Финтек зах зээлийг хөгжүүлбэл иргэд хувьцаатай, хөрөнгөтэй болно


Монголын уламжлалт cap шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд их хотын түгжрэл, утаа, цагаан сарын бэлтгэлтэй давхцан улам нэмэгдэж иргэдийн бухимдлыг бардаг. Жилийн жилд баяр наадмын үеэр энэ байдал давтагддаг. Харин эдгээр асуудлаас хагацах арга хэмжээг төр, засгаас хэрэгжүүлдэг ч үр дүн бага, үргүй зардал болж өнгөрдөг. Харин дижитал технологи дээр суурилсан цахим худалдааг хүн бүр өөрийн амьдралдаа хэрэгжүүлбэл дээрх асуудлууд арилж санхүүгийн эрх чөлөөнд хүрч аз жаргалтай амьдрах эхлэл болно хэмээн Хөрөнгийн зах зээлийн энэ оны төлөвийг тодорхойлох “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтад тавьсан илтгэл бүрээс сонсогдож байв.

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Амралтын өдрөө үл харгалзан чуулганыг зорьж ирсэн залуучууд, оролцогчдын ирцээс харахад санхүүгийн чөлөөт зах зээл, финтек салбарт хүч үзэж хөрөнгө босгох, бизнесээ тэлэх, старт апп санаагаа зах зээлд таниулах хувьцаа худалдан авах сонирхол илүү байгаа нь олзуурхууштай байлаа.

Тус чуулганд 10 орчим цахим дэлгүүр танилцуулга сурталчилгаагаа хийхийн зэрэгцээ чуулга уулзалтын ивээн тэтгэгч байгууллагууд болох “Мост финтек”, “Андууд лаб”,‘‘Монос хүнс”, “Монгол шуудан” зэрэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга хийж, “Ард санхүүгийн нэгдэл” шинэ бүтээгдэхүүн болох “Ард ап”-аа танилцуулав.

ТҮГЖРЭЛ, СТРЕСС,УТААГ ЦАХИМ ХУДАЛДАА АРИЛГАНА

Утаснаасаа цагаан сарын бэлэг, хувьцаа, зээл, оюундаа хөрөнгө оруулалт хийх, өөрт болон бусдад хэрэгтэй зүйлээ захиалаад хүргүүлээд авах нь цаг зав хэмнэхийн зэрэгцээ түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэдгийг тус салбарын хөгжлийг тодорхойлогч, зохицуулагчдын зүгээс хэлж байсан юм. Нөгөөтэйгүүр манай залуучууд байртай, машинтай болчихвол амьдрал болчих юм шигээр санаж банкнаас зээлд авч барьцаанд ордог. Түүнийгээ өөртөө хөрөнгө оруулалт хийлээ хэмээн боддог. Харин ирээдүйгээ ингэж барьцаалахын оронд ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааг авч өөртөө хөрөнгө оруулах боломж зах зээл байгааг чуулга уулзалтад илтгэл тавьсан олон хүн хөндөж байв.

Цахим худалдаа бол хөрөнгийн зах зээлийн нэг л хэлбэр. Манайд шинээр бий болж буй компаниуд бүтээгдэхүүнээ цахим дэлгүүрээр борлуулж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэд бүтэц нь сайн хөгжсөнийг илтгэнэ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд манай зах зээлийн тавхан хувийг эзэлж буй ч ирээдүйд өсөлт авчрах нь тодорхой энэ салбарт анхаарал тавиагүйн гайгаар өнөөдөр үнэт цаасны компаниуд нь программ хангамжгүй, үнэт цаасаа худалдаж аваад төлбөр тооцоогоо хийх байдал нь гар ажиллагаанаас салаагүй зэрэг нь энэ салбарын хөгжлийг доош татаж байна.

Тиймээс 2019 онд үнэт цаасны компани, касдадион банк, төвлөрсөн хадгаламж, хөрөнгийн биржийг хооронд нь программаар холбох ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр хэрэглэгч гар утаснаасаа хувьцаагаа худалдан авч арилжаанд оролцох данс болон хуулгаа шалгахын зэрэгцээ ханшаа үзэх зэргээр гэрээсээ бүх зүйлээ хийх боломж нээгдэнэ хэмээн “Мост финтек” компанийн захирал А.Сүхдорж онцолж байв.

Банк хэдийгээр дээрх үйлчилгээний заримыг тус тусдаа үзүүлж буй ч хэрэглэгчдэд дээрх бүх үйлчилгээг нэг дор үзүүлэх технологийн шийдлийн хэрэгцээ хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатайг хэлж байлаа. Түүнчлэн хөрөнгийн зах зээлд өрнөж буй хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж, хүлээгдэж буй IPO, компанийн засаглалд гарч байгаа өөрчлөлт шинэчлэл, эрх зүйн орчны хувьслыг олон нийтэд мэдээлсэн.

САНХҮҮГИЙН ҮНЭЛГЭЭГ НЬ ХАРЖ ХУВЬЦАА АВАХ ЭСЭХЭЭ ШИЙД

“Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтаар 2018 оны хөрөнгийн зах зээлийн онцлог үйл явдлыг эргэн сануулж, 2019 оны үнэт цаасны зах зээлийн хөгжлийг хэлэлцлээ. Мөн “Тэтгэврийн тогтолцоо, “Баялгийн сан”, “Финтекийн дайралт” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. IPO хийх гэж буй компаниудад хандан Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга С.Өлзийбаяр “Компанийн ихэнх нь банкнаас зээл авдаг. Үүнийхээ оронд компанийн хувьцааг олон нийтэд санал болгоод IPO хийж, санхүүжилт эсвэл бонд босгох хэрэгтэй.

IPO хийх гэж байгаа компанийн удирдлагууд “Яагаад” гэдгийг бодолцож, зорилгоо тодорхойлох ёстой. IPO-г зөвхөн мөнгө гэж харах юм бол алсын хараа дутуу байна. IPO хийнэ гэдэг хуваалцах гэсэн үг. Өөрийн бизнесээ олон нийттэй хуваалц. Үүний тулд хувийн компани ажиллуулж буй захирал шиг байж болохгүй. Хариуцлагатай, нээлттэй байх, мэдээллийг хувьцаа эзэмшигчдэдээ ил тод, нээлттэй өгч байх ёстой.

Өөрөөр хэлбэл, өөрийн бүх юмаа ил тод болго. Нэгэнт олон нийтээс мөнгө босгож байгаа учраас амархан бүтдэг ажил биш. Банкнаас зээл авч байгаа хэрэг биш учраас IPO хийхэд хамгийн багадаа зургаан cap зарцуулна” гэж зөвлөлөө.Дөнгөж хувьцаа гаргаж эхэлсэн даруйдаа мэдээллээр “бөмбөгдөөд” л байдаг. Гэтэл удалгүй хөрөнгөө босгочихоод “амандаа ус балгасан мэт” алга болчихдог хэмээн эгдүүцэх иргэн бий. Тэгвэл хувьцаа эзэмшигчдийг тогтмол мэдээллээр хангах системд хэрхэн шилжих вэ гэдэг асуултыг “Хөрөнгийн зах зээлийн энэ жилийн төлөв” эхний хэлэлцүүлгийн үеэр олон нийтээс ирсэн байв.

“Говь”, “АПУ” гэсэн хувьцаат компани хуулийн дагуу тайлангаа тавьж, засаглалын үнэлгээгээ хийж байгаа. Тэд хувьцааны давуу талыг ойлгосон “сайн” компаниуд гэсэн үг. Гэвч зарим том компанийн хувьцааг зөвхөн гэр бүлийн хүмүүс нь 100 хувь эзэмших сонирхолтой байдаг. Хувьцаагаа худалдчих юм бол худалдан авсан этгээд компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, ажил хийлгэхгүй гэх ойлголттой яваа нэгэн ч бий.

Хүссэн ч, хүсээгүй ч хөрөнгийн зах зээлд 20 жил явж ирсэн компани хөгжлийнхөө дараагийн үе шат руу шилжих зайлшгүй шаардлага тулгардаг. Хувьцаагаа олон нийтэд худалдаж сайн засаглалтай хувьцаат компани болж байж хувьцаа нь нэмэгдэж, түүнийгээ үр хүүхдэдээ өвлүүлэх нь үр дүнтэй. Монголд мөнгөө босгоод гадаадад хөрөнгө оруулах ч үр өгөөжтэй.

“Нийт хувьцаа эзэмшигч нь тухайн компанийн нэг хувиас дээш хувьцаа эзэмших юм бол компанийг алдагдалд оруулсан эрх бүхий албан тушаалтнаас хохирлыг шаардах, нөхөн төлүүлэх эрхтэй. Мөн 10-аас дээш хувьцаа эзэмшвэл хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах эрхтэй. Энэ бүхэн хуульд байгаа боловч компаниуд ойлголт багатай учраас хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангаж чадахгүй байна.

Хувьцаат компаниуд өөрсдийн дураар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигчдийн итгэлийг алдаад байна” гэдгийг Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Нэг өдрийн турш үргэлжилсэн энэ удаагийн чуулган дөрвөн танхимд зэрэг явагдаж 10 гаруй сэдвээр 30 орчим хүн илтгэл тавьж хөрөнгийн зах зээлийн өнөөгийн хөгжлийн мэдлэг, мэдээллээр хур буулгаж амжилттай болж өндөрлөсөн юм.

Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.