Умард Атлантын Эвсэл буюу НАТО-гийн хойд жигүүрийг ОХУ-аас хамгаалахын тулд Их Британи Арктикийн бүс дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлнэ. “The Daily Telegraph” сонинд мэдээлснээр, энэ тухай Их Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон Норвеги улсын Бардуфосс баазад байрлаж буй Их Британийн тэнгисийн явган цэргүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.
Гэвин Уильямсоны мэдэгдсэнээр, 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрт заасны дагуу, Их Британийн 1000 хүртэлх тооны тэнгисийн явган цэрэг жил бүр Норвегийн тэнгисийн явган цэргүүдтэй хамтран бэлтгэл, сургууль хийх бөгөөд бригадын бүрэлдэхүүнээр цэргийн анги нэгтгэлийг удахгүй байгуулна. Үүнээс гадна, шумбагч онгоц эсэргүүцэгч “Boeing P-8 Poseidon” загварын шинэ нисэх онгоцоор 2020 оноос эхлэн Арктикийн дээгүүр эргүүлийн нислэг үйлдэх тухай мэдээлсэн байна. Ийм нислэг үйлдэх болсны гол шалтгаан нь тус бүс дэх ОХУ-ын цэргийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэнтэй холбоотой аж. “The Daily Telegraph” сонинд мэдээлж буйгаар, Оросын шумбагч онгоцууд хүйтэн дайны үеийн байдалд эргэн оржээ.
Тус сонинд мэдээлснээр, 2020 онд Шотландын Лоссимут баазад мөн “Poseidon” загварын есөн шинэ онгоц хүлээлгэн өгөх аж. Эдгээр нисэх онгоцуудаар Атлантын далайн хойд хэсгийн дээгүүр тагнуулын нислэг үйлдэхээс гадна, Их Британийн цөмийн шумбагч онгоцуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
Сэтгэгдэл