Д.Лүндээжанцан: УИХ цэцийн гишүүний хууль зөрчсөнийг тогтоодог газар юм уу?


 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай Үндсэн хуулийн цэцийн асуудлаар ярилцлаа.

 Та цэцийн хуулийг боловсруулан, батлуулсан хүний нэг. Анх хуулиндаа яг ийм асуудал гарсан тохиолдолд цэцийн гишүүний эрхийг хамгаалах, цэцийг хараат бус байлгах асуудлаар ямар утга агуулга шингээж байсан юм бол?

- Цэцийн хуулийг анх боловсруулахдаа яг ийм болно гэж  тухайлсан заалт хийж, тийм тааварлах аргагүй байсан. Гэхдээ л Үндсэн хуулийн цэц бол дархлаа өндөр, улстөрөөс хараат бус байх учиртай гэх утга агуулгыг маш сайн шингээж өгсөн. Би цэцийн хуулийг хийлцэж байсан хүний нэг. 1992 оны  хавар Үндсэн хууль батлагдсаны дараа цэц яаралтай ажилдаа орох шаардлагатай болсон учраас боловсруулж байсан. Яг тэр үеэс буюу Улсын бага хурлаар батлуулсан цэцийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш цэцийн гишүүнийг баталгааг хангах асуудал өндөрт тавигдсаар ирсэн. Яагаад гэхээр, УИХ дураараа шийдвэр гаргаж, төрийн эрх мэдлийн хуваарлилтыг зөрчсөн юм уу, улс орны эрх ашигт харш шийдвэр гаргахаас  сэргийлж, таслан  зогсоох манаач бол өөрөө цэц юм. Тэгэхээр энэ хэмжээнд нь хүргэж, статусыг нь хуульчлах хэрэгтэй. Тэр дотор нь байгаа хүмүүсийг яаж сонгож, шалгаруулж, ямар журмаар яаж өндөр хэмжээний хуулийн мэдлэгтэй хүмүүсийг тавих гэдэг асуудал бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ингэхээр тань анх тавихдаа л сайн бодож сонгох шаардлагыг хуулиндаа тусгаж өгсөн гэсэн үг.

Цэцийн  гишүүнийг ээлжит бус чуулганаар эгүүлэн татлаа.  Дараачийн томилгоог  30 хоногийн  дотор томилох учиртай. Гэтэл хаврын чуулган ирэх  дөрөвдүгээр сарын эхээр байгаа. Энэ тохиолдолд ямар нөхцөл байдал үүсэх бол?

- Би хуулиараа л хариулъя. Цэцийн гишүүний бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа нь өнгөрөөд явчих тохиолдол байдаг. Түүнээс нь өмнө огцруулж чөлөөлөх тохиолдол ч гардаг. Тэгэхээр энэ бүхэнд  хуулийн хүрээндээ зохицуулалт хийсээр ирсэн. Цэц өөрөө онцгой субьект. Дараачийн орны хүн томилогдтол тэр чөлөөлөгдсөн юм уу, хугацаа нь дууссан хүн эрхээ эдэлдэг. Ийм тусгайлсан заалттай. Яг заалтыг  яагаад оруулсан бэ гэхээр цэц өөрөө завсарлагагүй ажиллаж байх учиртай. Улс орны Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг ч өдөр байх ёсгүй.

Хуулийнхаа заалтаар бол  дээд шүүх хуралдаанаа хийж, олонхийн санал авсан хүнээ дэвшүүлнэ. Тэр хүнийг томилох асуудал УИХ-д орж ирнэ. УИХ томилсноор бүрэлдэхүүн болно. Цэцийн даргыг  гишүүд дотроос нь сонгож, гурван жил ажиллуулж байгаа. Энэ журмаараа л явах учиртай. 

- МАН-ын бүлгийн зүгээс УИХ Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргалаа гэсэн тайлбар хийгээд байгаа. Яг ямар үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?

- Үндсэн хуулийн 65-р зүйлийг анхааралтай унших ёстой. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуулийн заалтыг дотроос нь сугалж авч уншаад тайлбайр хийгээд байна лээ.  "Ийм шалдан заалт байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн даргыг эгүүлэн татаж болно” гэж ярьж байна. Цэцийн тухай  хуулин дээрээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татахдаа анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ гээд тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл сая УИХ шийдэр гаргахдаа дээд шүүхийн ямар саналыг тусгав? Анх дээд шүүх гишүүдийнхээ бүрэлдэхүүнтэй хурлаар нэрийг нь дэвшүүлж,   нууц санал хураалтаар тодруулаад, түүнийгээ УИХ-аар томилуулж  байсан.  Яг энэ эрэмбээрээ сая огцруулах асуудал явах учиртай. Гэтэл сая  санал асуулгад М.Зоригт гэдэг хүний гарын үсэг  бүхий "Тусгайлсан саналгүй” гэсэн албан бичигт үндэслэн УИХ цэцийн гишүүнийг эгүүлэн татлаа. Дээд шүүхээс тусгайлсан саналгүй гэсэн, дээрэс нь зөвхөн дарга нь бичлэн танилцаад УИХ-д ирүүлсэн бичиг. Бүрэлдэхүүнтэй хурал тэнд болоогүй. Ингээд ирэхээрээ  цагаан дээр хараар бичигдсэн Үндсэн хууль зөрчигдчихөж байгаа юм.

МАН-ын бүлэг Ж.Амарсанааг намын гишүүн нь учраас хамгаалж, зориудаар төрийн ажил гацаалаа гэх яриа байна?

- Ж.Амарсанаа даргыг МАН-ын хүн учир тус бүлгийн гишүүд түүнд хариуцлага тооцохоос зайлсхийж байна гэж ярьсан.  Тэгж ярих юм бол академич, хууль, эрдэмтэн, АН-ын нэрээр Хууль зүйн сайдаар ажиллаж байсан тус намын зүтгэлтнүүдийн нэг  нь Ж.Амарсанаа. Энэ хүний алдсан, оносон эсэх нь тусдаа асуудал. Орж ирж буй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зөрчиж байна. Тиймээс манай нам Үндсэн хуулийг зөрчсөн хам хэрэгтэн болохгүй гэсэн. Үүнийг дурын нэг хуульчаас асуух хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь эцсийн эцэст Үндсэн хуулийн хямралд хүргэж байна. Сүүлийн үед УИХ-ын хууль зөрчсөн үйлдэл бүр цагаандаа гарч байна.

Та хуульч хүнийхээ хувьд Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юу?

- Цэцийн гишүүнийг эгүүлэн татахдаа хууль зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд татдаг. Гэтэл Ж.Амарсанааг хэн тогтоосон юм. УИХ цэцийн гишүүний хууль зөрчсөнийг  тогтоодог газар юм уу. Зөрчсөн гэдэг үндэслэлээ сүүлчийн найруулга уншаагүй хуулин дээр цэц маргаан үүсгэсэн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тэр хуулин дээрээ "батлагдсан өдрөөс эхэлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ” гээд заагаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр цэц Үндсэн хуулийн манаач байгууллагынхаа хувьд тэр хуулийг Төрийн мэдээлэлд хэвлэгдэхийг нь хүлээгээд суух ёсгүй л байхгүй юу. Цэц батлагдсан өдрөөсөө хойш дагаж мөрдөнө гэдээ хууль баталчихаар тэр нь Үндсэн хууль зөрчиж байвал үүргийнхээ дагуу яаралтай таслан зогсоох ёстой. Хууль зөрчсөн Олон Улсын гэрээ байгуулчихаад Төрийн мэдээлэл эмхтгэлд нэг жилийн дараа хэвлэгдэнэ гээд хориг тавихгүй байгаад байвал Монгол Улс л хохирно биз дээ. Үүнтэй л ижил ойлголт.

УИХ-ын  ээлжит бус чуулганаар гаргасан энэ шийдвэр цэц дээр хэлэлцэгдсэнээр унах боломжтой юу?

- Ер нь засгийн газраас хүний эрхэнд ноцтой харшилсан шийдвэрийг Засгийн газар гаргах юм бол УИХ болон Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож болно. Ерөнхийлөгч мөн хууль шийдвэр гаргавал УИХ хүчингүй болгож болно. УИХ ийм шийдвэр гаргавал Үндсэн хуулийн цэц хүчингүй болгоно. Энэ нь тал, талдаа гал хамгаалагч юм. Төрийн эрх мэдлийн тэнцвэрт байдлыг хадгалж байж Монгол Улс оршин тогтноно. Гэхдээ би үүн дээр тодорхой хариу өгөх боломжгүй. Ямар ч байсан цэц татан буугдаж, ажил хийдэж, үйл ажиллагаа нь завсарлах ёсгүй. Энэ бол Монгол Улсын эрх ашиг. Хэрвээ иргэн хүн мэдээлэл өгсөн тохиолдолд цэц хэрэг үүсгэх үү, үгүй юу, яаж шийдэх үү гэдгээ өөрсдөө дотооддоо шийдээд явах учиртай. Би цэц биш учраас энэ асуудал яаж шийдэгдэхийг хэлэх арга байхгүй.

- Ярилцсанд баярлалаа. 

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.