“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн “Стандарт” банкнаас 170 сая ам.долларын зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гаригт шилжжээ. Нийслэлийн прокурорын газраас “Яллагдагч Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан буюу “Залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байх юм. Хэргийг шалгах явцад буюу өнгөрсөн хавар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг баривчилж, “Алтжин” компанийн захирал Г.Алтангаас мэдүүлэг авч байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.
Хууль хяналтын байгууллага “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны барьцаанд очсон хэрэг явдлын цаад учир нь Ш.Батхүү, Г.Алтан нарын хооронд үүссэн өрийн сүлжээнээс үүдэлтэй гэж үзжээ.
Тодруулбал, “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан нар нь “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас 25 тонн алтны нөөцтэй “Олон овоот” уурхайд хамтран хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Улмаар Ш.Батхүүгийн “Олон овоот”-д хийсэн хөрөнгө оруулалт бүтэлгүйтсэн учир “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэнэ. Тиймээс Ш.Батхүү 2013 онд “Жаст” группийн дампуурлыг зарлаж, ордын лицензээ хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн юм. Үүнтэй зэрэгцээд Г.Алтангийн хүү Э.Сүрэн “Жаст” группт гурван удаа 32 сая ам доллар буюу 51 тэрбум төгрөг зээлдүүлсэн гэх гомдлыг шүүхэд гаргажээ. Үүнд “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Хадгаламж” банк баталгаа гаргаж өгсөн бөгөөд улмаар “Хадгаламж” банк дампуурч, Төрийн банкинд эрх, үүрэг нь шилжсэн байдаг. Ингээд Ш.Батхүүгийн Э.Сүрэнд төлөх өр Төрийн банкны “Толгой дээр” бууж, шүүх Э.Сүрэнгийн талд шийдвэр гаргаад байсан юм. Товчхон хэлэхэд энэ хэргийг иргэн Э.Сүрэн болон Ш.Батхүү нар үгсэн хуйвалдаж, хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах луйврын ажиллагаа явуулж байсан хэрэг ийнхүү прокурор дээр үнэн мөнөө олж байгаа нь энэ юм.
Ч.Ганзориг байгууллагын дотоод дүрмийг зөрчжээ
“Эрдэнэт” үйлдвэр болсон “Стандарт” банктай холбогдох өөр нэг баримт бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нь тухайн үед байгууллагын дотоод дүрмийн 12.6 буюу “Ерөнхий захирал өөрийн 01 дүгээр орлогчтой зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ баримтыг үндэслэн түүх сөхвөл, 2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзжээ. Уулзалтын дараа Ч.Ганзориг захирал хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргалыг дуудаж, “Ш.Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаадах” гэсэн даалгавар өгчээ. Уг гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байж. Энэ талаар Б.Мөнхжаргал “Өдрийн сонин”-д ярихдаа ““Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон танд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг Ч.Ганзориг захиралд хэлсэн” гэж ярьсан байдаг. Мөн түүнчлэн хэсэг хугацааны дараа Ш.Батхүү “Баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч” хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн гэнэ. Ингэж ирэхдээ, “Жаст” компани “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг “Стандарт” банкинд шилжүүлье гэсэн байна. Харин хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр “Жаст” компанийн өмнөөс санхүүгийн ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээхгүй” гэсэн утга бүхий заалт нэмэхийг санал болгож нэмснээр талууд гарын үсэг зурцгаасан гэж ярьсан юм. Эндээс жинхэнэ, хуурамч гэрээ, хуурамч гарын үсэгтэй холбоотой олон асуудал ургаж гарсан байдаг.
“Ч.Ганзориг нь тухайн үед байгууллагын дотоод дүрмийн 12.6 буюу “Ерөнхий захирал өөрийн 01 дүгээр орлогчтой зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ баримтыг үндэслэн түүх сөхвөл, 2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзжээ”
Өөрөөр хэлбэл, тухайн үед төрийн өмчит үйлдвэрээр баталгаа гаргуулах гэрээг Ерөнхий сайд С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ний захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Д.Очирхүү нар гарын үсгээрээ баталгаажуулсан байна. Эдгээр эрхмүүд өөрсдийн гарын үсгийг хуурамч хэмээн итгэл үнэмшилтэй ярьж байсан ч тэдний тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. Үүнээс болж “Стандарт” банк “Жаст” Ш.Батхүүгийн өрийн үлдэгдэл болох 51 сая доллараас гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш Арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль, алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилсэн юм. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн тул хоногт 900 мянган долларын хүү төлөх эрсдэл үүссэн бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр Монголын Засгийн газар болон Эрдэнэт үйлдвэр 300 тэрбум төгрөгийн өрөнд орчихоод байгаа аж. Улмаар энэ их өрийг Эрдэнэт үйлдвэр, Монголын Засгийн газар төлнө, төлөхгүй гэх маргаан үүссэнээс гадна Засгийн газар сар бүр “Стандарт” банкинд 1.2 сая доллар төлж буй гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр өнөөдөр Ш.Батхүү, С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Г.Алтан нарын хүмүүс үнэн, худал тодорхойгүй шалтгаан, нөхцөл байдал, гарын үсэг, гэрээгээр Монголын төрийг ийм хэмжээний өрөнд оруулсан хариуцлагаа үүрэх ёстой гэдэг ганцхан үнэн бидэнд үлдээд байна.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН. Б.Наранчимэг
Сэтгэгдэл