ХОГНЫ ИМПОРТ МАЛАЙЗЫН НЭГЭН ХОТЫН АМЬДРАЛЫГ БУСНИУЛЖ БАЙНА


Малайз улс дэлхийн хуванцар хог хаягдлын хамгийн том импортлогчдын нэг болон хувирчээ. Гэвч мужийн нэгэн хот 17 мянган тонн жинтэй хог хаягдлын уул овоонд тийм ч таатай хандахгүй байна.

Бүх зүйл өнгөрсөн оны зунаас эхэлжээ. Дэниэл Тай шөнө бүр хаалгаа хааж, цонхоо битүүмжилж унтдаг байсан ч тус болсонгүй. Өрөө нь шатсан резиний эвгүй үнэрээр тун удахгүй дүүрчихнэ. Үүнээс болоод тэр ханиалгаж, уушги нь дийлэхээ байжээ.

Энэ явдал хэдэн сарын турш давтагдсан байна. Хожим нь л Дэниэл Тай энэхүү муухай үнэр хуванцар хог хаягдал шатаадаг хогны хууль бус үйлдвэрийнх байсныг мэджээ.

“Бие маань муудаж, тасралтгүй ханиалгадаг болсон”

Тухайн үед Дэниэл Тай Хятад улс 2017 оноос бусад орноос хуванцрын хог хаягдал оруулж ирэхийг хориглосон шийдвэр гаргасныг мэдээгүй байжээ. Тухайн онд Хятад улс долоон сая тонн хуванцрын хаягдал хүлээн аваад бөгөөд хүрээлэн буй орчныг хамгаалагч олон хүн дээрх шийдвэрийг өөрсдийнхөө ялалт хэмээн тэмдэглэж байлаа.

Гэвч хэн нь ч АНУ, Британи, Японоос авчирсан энэхүү уул овоо шиг их хогийг хааш нь хаях бол гэдгийг сонирхсонгүй. Гэтэл тэрхүү хог Малайз руу гардаг болжээ.

Илүү нарийн яривал тус улсын томоохон боомт Клангаас холгүйхэн орших Женжером хотод хөлөг онгоцоор тээвэрлэгдэн ирдэг байлаа.

Зөвхөн 2018 оны 01-06 дугаар сард л гэхэд Малайзад 754 мянга орчим тонн хуванцрын хог хаягдал ачигдан иржээ. Малайзад ахуйн хог хаягдлыг устгах зах зээл 735 сая ам.доллараар үнэлэгдэж байна.

105380416_img_0736e Хогны импорт Малайзын нэгэн хотын амьдралыг бусниулж байна

Орон нутгийн зөвлөлийнхний мэдээлж буйгаар үүнийг дагаад хуванцар хог хаягдал шатаах хууль бус үйлдвэрүүд шил дараалан нээгдэж эхэлсэн гэнэ. Куала-Лангат дүүрэгт л гэхэд ийм 33 үйлдвэр нээгджээ. Зарим нь тосны далдуу модны тариалангийн дэргэд оршдог бол зарим нь бүр хот сууринд ойртон байршсан аж.

Гэвч нутгийн иргэд ийм үйлдвэр нээгдсэн тухай муухай үнэр, үүнээс үүдэлтэй өвчлөл дэгдсэний дараа л мэджээ.

“Наймдугаар сард ялангуяа хамгийн хүчтэй үнэртэй байсан. Миний бие өвдөж, тасралтгүй ханиалгах болсон. Энэ бүгд хог хаягдлын үйлдвэрээс болсныг мэдээд маш их уур хүрсэн” хэмээн Дэниэл Тай ярьжээ.

Хуванцрын хог хаягдлыг ихэвчлэн дахин боловсруулж, дараа нь өөр хуванцар материалын үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашигладаг. Гэвч хуванцрын бүхий л хог хаягдлыг дахин боловсруулах боломжгүй. Тиймээс хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд ийм дахин боловсруулахааргүй хог хаягдлаа тусгай төвүүдэд явуулж, төлбөр төлдөг аж. Харин хууль бус үйлдвэрүүд ийм хог хаягдлыг шатаах буюу газарт булдаг байна.

“Унтаж ч чадахаа болиод амьд үхдэл болсон”

105611145_img_0578e Хогны импорт Малайзын нэгэн хотын амьдралыг бусниулж байна

Нутгийн иргэн Нгу Кви Хонг шатаасан хог хаягдлын үнэрээс болж ханиалгаж, цустай ханиах болсон гэнэ.

“Би тэрхүү үнэхээр болж шөнө ч унтаж чадахаа больж, ядарсандаа болоод амьд үхдэл болон хувирсан. Харин дараахан нь л манай гэр бүхий л талаараа ийм хог шатаах үйлдвэрүүдээр хүрээлэгдсэнийг олж мэдсэн” гэжээ.

Гэрээс нь ганцхан километрийн зайд ийм үйлдвэр байгааг мэдсэн Белле Тан үүнээс болж 11 настай хүү нь хамгийн их өртөж байгааг ярьсан байна.

105395296_img_0745 Хогны импорт Малайзын нэгэн хотын амьдралыг бусниулж байна

“Хүүгийн маань биеэр том том юм гарч, арьс нь холцруутаж, хүрэхэд л унадаг болсон. Би түүнийхээ төлөө маш их айж байсан ч юу хийж өгч чадах билээ дээ. Агаарт байнга л утаа үнэртэх болсон” хэмээн Белле Тан ярьжээ. Хүүд нь илэрсэн шинж тэмдэг агаарын бохирдолтой холбоотой эсэх нь тодорхойгүй ч нэг шинжээчийн хэлснээр шатааж буй хуванцрын утаа амьсгалын замын эрхтэнд хүчтэй нөлөө үзүүлдэг гэнэ.

“Энэ утаа канцероген хэмээх бодисоор дүүрэн гэдгийг хамгийн гол нь мэдэх хэрэгтэй” хэмээн Сингапурын Үндэсний их сургуулийн профессор Тонг Йен Ва мэдэгджээ. Гэвч хогны үйлдвэрүүдээс гарах утаа хүний биед ямар нөлөөтэй талаар бүрэн судлагдаагүй байна.

“Нутгийн ихэнх иргэд амь зуухын эрхэнд завгүй л байцгаана. Тэд муухай үнэр үнэртэж байна хэмээн гомдоллох хэдий ч энэ утаа тэднийг алгуурхнаар хөнөөж байгааг ч анзааралгүй өөр өөрсдийн ажлаа хийсээр байна” хэмээн Дэниэл Тай хэлжээ.

Уул овоо шиг их хогийг яах вэ?

105395292_img_0582e Хогны импорт Малайзын нэгэн хотын амьдралыг бусниулж байна

Малайзын засаг захиргаа одоогийн байдлаар Женжаром дүүрэг дэх хог дахин боловсруулах хууль бус 33 үйлдвэрийг хааж, утааны асуудал хэсэгтээ намжмал байдалд оржээ.

33 мянган хүнтэй тус хотод өдгөө энэ их хогийг яах вэ гэсэн асуудал үүсээд байна. Хогны ихэнх хэсгийг улсаас хураан авсан боловч нэг хогийн цэгт л гэхэд 4000 тонн хуванцрын хаягдал хуримтлагдаад байна.

Уул овоо мэт сүндэрлэх энэ хогийг сайтар шинжвэл ихэнх нь Япон, Британи зэрэг гадны гаралтай хог хаягдал болох нь илэрнэ.

Малайзын эрчим хүний сайд Йо Би Йин энэхүү хог хаягдлыг цементийн үйлдвэрт шилжүүлж, зууханд нь шатаалгах нэг хувилбар байгаа гэжээ. Гэвч энэхүү шийдвэрт асар их хөрөнгө зарцуулагдана.

“Бидний тооцоолсноор зөвхөн хог хаягдлыг үйлдвэр рүү тээвэрлэхэд л 2,5 сая малай ринггит /613 мянган ам.доллар/ зарцуулагдана. Ингээд ч болов энэхүү уул овоо болсон хогноос салахаас өөр аргагүй” хэмээжээ.

105060133_img_0707edited Хогны импорт Малайзын нэгэн хотын амьдралыг бусниулж байна

Эх сурвалж: bbc.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.