Зүсэр бороо мэт эх орон чинь уйлж байна Зүүднээсээ сэр! Миний Монголчууд !!!
Галбын цэнхэр говь чинь гандаж хатаад цөл боллоо
Газрын диваажин Монголд чинь гамшиг нүүрлээд удлаа
Хэнтийн өндөр ууланд чинь хиншүү үнэртээд зуслаа
Хээлэн урсдаг голууд чинь хатаж ширгээд дундарлаа
Ширхэг өвсийг ч гэмтээхгүй гэсэндээ ширэн гутлаа ээтэн урласан УХААН хаачив!
Сүүний ганц дуслаар ээдүүлчих вий гэсэндээ харзны-Эхийг харах нүдний цөцгийтэй зүйрлэх ЭНЭРЭЛ хаачив!
Газарт шивээлсэн гадсыг ч гартаа орсон өргөсийн дайтай санаж амирлуулах НИГҮҮЛСЭЛ хаачив!
Газрын амьдрал ганцхан чамаар дуусахгүйг ухаарч бууриа буртаггүй үлдээх СОЁЛ хаачив!
Хялганат талдаа зээрийн сүрэг харангадаж үхнэ чинээ САНАСАНГҮЙ
Халхын зоригт хөвгүүдийг хатавчинд сууж гуйлга гуйна чинээ БОДСОНГҮЙ
Цаст Гимлайн уулсыг давахдаа жигүүр цуцаагүй хунгийн сүргийг цайлаад угтах усгүй болно гэж ТӨСӨӨЛСӨНГҮЙ
Цаглашгүй түүхийн судар бичиг цагийн аясаар харийн соёлд бүдгэрнэ чинээ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ
Эрийн жудаг эдийн шуналд эзлэгдэж байна
Эмсийн ёсонд ичингүйрэл гээгдэж эрээ цээрээ алдаж байна
Монгол төрийн сэнтий
Мөнгөнд донтогсдын “ХАР ЗАХ” боллоо
Монгол газар шороо харийн тонуулчдын “ХЭТЭВЧ” боллоо
Алтан соёмбот төрийн далбааны минь өмнө зогсоод “Улаан махны хэрэг” ярьдаг адгийн ШААРУУДЫГ яах вэ?
Ард нь үмх талхны төлөө амь тэмцэж явахад алт эрднэсээ харьд үнэгүй ачуулдаг АВЛИГАЧДЫГ яах вэ!
Төрийн хэрэг хэлэлцэхийн оронд ээлж дараалан Энканто саун ярих ТЭНЭГҮҮДИЙГ яах вэ?
Тендэр,бонд,концесс нэрээр төсвөө уралдан тонох ДЭЭРЭМЧДЭЭ яах вэ?
Найр наадам,улс төржилт,утгагүй хошигнол, хоосон амлалт,хууран мэхлэлт
Найдаж зөндөөн хүлээлээ. Одоо болно Ийм байж болохгүйтэй ижилхэн бүгд санал нэг байвал
Ирээдүй хойчийн төлөө эвлэлдэн НЭГДЭХ цаг болжээ
СЭТГҮҮЛЧ: Б.ОТГО
Сэтгэгдэл