Итгэл хүлээлгэн Улсын Их Хурлын даргын албан тушаалд нэрийг минь санал нэгтэй дэвшүүлсэн Монгол ардын нам, сонгож батламжилсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье. Энэ их итгэл найдварыг би өндөр үүрэг, их хариуцлага хэмээн хүлээн авч байна.
Бидэнд итгэл хүлээлгэж сонгосон Монголын ард түмэн, эрхэм хүндэт сонгогчидоо!
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэж заасан. Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай. Ард түмэн энэ эрх мэдлээ сонгосон гишүүдээр төлөөлүүлж эдэлдэг!
Та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч, элч төлөөлөгч байх нь Үндсэн хуулийн суурь зарчим мөн.
Монголын ард түмэн, сонгогч иргэд маань шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна.
Олон нийтийн анхаарлын төвд шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, төрийн бүх шатанд ажиллаж байгаа албан хаагчдаас сахилга хариуцлага, ёс зүйг, хариуцсан ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй санаачлагатай байхыг нийгэм хүсэмжлэн хүлээж байна!
Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлд хариу өгөх учиртай. Хариуцлага бол ард түмний хүсэмжлэлд хариу өгөх чадвар юм.
Монголын төрд хуулийн засаглал, хариуцлагын тогтолцоо бий болж байж, тэр нь тэгш, шударга хэрэгжиж байж Улсын Их Хуралд итгэх ард түмний итгэл эргэж сэргэнэ!
Улс төрийн эгзэгтэй цаг үед Монголын улс төрд цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна. Монголын ард түмний хүсэмжлэл, хүсэл зориг нь хуулийн засаглал, шударга ёс, эв нэгдэл. Нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийн төвд төр өөрөө цэгцрэх ёстой нь тод томруун харагдаж байна.
Улсын Их Хурлын даргын хувьд хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв нэгдлийг тогтоохын төлөө манлайлан зүтгэх болно!
Сахилга, хариуцлага дээрээс эхэлж, доош үлгэрлэдэг, хууль журам нь эрх мэдэлтнүүдэд хатуу, эгэл энгийн ардад нигүүлсэнгүй байх нь төрт ёсны эрхэм чанар, нэгэн зүйл урлаг гэж үздэг тийм уламжлалтай ард түмэн билээ!
Улсын Их Хурал нь Үндсэн хуулиа, Засгийн газар, шүүх эрх мэдлийн байгууллага нь Үндсэн хууль болон бусад хуулийг гуйвалтгүй биелүүлж дагаж мөрдөх ёстой! Цаашид Улсын Их Хурлын төлөөлөх, хууль тогтоох чиг үүргээс гадна хяналт тавих чиг үүргийг хуулиар тодорхой болгож ажиллана. Шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүд, нийгмийн шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Улсын Их Хурлаас хянаж шалгах түр хороодыг байгуулна. Энэ ажлаас улс төрийн цэгцрэх хөдөлгөөн эхэлнэ!
Хавтгайрсан авлига, эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдлүүд, хувийн сонирхол давамгайлдаг, албан тушаалаа урвуулан ашигладаг, ард түмнийг алагчилдаг явдалтай хууль тогтоох дээд байгууллага хатуу тэмцэх учиртайг Улсын Их Хурлын нийт гишүүдэд сануулья. Дээр дооргүй, хууль дээдлэх ёс, хуулийн засаглал, ёс зүйг чанд баримталж ажиллахыг уриалж сануулья!
Улс орон хөгжих үү, үгүй юу гэдэг нь нийгэмд шударга ёс байх эсэхээс, шүүх, хууль хяналтын байгууллага нь хууль ёсны дагуу ажиллах эсэхээс шалтгаална. Шударга шүүх, шударга хууль хяналтын байгууллага гэдэг нь хүний эрх, эрх чөлөөний манаа төдийгүй, улс орны хөгжил, дэвшлийн баталгаа. Тэдний нүдэнд шударга ёс л цаг ямагт харагдаж байх ёстой!
Төрийн бодлого нь тодорхой, үйл ажиллагаа нь нээлттэй, шударга, иргэндээ хүрсэн байх ёстой. Иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар Улсын Их Хуралд ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай!
Агаарын бохирдлын асуудлаар Засгийн газартай хамтран ажиллаж бодит үр дүн гаргах болно. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр, ажлын байрны хомсдол, ажилгүйдэл ихэссэн, шатахууны үнийн өсөлт их байгаад иргэд маань бухимдаж байна. Эдгээр асуудлаар Улсын Их Хурлын гишүүд ажлын хэсэг байгуулж Засгийн газартай нягт хамтран ажиллах шаардлагатай байна!
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Өнөөгийн улс төр, монголын парламентат ёсны үйл ажиллагаа болоод цаг үеийн асуудал хүндхэн хэцүү байгааг ний нуугүй бас хэлэх хэрэгтэй. Улсын Их Хуралд шийдэх ёстой нийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудлууд хүлээгдэж байна.
Бид Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, Монгол Улсын хөгжлийн эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүр тавьж ажиллах ёстой. Талцал хуваагдлыг бус хийж бүтээхийг эрхэмлэх ёстой.
Улс төрийн тогтворгүй байдлыг эцэс болгох хэрэгтэй байна. Үүний тулд ард түмний шударга ёсны хүсэмжлэл, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлага дээр тогтсон эв санааны нэгдэл бидэнд юу юунаас чухал байна!
Баялгийн шударга бус хуваарилалтыг цэгцэлж, баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус хуваарилалтыг оновчтой болгож чинээлэг дундаж давхаргыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуульд тунхагласан хүмүүнлэг ардчилсан нийгмийн зорилго мөн.
“Монгол Улсын Үндсэн хууль бол “Алганд багтсан” Монгол Улс юм” гэж Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид хэлсэн байдаг.
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Үндсэн хууль 1992 онд батдлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ!
Энэхүү Үндсэн хууль 27 жил үйлчилж байгаа нь өөрөө томоохон ололт мөн. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталж мөрдүүлснээс хойших энэ хугацаанд эрх мэдэл хоорондох хуваарилалт, хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоонд зарим алдаа байгаа нь ажиглагдах болсон. Судлаачид, ард иргэд ч энэ талаар санаа бодлоо илэрхийлж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь төрийн хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахад чиглэнэ!
Монгол Улсын Их Хурлын гишүүний хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, Улсын Их Хурлын хууль тогтоох ажлын чанар, хариуцлагыг сайжруулах, Улсын Их Хурал төсвийн эрх мэдлээ хязгаарлаж, улсын төсвийг дураараа өөрчилж төсвийн сахилга батыг алдагдуулдаг буруу жишгийг зогсоох, хүний эрх, эрх чөлөөг хангах, сахилга хариуцлага, шударга ёсыг тогтоохтой холбоотой парламентын хяналт тавих чиг үүргийг бэхжүүлнэ!
Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуулиудад заасан Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө өмнөө байгаа сорилтыг давж, боломжийг ашиглан парламентат ёс, улс орноо хөгжүүлэн мандуулахын төлөө хамтдаа зүтгэцгээе!
Сэтгэгдэл