"Авьяаслаг Монголчууд” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол HD ТВ амжилттай зохион байгуулсан. Тус телевизээс явуулж байгаа энэхүү шоу олон нийтийн сайшаалд нийцэж, хүн бүр л ам сайтай байсаар монголчуудыг байлдан дагуулсан. Шоуны эцсийн шатанд Дархан хотын Жамъянхорлоо багшийн шавь нараас бүрдсэн "Эгшиглэнт чимээ” хамтлаг түрүүлсэн билээ. Ард түмний саналаар тэргүүлсэн тус бяцхан хөгжимчид 100 саяын эзэд болж, үндэсний хэмжээний авьяастан болсон цаг саяхан. Мөн тухайн үед цахим ертөнцөд нэгэн шуугиан дэгдсэн юм.
Юун гэвэл, бизнесийн хүрээнд "Швейцарь” Отгоо нэрээр алдартай Д.Отгонжаргал хэмээх эрхэм тус хамтлагийн багшид хувийн зүгээс 60 сая төгрөг өгөхөө амлаж байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн юм. 100 саяын эзэд болсон өхөөрдөм бяцхан хүүхдүүд ард түмний гавьяат багш Жамъянхорлоо нар нийтдээ 160 саяын эзэд боллоо хэмээн Монголын ард түмэн баярлаж байв. Монголын төр Жамъяанхорлоо багшийг үнэлж ямар ч байсан "шар тэмдэг”-ээ энгэрт нь зүүсэн. Гэтэл Д. Отгонжаргал гэгч нь амласан мөнгөө одоо болтол өгөөгүй гэнэ.
Швейцарь Отгоо буюу Д. Отгонжаргал гэж хэн вэ. 1990-ээд оны дунд үеэр тэрээр Швейцарь гаргаж өгнө хэмээн иргэдийг хулхидаж, хуурамч визний мэдүүлгээр баахан хүнээс мөнгө салган "тансагласан” хотын дэгжин залуусын нэг байжээ. Тэр үеийн үнэтэй машин хөлөглөн, хамгийн тансаг бүхнийг хэрэглэн, хамгийн сайхан хүүхнүүдтэй цэнгэн Улаанбаатарын тоост гудамжаар ёстой л салхи татуулж явж. Энэ тансаглал нь тийм ч удаан үргэлжилсэнгүй Швейцарьт баривчлагдаж, хүний нутгийн хүйтэн шоронд сууж байгаад ялтан солилцоогоор Монголынхоо шоронд ирж ялаа эдэлж дуусгасан гэдэг. Улмаар тухайн үед С1 телевизийн "Өдөн дэр” гэх нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Халиунааг өөрийн болгож, үрийн зулай үнэрлэн амьдарч байгаа. "Алтайн хүдэр” компанийн Базараатай хамтран бизнес хийж, энэ салбарт ч хөлөө олсон нэгэн гэнэ. Гэхдээ энэ эрхэмийг зарим хүн жинхэнэ Швейцарь Отгоо биш. Жинхэнэ нь 2004 онд Францад зочид буудалд алагдсан. Алагдсаны дараах Францын цагдаагийнхны үзлэгээр Монголын Отгоо хэмээх иргэн болохыг тогтоосон. Түүний цогцос байсан зочид буудлын өрөөнд нэг сая орчим евро байсан. Бугуйн цаг нь Швейцарь цаг байсан. Буудлын гадаа түүний унаж явсан феррари машин байсан энэ тэр гээд л домог мэт яриа хөвөрдөг. Ямар ч гэсэн Швейцарь Отгоо мөн эсэх нь хамаагүй. Д. Отгонжаргал гэх энэ эрхэм Дарханы "Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид 60 сая төгрөг амлаад өгөөгүй байна. Монгол Улсаас Олимпын анхны аварга төрсөн тэр өдөр Н.Түвшинбаярт Монголын бизнесмэнүүд сая, саяар нь доллар, газар, хаус, орон сууц өгөхөө амлаж байлаа. Гэвч амлалт нь төдийлөн биелээгүй, "Амны билгээс ашдын билэг гэдэг. Би ямар нэхээд явалтай биш, тэгж байгаад болох байлгүй дээ” хэмээн Н.Түвшинбаяр "Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орохдоо хэлж байсныг уншигч та санаж байгаа байх аа. Энэ мэт амлалтаа умартсан олон жишээ бий. Ямартай ч, монголчууд маань сэтгэл хөөрсөн үедээ бусаддаа дааж давашгүй нэг их зүйлийг амладаг, дараа нь түүнийгээ өгч чадахаа больчихдог, үүнээс нь болоод нөгөө хүн нь ч бөөн горьдлого тээсээр үлддэг нэг хачин зуршил үргэлжилсээр. Уг нь, "Эр хүн хэлсэндээ, эмээлтэй морь харайсандаа” гэдэг сэн дээ. Худлаа хэлсэн хүнд монголчууд маань яснаасаа дургүйг хэн бүхэн мэдмээр сэн дээ.
Ц. Мөнх
newscom.mn
Сэтгэгдэл