БНСУ, Монгол Улсын хооронд агаарын тээврийн үйлчилгээг 28 жилийн турш Монголын талаас МИАТ, БНСУ-ын талаас “Кореан эйр” гэсэн хоёрхон компани үзүүлж ирсэн билээ. Тэгвэл 1991 оноос хойш үргэлжилсэн хоёр компанийн монопольчлол дуусч, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг өөр компаниудыг оруулахаар болжээ. БНСУ-ын Газрын баялаг, дэд бүтэц, тээврийн яам, Монгол Улсын Агаарын тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын төлөөлөгчид энэ сарын 16, 17-нд Сөүл хотноо уулзалт хэлэлцээ хийсэн бөгөөд Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нислэгийн тоог нэмэгдүүлэхийг БНСУ-ын тал зөвшөөрсөн байна. Ингэснээр нислэгийн тоо 50 хувиар нэмэгдэж, өмнө нь долоо хоногт зургаан удаа нисдэг байсан бол есөн удаа нисдэг болох боломж бүрджээ. Ингэснээр хоёр улсын хооронд зорчих зорчигчийн суудлын тоо 1448-аар нэмэгдэх аж. Хэлэлцээрийн хамгийн гол үр дүн нь хоёр талаас МИАТ, “Кореан эйр” гэсэн хоёрхон компани нислэг үйлддэг байсныг болиулж, өөр хоёр авиа компанийг оруулж ирэхээр тохиролцсон явдал байв.
БНСУ-ын тал нэмэлт нислэг үйлдэх бэлтгэлийг ирэх сараас хангаж, зуны нислэгийн хуваарьт шилжих гуравдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ.
УБ-Сөүл, Сөүл-УБ чиглэлийн нислэгийн тийзийн үнэ ижил хугацаанд /3 цаг 30 минут/ бусад нислэгээс хоёр дахин үнэтэй ч эрэлт нь жил бүр дунджаар 11 хувиар нэмэгдэж ирсэн юм. Өнгөрсөн жил л гэхэд 330 мянган хүн энэ чиглэлд зорчсон гэсэн статистик байдаг юм байна. Энэ чиглэлд өөр компаниуд орж ирснээр нислэгийн тоо нэмэгдэж, үйлчилгээ үзүүлэх өөр компаниуд нэмэгдсэнээр тийзний үнэ буурах нөхцөл бүрдэж байна.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
Х.БАТСАЙХАН
Сэтгэгдэл