Гацаа хийгээд гарц


Төрийг гацаасан эрх баригчдыг эвлэрүүлэх гарцыг төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт тавилаа. Эрх баригчдын дотоод хагарал төрийг хямрааж, байнгын үйл ажиллагаатай парламент он дамжин хуралдаж чадахгүй гацаад байгаа.

Өнөөдөр тэртээ гурван жилийн өмнөх “Бид бүтээнэ, хамтдаа зүтгэнэ” уриатай эрх баригч  хүчин МАН-ын амлалтыг сануулаад ч нэмэргүй, дотооддоо үг, тусыг эс олно. Дотооддоо үг хэлээ ололцож чадахгүйдээ тулсан Ардын намын гишүүд  ард түмний үгийг сонсоно гэж горьдсоны гарз. МАН “60 тэрбум”, “ЖДҮ”-гээр талцан эрх ашгийн төлөө тэмцэлдэж байгаа энэ үед бүрэн эрх нь “халагдах” хугацаа дөхөж байгааг сануулахад гэмгүй. Учир нь бүрэн эрх дуусгавар болох тэдэнд эмзэг сэдэв, мэдсэн ч мэдрэхийг хүсэхгүй байгаа.

Хуулиараа УИХ-ын даргыг  “нас барсан, өөр ажилд шилжих болсон, өвчний шалтгаанаар эмнэлгийн дүгнэлт гарсан, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, шүүхээр ял шийтгүүлсэн” гэх таван үндэслэлээр УИХ хэлэлцэн албан тушаалаас  нь чөлөөлөх хуулийн заалттайг өнгөрсөн хугацаанд олон нийт улс төрийн гацааны явцад лоозон мэт цээжлэн, мэдэж авлаа. Тиймээс ч УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан нэр бүхий 40 гишүүний хуулийн бус шаардлага, тэр дундаа идэр есийн хүйтэн, Улаанбаатарын угаар дунд  Сүхбаатарын талбайд хийсэн жагсаал түмний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл байв. УИХ-ын даргыг огцруулахыг шаардан нэр бүхий гишүүдийн уриалсан уг жагсаалд гурван мянган хүн цугласан байна уу, 30 мянган хүн цугласан байна уу, тоо чухал бус, цуглагсад ч нийгмийн массыг төлөөлж чадахгүй. Олон нийт төр, засаг тогтвортой, түмэн олон амгалан байхыг л чухалчилсан.

Өнгөрсөн хугацаанд нэр бүхий гишүүдийн шаардлагыг хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогооор хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга шилжүүлсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо дээр шаардлага нь “УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн үндэслэлд байхгүй. Тиймээс хэлэлцэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргасныг шаардлага тавьсан гишүүд хүлээн авсан ч  шинэ оны эхний өдрүүдэд хуралдаандаа оролцсонгүй, басхүү хариу мэдэгдэл ч хийсэнгүй. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн гишүүдтэйгээ уулзалт хийх завсарлага авч, “хугацаа хожив”.

УИХ дахь нэр бүхий гишүүдийн зүгээс “УИХ-ын даргыг огцруулах хуулийн гадуурх шаардлагыг зарим гишүүд тавьж, чуулганы хуралдааныг гацааж байна. Үүний оронд бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлыг шийдэж болно” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Учир нь УИХ-ын даргыг огцруулах асуудлыг парламентын олон буюу 40 гишүүн тавиад байгаа. Тиймээс хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлэхэд зарим нэг нь замаасаа “нүүр бууруулахгүй” бол батлагдаад явна гэж ажиглагчид харж байгаа юм. Гэхдээ УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах тухай хуулийн төслийг  огцруулах шаардлага тавьсан гишүүдийн зүгээс бус Ерөнхийлөгч өргөн барьсанаараа онцлогтой.

“Монгол Улсын Ерөнхийлөгч  бол Төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж хуулиар тунхагласан. Байнгын үйл ажиллагаатай парламент гацсан сар гаруйн хугацаанд Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн тэргүүний хувьд хаалттай мэдээлэл хийхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүй. Тиймээс ирцээ бүрдүүлэхийг анхааруулах, шаардахын завсар ҮАБЗ-ийн ажлын албанаас УИХ-д бичиг хүргүүлснээс хэтрээгүй.   Гэхдээ ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд олон нийтэд хандан төр түвшин, түмэн олонг амгалан байлгах уриалга, мэдэгдэл хийх болов уу гэж олон нийт харж байсан ч таг чиг. Ер нь өнөөдрийн төрийн тэргүүн үгэндээ харам гэдгийг ард түмэн андахгүй ч улс төрийн цөм нөхцөлд үгээ хэлдэг л байх хэрэгтэйг Ерөнхийлөгчийг тойрсон зөвлөхүүд зөвлөх үүрэгтэй, уг нь.  Харин шинэ оны мэндчилгээндээ “2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно” гэж ерөөж байна лээ. Бизнесийн салбарт цахиур хагалан гарч ирсэн Ерөнхийлөгчтэй хувьд улсын эдийн засгаа өсгөн хөгжүүлэх бодлогоо хөрсөн дээр нь хэрэгжүүлвэл иргэдийн амьдралд нөлөөлж, тэр нь ард бидний хувьд “эрс шинэчлэл” болохоор. Түүнээс бус төрийн бодлого, хөрсийг “эрс шинэчлэх”-ээр зүтгэх нь өнөөдрийн ямар ч эрх мэдэлтний зоргоор хийгдэх зүйл бус, ард түмэн ч үүнийг хүсээгүй, хүсэх ч үгүй.  

Харин эрх баригч хүчний төрийг гацаасан хагаралд гарц болох магадлалтай УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх” тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд энэ долоо хоногт намын бүлгүүд байр сууриа нэгтгэнэ гэсэн.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барсан хуулийн төсөл гацааг арилгах гарц болно” гэсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Парламентын дархлааг алдагдуулах вий гэсэн болгоомжлол байна” гэдгээ илэрхийлсэн.

Ямартай ч төрийг гацаасан эрх баригч хүчин МАН-ын хагаралд Ерөнхийлөгч гарц болох магадалалтай хуулийн төслийг нь өргөн барилаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хориг, хуулийн төсөл парламентаар дэмжигдэлгүй, хууль санаачлагачдаа буцаж байсан. Хамгийн сүүлд гэхэд 2019 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхйилөгчийн хоригийг парламент хүлээж аваагүй буцаасан.  Тиймээс ч Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг УИХ-ын даргад хүргүүлж, харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны улсын төсвийг хуулийн хугацаанд нь батлуулж чадсан юм.  Харин энэ удаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламент баталвал МАН-ыг хэн удирдаж байна вэ гэсэн асуултын хариу ч эзэндээ хүрэх биз.

 Ер нь төр гацаанаас гарч байвал намын зодоон ч цаашаа л даа.

Н.Энхбат

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.