
Б.Саранчимэгийг өмөөрч энэ үгийг хэлэхээр өмнөөс "Б.Саранчимэг Э.Бат- Үүлийн хажууд хэн бэ. Хийсэн бүтээсэнийг нь харьцуулашгүй ” гэх хандлагууд гарч байна. Харин ч харьцуулах юмтай юм биш үү. Б.Саранчимэг 2010 онд томилогдож ирэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж улаанаараа эргэсэн шороо л байсан. "Цэцэрлэгт хүрээлэнгүй Цэцэрлэгт хүрээлэнгийн дарга томилогдлоо” гэж бид шоолж бичиж байв даа. Одоо хар даа. Цэцэрлэгт хүрээлэн ямархуу газар байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг тэднийх бүрдүүлдэг. Зуны дэлгэр цагт өдөртөө 5-10.000 хүн орж гарч амарч саатдаг гэсэн судалгаа бий. WF-ийн дүнгээр бол тэнд ямар нэгэн томоохон арга хэмжээ болоход 80.000 хүн ордог гэх. Арваад жилийн өмнө нутгаасаа гарсан нэгэн найзаасаа би "Хот маань гоё болж уу, өөрчлөгдсөн байгаа биз " гэхэд ”Нүдэнд харагдаж байгаа хамгийн сайхан зүйл бол Цэцэрлэгт хүрээлэн болжээ.... Сайхан санагдлаа” гэсэн юм. Би ч тэгж боддог. Хотын төвөөр гишгэх газаргүй шахам болгон сүндэрлэж байгаа хэлбэр дүрс бүхий шилэн байшингууд сайхан ч тэр болгонд гэр бүлээрээ очоод саатан амраад байх биш. Үүл дарга хотын захирагч болоод олон ажил хийжээ. Тэр бүр нь мөнгөн дүнгээрээ ширээн дээр минь байна. Б.Саранчимэгийн ажилтай арай дөхөм болохоор нь нэгэн тоог дурдья. Хотын дарга маань дарга болсон цагаасаа эхэлж (2013 оноос) зуны гурван сард хотын гүүр гудамж талбайд нэг наст баартай цэцэг өлгөдөг уламжлалтай болсон. Гуравхан сар л нүд баясгаад үхчихдэг энэ цэцгүүдэд 95 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Гэтэл өнөөх Б.Саранчимэг нь 5 тэрбум 253 сая төгрөгөөр л усан оргилуур, ойн төгөл, хүүхдийн тоглоомын талбай, чийрэгжүүлэх талбай, сүүдрэвчүүд, ажилчдын автобусны зогсоол, дасгалын тоног төхөөрөмж, эко танхим, цагдаагийн талбай байгуулжээ. Гэхдээ энэ 5 тэрбум гаруй төгрөгийн төсвөөс биш Эрээн хот, Сөүл хотын захиргаа, Мянганы хөгжлийн сангаас гуйж түүж хөөцөлдсөөр бүтээж амжсан байна. Хийж бүтээсэн зүйл, зарцуулсан мөнгөний дүн тун ч ялгаатай юм. Харин Үүл баатрыг ардчиллан алтан хараацай, 25 жилийн турш ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн, УИХ-ын гишүүн байсан гээд дөвийлгөх намтар арвинтай хүн. Гэхдээ энэ бүхнээрээ түрээ барьж бурхангүй газрын буг мэт аашилж болохгүй ээ. Энэ бол ардчилал биш. Харин үл бүтэх хулигаан зангийн л муйхар шийдвэр. Хулигаан ардчиллын золиос нь Б.Саранчимэг боллоо доо.
Сэтгэгдэл