МОНГОЛЧУУД ТАВ ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР НИСЛЭГИЙН ТИЙЗ АВЧ БАЙНА


МОНГОЛЧУУД ТАВ ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР НИСЛЭГИЙН ТИЙЗ АВЧ БАЙНА

 

Монгол улс 10 гаруй улс руу нислэг үйлдэл байна. Гэвч нислэгийн тийз олон улстай харьцуулахад тав дахин өндөр үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 10 мянга 800 гаруй км зам туулж Лондонгоос Сингапур хүрэхэд 295-425 евро буюу 900 мянгаас-Нэг сая 200 мянган төгрөг зарцуулж байхад үүнээс 5 дахин бага км зам буюу Улаанбаатар-Сөүл чиглэлд 1990 км туулахад нэг сая 167 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн зардал гарч байна. Энэ нь иргэний нисэхийн салбарт өрсөлдөөн үгүй болж, өндөр үнэтэй шатахуун хэрэглэж байгаагаас үүдэлтэй.

Нисэхийн салбарт өрсөлдөөн бий болсноор нислэгийн тийзны үнэ буурах боломжтой

Монголын агаарын тээвэрт агаарын тээврийн компани хасагдах уу гэхээс олноороо нэмэгдэж байсан удаагүй. Учир нь өндөр үнэтэйгээр шатахуун авч, ашгаа шингээхээр онцгой билетийн үнэ тэнгэрт хадна. Ингээд хэрэглэгч цөөрч, дампуурах эрсдэлд хүрдэг. Гурван жилийн өмнө Aero Mongolia компани агаарын тээврийн дөрвөн хөлөгтэй байлаа. Өнөөдөр нэг л хөлөг нислэг үйлдэж байна. Изинис \Eznis\компани уналтад ороод байсан дотоодын агаарын тээврийн салбарт дөрвөн төрлийн шинэ онгоцыг нэвтрүүлэн, нийт есөн ширхэг агаарын хөлгөөр дотоодын 14, олон улсын хоёр чиглэлд, 30 мянган удаагийн нислэг үйлдэж байсан үндэсний хөрөнгө оруулалттай компани байсан. Гэтэл 2014 онд үйл ажиллагаа зогсоож, хаалгаа барив. Энэ мэт уналт иргэний агаарын тээврийн салбарт үргэлжилсээр...

 Өнөөдөр Роснефть компаниас зөвхөн Содмонгол компани онгоцны шатахуун нийлүүлж борлуулдаг. Монгол улсад борлуулж байгаа онгоцны шатахууны үнэ олон улсын дунджаас даруй өндөр байдаг. Түүнчлэн ганцхан Роснефтээс худалдан авалт хийдэг бус өөр эх үүсвэртэй болох гэж бас л оролдсон. Тухайлбал Монголын иргэний агаарын тээвэр компани \МИАТ\ БНСУ-аас 200 тонн шатахуун нийлүүлэхээр болсон ч тээвэрлэлтийн зардал өндөр гарах учраас энэ нь яриа төдий болоод өнгөрсөн ч удаатай.

 Жишээлбэл МИАТ компани 2014 оныг хүртэл хатуу тогтсон үнээр шатахуун авдаг байсан. Өөрөөр хэлбэл олон улсын зах зээлд 1200 ам.доллар байхад тус компани 1700 ам.доллараар худалдан авдаг байсан аж. Харин одоо олон улсын зах зээлтэй уялдуулан авдаг болсон ч зах зээлээс даруй өндөр үнэтэйгээр авсан хэвээр байгаа юм. Нислэгийн тийзийн үнийг буруулахын тулд иргэний нисэхийн салбарт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Гэтэл төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод Бээжин, Сөүл чиглэлд зөвхөн нэг л агаарын тээврийн компани нислэг үйлдэх тухай хатуу заалт тусгасан байна. Иймээс агаарын тээврийн салбараа сайжруулах, өрсөлдөөнийг бий болгохын тулд эрхзүйн орчинд эхлээд өөрчлөлт оруулахаар ярьж байна.

Гол хэрэглээ болсон онгоцны шатахууны зах зээл дээр өрсөлдөөн бий болж, агаарын тээвэрт олон компани нислэг үйлддэг болж байж өнөөдөр олон улсаас тав дахин өндөр үнээр худалдан авдаг нислэгийн тийзны үнэ буурах боломж бүрдэх юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэд нислэгийн тийзны үнэ судлах ажлыг хэсэг ч байгуулжээ. Уг ажлын хэсэг үнэ буурах боломжийн талаар судлаж, дүгнэлт гаргаж, хэрэгжүүлэх аж.

Эх сурвалж: ТӨР.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.