Зүүнбаянд амиа алдсан цэргийн хэрэг улстөрчдийн үнэн төрхийг илчиллээ. Тодруулбал, БХЯ-ны сайд Н.Энхболд салбарт нь цэрэг амь насаа алдчихаад байхад хариуцлагагүй үг хэлж өөрийнхөө бодит дүрийг олонд харуулсан учраас түүнийг огцрох ёстой хэмээн олон нийт үзэж байна. Хэрвээ уншигчиж санаж буй бол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр ЭХЭМҮТ-ийн ажилтнууд эмнэлэгт нь амаржихаар ирсэн эмэгтэйд тусламж үзүүлээгүйгээс болж нэгэн эх эмнэлгийн гадаа буюу машинд амаржснаас болж тус төвийн дарга Ш.Энхтөр ёсзүйн хариуцлага хүлээж ард түмнээсээ уучлал хүсч албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байсан билээ.
Тэгвэл салбар яаманд нь бүхэл бүтэн хүний амь нас эрсэдчихээд байхад Н.Энхболд сайдтан талийгаачийн ар гэрийнхээс уучлал хүсэхийн оронд хээв нэг "Армид дарамт байхгүй. Байвал гаргаад ир" хэмээн хариуцлагагүй үгийг амнаасаа унагасан нь түмний зэвүүцлийг хүргэсэн юм. Уг нь салбарынхаа доголдол, болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг үндэс сууриар нь ярих учиртай сайдтан ийн ярьсан түүнийг энэ салбарт тэнцэхгүй гэдгийг хэлээд өгчихөв. Ямартай ч эрхэм сайд аа, талийгаачийг гүйж чадахгүй байхад ахлагч нь цохисон тухай мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын ажлын хэсгийнхэн олон нийтэд мэдээллэсэн. Энэ баримт биш гэж үү гэж асуумаар байна. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос олон мянган эцэг эхчүүдийн гашуудсан гашуудал өнөөдөр тайлагдаагүй байхад салбарын сайд нь хариуцлагагүй үг амнаасаа унагасан нь харамсалтай.
Тиймээс жагсаалын цэрэг байж үзээгүй, эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж үзээгүй нөхдийг Батлан хамгаалахын сайдаар тавьж, энэ улс орны хамгийн чухал салбарыг дампууруулсан бохир томилгоог зогсоох цаг нэгэнт болжээ.
Энэ салбарт цэргүүд осолдож, гэмтэж, амиа алдсан байхад салбарын сайд нь ердийн үзэгдэл мэтээр хүлээн авч хачирхалтай тайлбар өгсөн нь олон хүний эгдүүцлийг хүргэж энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий командлагч, Ерөнхий сайд нарыг анхаарлаа хандуулж уг хэргийн мөрөөр буруутай этгээдэд хариуцлага тооцож тус салбарыг мэргэжлийн удирдлагаар хангахыг хүссэн. Эцэст нь хэлэхэд дарамт, яргаллын үүр уурхай болсон Зүүнбаянгийн цэргийн ангид яаралтай удирдлагын багийн шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг 19 настай хүүгийн золгүй үхэл дахин батлаад өгчихлөө Зэвсэгт хүчний ерөнхий командлагч аа. Ямартай ч эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг цаг хугацаа бидэнд харуулах л үлдлээ.
Х. Маргад
Сэтгэгдэл