Дэд сайд асан Б.Энхбаяр: Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн асуудал бий


 

 

Дэд сайд асан Б.Энхбаяр: Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн асуудал бий

 

Уламжлалт сар шинийн баяр болсонтой холбогдуулж хөл хөдөлгөөн багатай байсан улс төр Хөгжлийн банкны асуудлаар олны анхааралд орж байна.

 

Анх 2015 оны есдүгээр сард Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр томилогдсон юм. Ажлын хэсгээс явуулсан шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, энэ тухайгаа 2016 оны 12 дугаар сарын 14-нд болсон УИХ-ын Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан дээр танилцуулжээ. Гэвч улсад 1.3 их наяд төгрөгийн алдагдал учруулсан гишүүд болон сайд нарын уг хэрэг шүүхэд  шилжсэн боловч одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр байна.

Хөгжлийн банк нь хэдийгээр УИХ-ын тогтоолын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй 2011 онд байгуулагдсан боловч түүнээс хойш УИХ болон Засгийн газрын хяналтаас гарсан. Тиймдээ ч дүгнэлтэд "Хууль дүрэм мөрдөөгүй, хуулиас гадуур эрх олгосон. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёсгүй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэнтэй холбоотой хяналтын удирдлага алдагдсан”  гэж дурджээ. Ийнхүү хяналтгүй болсноор банк валютын ханшийн зөрүүнээс 155.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Энэхүү тайланг байнгын хороон дээр танилцуулахаас нэг сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нэгэн ярилцлагандаа "200 хуудас бүхий ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Таван жилийн хугацааны ажил шалгасан. 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал бий. Үүнийг жижиг асуудал гэж байгааг ойлгохгүй байна.  Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны банкаар дамжуулж нийт 2000 орчим аж ахуйн нэгж зээл авсан. Ажлын хэсэг бол ямар нэгэн улстөржилтөөр хандаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэжээ.

Харин ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ томилогдсон даруйдаа  Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, танилцуулахыг үүрэг болгосон юм. Мөн Чингис, Самурай бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэснээ мэдэгдсэнээр мартагдах шахсан томоохон хэргүүд дахин сөхөгдөж эхэллээ. Тиймээс Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг ахлаж байсан Дэд сайд асан Б.Энхбаяраас уг шалгалттай холбогдуулан тодруулга авахыг хүсэхэд "Нууцын зэрэглэлээс гаргах шаардлагатай. Би ийм л шаардлага тавьж байгаа. Хэрвээ нууцаас гаргавал мэдээлэл өгнө. Түүнээс нааш ярих боломжгүй” гэлээ.

http://undesten.mn/83235.html

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.