүүрсний хяналт, шалгалт, стандартаа дээшлүүлж байгаа нь нүүрсний экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна. Энэ бүх хүчин зүйлтэй уялдаад 2018 онд нүүрсний экспортын орлого буурахаар тооцоолж  байжээ. Харин "Оюутолгой” ордын баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаа нь эергээр нөлөөлнө. 2018 онд нийт экспорт 5.9 тэрбум ам.долларт хүрэхээс гадна уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын ажил үргэлжлэхтэй холбоотойгоор импорт өсөж, 2018 онд 4.6 тэрбум ам.долларт хүрнэ гэж төсвийн төсөлд тусгасан байдаг.

Жилийн дараах гүйцэтгэл

Энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт 1.94 их наяд төгрөг төвлөрчээ. Энэ бол өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар өссөн дүн юм. Түүнчлэн 2018 оны төсвийн төсөөлөлд тооцоолон тусгаснаас 200 гаруй тэрбум төгрөгөөр даван биелсэн үзүүлэлт. Энэ жилийн уул уурхайн салбарын эхний сайн мэдээ энэ юм. Түүнчлэн энэ жил уул уурхайн салбараас төвлөрсөн орлогын 88 хувийг нүүрс, зэсийн татвар хураамж бүрдүүлжээ. Уг нь жилийн өмнөх төсөөллөөр бол эрдэс баялгийн салбараас төвлөрсөн орлогын 92 хувийг алт, зэс, нүүрснээс төвлөрүүлэхээр байсан боловч алтны салбарын орлого энэ жил хангалттай сайн байж чадсангүй. Уул уурхайн бүх лицензийн 44  хувийг эзэлдэг алтны салбар 2018 онд эрдэс баялгийн салбараас олсон орлогын дөнгөж 4 хувийг бүрдүүлжээ. Харин нийт лицензийн 14 хувийг эзэлдэг нүүрсний салбарынхан энэ жил уул уурхайгаас улсын төсөвт оруулсан орлогын 44 хувийг нуруундаа үүрсэн байна. Зэсийн экспортын орлого мөн нүүрсний салбарынхтай эн тэнцжээ. Энд онцлоход 2018 оны эцэс гэхэд "Эрдэнэс Тавантолгой” компани түүхэндээ анх удаа 13 сая тонн  нүүрс экспортод гаргахаар байгаа юм. Тиймээс нүүрсний борлуулалт буурсан гэдэг мэдээлэл ташаа, харин зөвхөн тээвэрлэлтийн тоо цөөрсөн гэдгийг УУХҮЯ-ны эх сурвалж хэлж байна. Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 41,3 сая тонн нүүрс борлуулсны 33,3 тонныг нь экспортолжээ.

Төсөөллөөс давсан уул уурхайн өсөлт

Алтны хувьд 2018 оны эхэнд унци тутамдаа 1331.7 ам.долларын үнэтэй байв. Энэ үнэ оны эхэнд харьцангуй тогтвортой байж, долоодугаар сараас эхлэн 1200 руу унасан. Алтны ханш ийнхүү сулрахад, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хүлээлт үүсгэсэн, ам.долларын ханш чангарсан зэрэг нөлөөлсэн байна. Одоогоор алтны ханш тогтвортой буюу 1248 ам.доллар байна. 2019 онд гоёл чимэглэлд ашиглах алтны эрэлт нэмэгдэнэ гэж олон улсын шинжээчид үзэж буй. Хэдий тийм боловч алтны үнэ өсөхгүй харин ч буурна гэсэн төсөөлөл гарчээ. Үүний шалтгааныг нь шинжээчид АНУ-ын ажилгүйдлийн түвшин буурч, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх процесстой холбон тайлбарлаж байгаа юм. Алттай холбоотой өөр нэг онцлох мэдээлэл бол Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барьж Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн явдал. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд роялти буюу алтны нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийг таван жилээр сунгах заалт тусгагдаад байгаа юм. Энэхүү 2.5 хувийн рояалти нь ирэх 2019 оны нэгдүгээр сарын нэгнээр дуусгавар болохоор байгаа билээ.

Цаашид алт худалдан авалтыг тогтвортой өндөр түвшинд байлгахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2.5 хувийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж Монголбанк үзэж байгаа. 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн  татварын энэхүү хөнгөлөлт алтны нөөцийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Юутай ч 2018 онд уул уурхайн салбарын  ашиг орлого жилийн өмнөх төсөөллөөс давсан өөдрөг үзүүлэлттэй гарч байна. Оны эхний 11 сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 14.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөг буюу 19.5 хувиар өссөн дүн гарчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 10.2 их наяд төгрөгт хүрсэн нь нөлөөлсөн байна. Ийнхүү улиран одож буй 2018 онд уул уурхай, эрдэс баялгийн салбарын орлого нэмэгдэж, олборлолт, үйлдвэрлэл, экспорт гээд бүх үзүүлэлтүүд нь өсчээ. Харин энэхүү өсөлтийг эдийн засгийн бодит өгөөж болгон шингээх л үлдэж.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: http://eagle.mn/r/53758


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.