2019 оны нэгдүгээр сард ЭКСПОРТ 43.3%-иар өсжээ


Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны нэгдүгээр сарын гүйцэтгэлээр 1,111.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.6 хувиар буюу 326.2 сая ам.доллараар өссөн байна.

Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү буюу Монгол Улсын гадаад худалдаа 103.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Манай улс өнгөрсөн сард дэлхийн 105 улстай худалдаа хийснээс 42 улсад бараагаа экспортлож, 104 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.

Экспорт 607.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 183.4 сая ам.доллараар буюу 43.3 хувиар өссөн тухай Гаалийн Ерөнхий Газрын нэгдүгээр сарын тайланд дурдсан байна.

Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 12 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. 

Үүнд:

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт  73.9 сая ам.доллараар,  
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 102.9 сая ам.доллараар,
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 6.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Хүснэгт 1, Экспортын гүйцэтгэл, УС-ийн барааны хэсгээр /мян.ам.доллар/

 Барааны нэр  Экспорт Өөрчлөлт Экспортын бүтэц 
   2018-1  2019-1 Зөрүү % %
 Амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн   9,325  9,172 -154 -2  2
 Ургамлын гаралтай бүтээгдэхүүн   4,091  1,553 -2,538 -62  0
 Мал амьтны болон ургамлын гаралтай тос, өөх   56  118  62  109  -
 Хүнсний бэлэн бүтээгдэхүүн   7,059  14,920  7,861  111  3
 Эрдэс бүтээгдэхүүн   351,731  425,652  73,922 21  70%
 Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн   457  62 -394 -86  -
 Хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлс   19  77  58  314  -
 Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл   3,264  1,455 -1,809 -55  0
 Мод, модон эдлэл   2  67  65  2,715  -
 Цаас болон картон, тэдгээрээр хийсэн зүйлс   2  4  2  138  -
 Нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл   10,327  16,430  6,103  59  3
 Гутал, малгай, төрөл бүрийн бусад зүйл   274  113 -161 -59  -
 Чулуу, гөлтгөнө, шөрмөсөн чулуу, гялтгануур болон тэдгээртэй төстэй материалаар хийсэн бүтээгдэхүүн   4  26  22  541  -
 Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос   27,169  130,056  102,887  379 21%
 Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн   8,243  5,022 -3,221 -39  1
 Машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг   1,183  1,183 -0  -  0
 Авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, анги   258  1,122  864  335  0
 Хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг эдгээрийн эд анги   274  62 -212 -77  -
 Аж үйлдвэрийн төрөл бүрийн бараа   106  161  56  53  -
 Урлагийн бүтээл, цуглуулга хийх, зориулалтын зүйлс ба эртний үнэт дурсгалын зүйлс   1  1  0  44  -
 ДҮН   423,843  607,255  183,412 43.3%  100%

Нэг. Эрдэс бүтээгдэхүүний экспорт

  1. Төмрийн хүдэр,
  2. чулуун нүүрс,
  3. зэсийн баяжмал,
  4. цайрын баяжмал,
  5. жонш,
  6. молибдений баяжмал,
  7. боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 69.0 хувийг эзлэж байна.

Хүснэгт 2, Зарим уул уурхайн бүтээгдэхүүний экспорт

Барааны нэр 2018.01 2019.01 Өөрчлөлт
  Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/ Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/ Тоо хэмжээ Үнийн дүн /мян.$/ Дундаж үнэ /$/
Чулуун нүүрс, тн  1,926,464  135,846  71  2,118,361  169,255  80  191,897  33,409  9
Зэсийн хүдэр, тн  97,415  126,852  1,302  117,421  157,283  1,340  20,006  30,432  37
Боловсруулаагүй нефть, барр  555,474  34,557  62  533,756  27,043  51 -21,718 -7,514 -12
Төмрийн хүдэр, тн  436,664  17,615  40  608,645  26,048  43  171,981  8,433  3
Жонш, тн  29,070  9,257  318  53,577  17,747  331  24,507  8,490  13
Цайрын хүдэр, баяжмал, тн  11,181  19,451  1,740  12,048  17,140  1,423  867 -2,311 -317
Молибдены хүдэр, баяжмал, тн  458  2,851  6,222  480  4,221  8,795  22  1,370  2,572

Нүүрс:

2019 оны 1-р сард 169.2 сая ам.долларын 2.1 сая тонн чулуун нүүрс  экспортод гарсан байна.Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 33.4 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 191.9 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 70.5 ам.доллар байсан бол энэ онд 79.9 ам.доллар болж өсжээ. 

Чулуун нүүрсний 98.6 % -ийг БНХАУ руу гаргасан байна.

Зэс:

2019 оны 1-р сард 117.4 мянган тонн зэсийн баяжмал экспортод гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.0 тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,302.2 ам.доллараас 1,339.5  ам.доллар болж 37.3 ам.доллараар өссөн байна. 2018 оны 1-р сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 126.8 сая ам.доллар байсан бол тайлант сард 157.3 сая ам.доллар болжээ.

Боловсруулаагүй нүүрс:

Боловсруулаагүй нефтийн экспорт 533.8 мянган баррель буюу 27.0 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 21.7 мянган баррелаар, үнийн дүнгээр 7.5 сая ам.доллараар тус тус бага байна. Нэг баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.2 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 50.7 ам.доллар болж буурсан байна.

Төмрийн хүдэр:

Төмрийн хүдрийн экспорт  608.6 мянган тонн буюу 26.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 172.0 мянган тонноор, үнийн дүн нь 8.4 сая ам.доллараар тус тус өсжээ. Нэг тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 42.8 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.5 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал: 

2019 оны 1-р сард 12.0 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,422.7 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 317.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 17.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.3 сая ам.доллараар бууржээ.

Жонш:

2019 оны 1-р сард 17.7 сая ам.долларын 53.6 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 24.5 мянган тонноор, үнийн дүнгээр 8.5 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 331.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 27.3 хувь ОХУ-д, 72.5 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмал:

Үнийн дүнгээр 4.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6,222.3 ам.доллараас 8,794.5 ам.долларт хүрч, 2,572.2 ам.доллараар өсжээ. 2019 оны 1-р сард 480.0  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 21.8 тонноор их байна. Молибдены баяжмалын 84.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт:

2019 оны 1-р сард 3,110.0 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,488.0 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 43,665.6 ам.доллар байсан бол энэ онд 41,818.6 ам.доллар болж 1,846.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 130.1 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 102.9 сая ам.доллараар өсжээ.

Мөн 2019 оны 1-р сард 3.8 мян.тонн адууны мах,  359.6 тн хонь, ямааны мах, 19.5 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Экспортын бүтцийг 1-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын:

  • 70.1 хувь эрдэс бүтээгдэхүүнд;
  • 21.4 хувь алтны экспортод,
  • 2.7 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногдож байна

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.