Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд төрийн түшээд ахмадууд хайр зарлаад сүйд. Уут гурил будаа, хатсан хатаагүй, хугарсан хугараагүй, том жижиг ул боов, тогоо шанага, саван бок гээд л бүгдийг тойргийн ахмадуудад гэх уриа дэвшүүлэн, уралдан гүйцгээж байгаа харагдах. Энэхүү үйл явц цахим сүлжээнд багагүй шүүмжлэлд өртөөд байгааг Төрийн тэргүүн олж харсан бололтой. Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд бэлэг тараахыг хориглох хуулийн төсөл өргөн барина гэдгээ мэдэгдэв. Ийнхүү ирэх жилээс эхлэн хязгаарлалтад орох бэлэг тараах ажиллагаанд гишүүд хэрхэн оролцсон тухай мэдээллийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зохион байгуулсан арга хэмжээн дээрээс ухаан алдаж, түргэний машинаар эмнэлэг хүрэх замдаа нас барсан буурлын тухай мэдээлэл олон нийтийг цочроолоо. Атга гурил, таван чихэр өгөхийн төлөө өндөр настай хүмүүсийг хэтэрхий олноор цуглуулсанаас болж сар шинийн баярын өмнө нэгэн буурай хорвоог орхилоо.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү
Нэгдүгээр сар гарахтай зэрэгцэн тойргийнхоо зүг гурил будааг тонн тонноор нь ачуулсан эрхэм бол Б.Наранхүү. Түүний өнгөрсөн жилүүдэд УИХ-д суусны нууц ердөө л энэ. Баяр бүрээр тойргийнхондоо гарын бэлэг нэрээр будаа гурил мэтийн аар саар зүйл тараад тойрогтоо ажиллаж байгаа дүр эсгэдэг.
УИХ-ын гишүүн Д.Цэрэнбат
Утаагүй зуухны асуудал хөндөж олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан , БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ч мөн тойргийнхондоо сар шинийн бэлэг хүргүүлээд амжиж. Түүний бэлгийн “багцад” цүнх, гүрж ногоон цай, агаар шүүгч, оёдлын хэрэгсэл, сахар, ажлын тайлан багтсан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар
Тойргийнхондоо бэлэг хүргүүлсэн дараагийн сайд бол Сүхбаатар, Багануур дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар юм. Түүний хувьд ул боов, сүү, цаг тооны бичигтэй хамт ажлын тайлан хавсарган сонгогч ахмадууддаа хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Цахим орчинд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “хатсан” ул боов ахмадуудад тараасан тухай мэдээлэл тархаж байна. Тэрбээр сар шинийн баяраар ахмадуудад тавгийн идээний ул боовыг нь хүргүүлсэн ч чанарын шаардлага хангаагүй ул боов тараасан гишүүн шүүмжлэлд өртөөд байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ удаад тун өвөрмөц бэлэг бэлджээ. Тэрбээр төрийн сүлдийг сувинер маягаар хэвлүүлж ахмадууддаа хүргүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр түүний мэндчилгээ бүхий энэхүү сувинер нь тус бүр нь ойролцоогоор 12 мянган төгрөгөөр бүтсэн бөгөөд нийт 5 мянган ширхэгийг хэвлүүлсэн гэнэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
Сөрөг хүчний намын даргын бэлэг олны анхаарлыг татаад байна. Тэрбээр энэ удаад тойргийн иргэддээ өөрийн нэрийн “лого” бүхий гурил будааг сар шинийн баяр болгон тараажээ.
УИХ-ын гишүүн А.Ундраа
УИХ-ын А.Ундраа гишүүн өнгөрсөн амралтын өдрөөр тойргийнхоо ахмадуудыг СУСТөвийн Соёлын ордонд хүлээн авч урлагийн тоглолт үзүүлж, гарын бэлэг гардуулжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ удаад тойргийнхоо ахмадуудад тун өвөрмөц бэлэг бэлдсэн байна. Тэрбээр өөрийн нэрээр тууз урлуулж зүүсэн, үндэсний үйлдвэрийн майк сонгож, ахмадуудад хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ч мөн тойргийн ахмад настнууддаа гарын бэлгээ гардуулж эхэлсэн байна. Тэрбээр энэ удаад өөрийн нэр бүхий даавуун уутанд бэлгээ савлан ахмадууддаа хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
Эрхэм гишүүн сар шинийн баярын бэлгийг “мэргэжлийн” хэмжээнд сонгосон байх юм. Д.Тэрбишдагва гишүүний гарын бэлгийг авсан ахмадууд цагаан сарын их цэвэрлэгээндээ санаа зоволтгүй болж байгаа юм даг уудаа
УИХ-ын гишүүн , ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Г.Занданшатар гишүүн тойргийнхоо ахмадуудад тавгийн идээний ул боов хүргүүлжээ. Үүнтэй хамт даралтны аппарат, хуанли өөрийн ажлын тайлан бүхий сонингоо хавсрахаа мартсангүй.
УИХ-ын гишүүн М.Билэгт
Өнгөрсөн жил данх бэлэглэж “шуугиан тарьсан” бэлэгт гишүүн энэ жил даруухан бэлэг сонгожээ. Тэрбээр энэ удаад ахмууддаа нэг кг чихэр, хуанли өөрийн ажлын тайлан бүхий сонинг сар шинийн мэндчилгээ болгон тойргийн ахмадууддаа хүргүүлжээ.
Сэтгэгдэл