ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ


ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА ГЭВ

 

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Шинэ жилээр олныг хамарсан үйл ажиллагаа ихээр зохион байгуулагддаг. Энэ үеэр эрсдэл бага байлгах үүднээс цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, замын цагдаагаас чиглэл чиглэлээрээ хяналт шалгалтын ажлыг явуулж байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас гэхэд томоохон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ресторан, зоогийн газрууд дээр галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийж байгаа. Мөн шинэ жилийн баяртай холбогдуулан иргэд, ААН-үүд өөрсдийн зохион байгуулж буй арга хэмжээнүүд дээр пиротехникийн хэрэгсэл хэрэглэдэг. Үүн дээр мөн анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж байна. Энэ чиглэлийн эрх зүйн орчин хангалттай байдаг. Пиротехникийн хэрэгсэл худалдах, зөөвөрлөх, хадгалах эрхтэй хоёр компани байдаг. Эдгээр компаниуд цаашдаа үйл ажиллагаа явуулахдаа харьяа Онцгой байдлын газарт гурваас доошгүй хоногийн дотор хандаж улсын байцаагчийн хяналт дор явуулдаг” гэв.

Нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах ажил хариуцсан дэд дарга И.Баттөгс “Цагдаагийн байгууллагаас “Шинэ жил” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна. Хууль сахиулах газраас 361 оюутныг эргүүлд нэмэлтээр ажиллуулж байна. Пиротехникийн хэрэгслийг гар дээрээс хууль бусаар худалдаалахтай холбоотой үзлэг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна. Гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл ердийн үед 1600-1700 ирдэг байсан бол шинэ жилийн баярын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдоод 2000 гарч нэмэгдээд байна. Энэний хүрээнд цагдаагийн байгууллагаас хүчээ нэмэгдүүлэн ажиллаж байна.

ААН, байгууллагуудын камержуулалтыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байна” хэмээв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Манай байгууллагаас шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан дөрвөн чиглэлээр хяналт шалгалтын ажил хийж байна. Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл шаардлага хангахгүй, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зэрэг зөрчлүүд голлон гарч байсан. Томоохон зоогийн газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд зөрчил дутагдлыг арилгахыг анхааруулах, зөвлөмж өгөх, хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллаж байгаа” хэмээлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.