ШИНЭ ЖИЛ ба ЗУЛ САРЫН ялгааг мэдэх үү?


Өнөөдөр зул сарын баярын өдөр.

Гадаа цас хунгарлаж, айхавтар хүйтэн тачигнаж байлаа ч хэн бүхний сэтгэл дотор дулаан гал ноцоодог дурсамж дүүрэн шинэ жилийн баяр айсуй. Хотын гудамжаар алхаж явахад хаашаа л харна гоёл чимэглэл өлгөсөн гацуур модод үзэгдэж, хаа нэгтэйгээс шинэ жилийн дотно дуунууд эгшиглэх нь жилийн сүүлчийн өдөр ойртсоныг, удахгүй шинэ хуанлийн эхний хуудсыг нээх болсныг илтгэж буй хэрэг.

Үүний зэрэгцээ Христийн шашинт барууны орнуудаас манай оронд орж ирээд “эрлийзжиж буй” Зул сарын баярыг догдлон тэмдэглэж буй хүмүүс ч олон бий гэдгийг бид мартаж болохгүй.

ШИНЭ ЖИЛ ба ЗУЛ САРЫН ялгааг мэдэх үү?

МОНГОЛД СУУРЬШСАН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР

Манай орон хуучнаар ЗХУ-ын адил социалист нийгмийн хөгжлийг цогцлооно хэмээн даган дуурайх хандлагатай байсан учир Орос орны баяр тэмдэглэх соёл, тогтсон заншлуудаас авч хоцорсон нь бий. Тухайлбал шинэ жилийн баяр болох он солигдох мөчийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн гацуур модоо засч, салют буудуулж, оргилуун дарс хундагалан тэмдэглэдэг болсон. Монголчууд бид шинэ жилээ угтдаг “цагаан сар” хэмээх дорнын тооллын огт өөр уламжлалт заншилтай хэдий ч 12-р сарын 31-ний үдэшд ийнхүү өндөр ач холбогдол өгдөг болов.

МОНГОЛ ӨВЛИЙН ӨВГӨН

Цэнхэр дээл нөмөрсөн монгол өвлийн өвөө маань 90-ээд онд ардчилал ялсны дараа улаан дээл, унждаг малгайтай, шар царайтай өвлийн өвөөтэй анх танилцсан гэж болно. Санта Клаус шинэ он гаргах гэж цаа бугаа хөлөглөн бууж ирдэггүй гэдгийг хараахан мэдэхгүй монголчууд Зул сарын баярыг тун чиг өөриймсгөөр хүлээн авч, шинэ жилийн баяртай хольж хутгах болсон.

Шинэ жилийн үдэш албан байгууллага, анги хамт олны баярын арга хэмжээн дээр “Mariah Carey - All I Want From Christmas” эсвэл , “Wham! - Last Christmas” дуунууд явж байвал бид дасчихсан болохоор тийм ч их гайхахгүй, барагтаа анзаарахгүй болов уу. Зул сарын буюу Христмасын баярыг шинэ жилийн баяртай андуурч эсвэл хольдог, хооронд нь найруулж нийлүүлдэг явдал ийнхүү цааш үргэлжилнэ. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн шинэ жилийн цэнгүүн дээр улаан дээлтэй Санта Клаус орж ирүүтээ:

“Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэг татуулсаар

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй моддоос дээгүүр

Цалин цагаан морио унаад

Цасан охидоо дагуулсаар...” хэмээн шүлэглэж, багачуудад үүрч ирсэн уутнаасаа бэлэг гарган өгөх ч юм уу, эсвэл шинэ жилийн баярыг угтаж гэр, албан байгууллагаа чимэглэхээр болбол камен зуух зурж, дээгүүр нь том том оймс өлгөж гарна даа.

ЗУЛ САРЫН БАЯРЫН ТУХАЙ

Угтаа та Христийн шашинтан биш бол зул сарын баярыг тэмдэглэх нь логикийн хувьд зөрчилтэй гэсэн үг.

Барууны орнуудын он удаан жил тэмдэглэсээр ирсэн Христмасын, монголчуудын нэрлэж заншсанаар Зул сарын баяр 12-р сарын 24-нд тохиодог. Энэ нь Библид бичигдсэнээр Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй, утга агуулгын хувьд шашны баяр ажээ.

ШИНЭ ЖИЛ ба ЗУЛ САРЫН ялгааг мэдэх үү?

Манай орны хувьд Чингис хааны төрсөн өдрийг баттай тогтоох асуудал дээр учир мэдэх хүмүүс талцан хуваагддаг шиг тэд ч мөн Есүс Христийн төрсөн өдрийг яг ч 12-р сарын 24-нд биш 25-нд байх учиртай хэмээн маргалдах, хэлэлцэх явдал тасардаггүй гэнэ.

Ямартай ч 24-ний орой Christmas eve буюу Христмасын урд орой хэмээн айл өрх бүр халуун ам бүлээрээ цуглан оройн зоог барьж халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг. Маргааш өглөө нь Христмасын баярын бэлгээ сүлд модны дэргэдээс авч задалдаг бөгөөд хүүхдүүд тэрхүү бэлгийг бүтэн жил хүсэн хүлээдэг гэж болно.

Бурханы хүү Есүс Христийн даалгавраар Санта Клаус хэмээх том биетэй, улаан хувцастай өвгөн тэнгэрийн орноос цаа бугануудаа хөлөглөсөөр ирж, ганц шөнийн дотор айл бүрийн яндангаар орж, гацуур модных нь доор бэлэг орхиж, задгай зуухны дээр өлгөсөн оймсонд нь чихэр хийж үлдээгээд морддог гэсэн домог хамгийн түгээмэл. Энэ өдрөөс хэд хоногийн дараа шинэ он гардаг гэсэн үг. Дээр дурдсан зүйлс дээр нэмээд бугын эвэртэй үсний даруулга сэлт тэгэхээр шинэ жилийн баяртай хамаатай бус, харин Христмастай хамаатай болж таарч байгаа биз.

 

Өдгөө олон улсад нийтлэг ашиглаж буй 12 сарын тоолол бүхий Грегорын календарийн сүүлчийн өдөр, дээр дурдсан арван хоёр жил бүхий билгийн тооллын “цагаан сар” хоёрыг хоёуланг нь тэмдэглэдэг учраас монголчууд хоёр удаа шинэ он гаргадаг ард түмэн юм. Үүний дээр Зул сарын баяр нэмэгдээд бидэнд хэлбэр болон агуулгын хувьд хольж хутгасан баяр олон болжээ.

Хувь хүн бүрд шашин шүтэх, эс шүтэх нээлттэй эрх байдгийн адил хүссэн баяр ёслолоо өргөн дэлгэр тэмдэглэх нь хувь хүний эрх чөлөө. Гэвч, өөр үүсэл гаралтай, өөр утга агуулгатай баяруудын ялгааг мэддэг, андуурч эндүүрдэггүй байх нь орчин үеийн соёлт иргэнд байвал зохих эрдэм юм.

Мэдлэгтэй, мэдээлэлтэй Yolo-гийн уншигчид та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

 
Эх сурвалж: https://www.yolo.mn/z/3520

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.