Монголын төрийн эрхтэнүүдийн дунд яригдаж эхлээд, олон нийтийн дунд багагүй хэмжээний маргаан дагуулж буй Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн байр сууриа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Тэрбээр ингэж ярьсан байна.
Ц.Мөнх-Оргил: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүүнээр элсэж болохгүй юм байхгүй, болно. Гэхдээ нууцаар хийж болохгүй. Хаа нэг газар хоёулхнаа, гурвуулахнаас сууж байгаад нэг тэмдэглэл үйлдээд ч юм уу, эсвэл УИХ-ын байнгын хороог нэг орой хуралдуулаад, нууцаар асуудал оруулж ирээд, таван минут ярьснаа “зөвшилцөл” гэж хэлээд шийдвэр гаргах гэж оролдож болохгүй. Нээлттэй ил тод хэлэлцэх ёстой.
Яагаад УИХ-аар хэлэлцэх ёстой вэ? гэхээр УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал олон нийтэд нээлттэй байдаг. Олон нийтэд нээлттэй байгаад зогсохгүй олон нийт сонгогдсон гишүүдээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлдэг. Тиймээс зайлшгүй УИХ-аар хэлэлцэх ёстой. Миний хувийн байр суурь гэвэл ШХАБ-д элсэхийн эсрэг байдаг. Гадаа харилцааны сайд байхдаа ч, дараа нь сул гишүүн болсныхоо дараа ч энэ байр сууриа илэрхийлсээр ирсэн. Яагаад гэвэл ШХАБ гэж яг ямар утга учиртай, алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдрийг хүртэл мэдэхгүй байна. Нэг хэсэг нь “Эдийн засгийн интеграцчиллын байгууллага болох юм аа” гэж яриад байгаа. Гэхдээ эдийн засгийн интеграцчилал хийгдээгүй. Хийгдэхгүй.
Өнөөдрийн байдлаар тийм асуудал яригдаагүй байна. Өөрсдөө ч хэлж байгаа, “Бид бол эдийн засгийн интеграцчиллын байгууллага биш ээ” гэж. Эдийн засгийн интеграцчилал ярья гэвэл жишээ нь Европын холбоо, АСЕАН байна. Энэ бол ойлгомжтой. Эсвэл ОХУ, Киргиз, Казакстан, Армян, Белорус тав нийлээд Евразийн эдийн засгийн холбоо байгуулчихсан. Энэ бол эдийн засгийн интеграцчилал. Нэг зах зээлтэй, дундаа хил хязгааргүй худалдааны том блок болж байна. Үүнийг бол ойлгож болно.
Гэтэл ШХАБ бол эдийн засгийн интеграцчиллын байгууллага биш. Нөгөө хэсэг нь “Цэрэг, улс төрийн холбоо үүсгэж байгаа юмаа” гэж яриад байгаа. Гэтэл тэд өөрсдөө “Бид холбоо биш шүү. Холбоо мөн, бишийг дахиад хэдэн жилийн дараа шийднэ” гэдэг. Яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй, тэд ч өөрсдөө хэлэхгүй, дэлхийн олон нийт ч гэсэн гайхаад хараад сууж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улсын хувьд юунд элсэх гэж байгаагаа мэдэж байж элсэх ёстой. Хоёрдугаарт яг өнөөдөр бодит байдал дээр хүйтэн дайны хоёр дахь үе эхэлчихээд байна.
Дэлхийн том гүрнүүд хоёр том блок болж хуваагдаад худалдаа, эдийн засгийн дайн хийж байна. ОХУ-ын эсрэг жишээ нь АНУ, Европын олон орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авчихаад байна. АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж байна. Худалдааны дайн нь даамжраад зэвсэглэлээр хөөцөлдөх нь ил тод болчихлоо. Нэгэнт хүйтэн дайн эхэлчихээд байгаа бол Монгол Улс энэ том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би бол үүнийг аюултай гэж бодож байна.
Монголын эрх ашиг хаана байна вэ, гэвэл хоёр хөрш оронтойгоо найрсанг, гүн хамтын ажиллагаатай, гэхдээ аль нэгнийх нь нөлөөнд гүн автахгүй, гуравдагч хөрштэйгээ ч бас эн тэнцүү харилцаатай байх ёстой. Гуравдагч хөршийн асуудал бидний хэдэн үеийн мөрөөдөл. Бид үүнийг ийм амархан хаячихаж болохгүй. Гурав дахь нэг том асуудал бий. ШХАБ-д орчихвол асар их мөнгө ороод ирэх юм шиг хүмүүс яриад байгаа. Би намын бүлгийнхээ хурал дээр Д.Цогтбаатар сайдаас асуусан, бусад хүмүүсээс ч асууж байгаа. “ШХАБ-д орчихвол мөнгө өгнө гэж амаарай ярьсан, цаасан дээр бичсэн юм байна уу, аваад ир” гэсэн. Байхгүй. Зүгээр л “тэгчихвэл тэгчих байх гэсэн” хоосон яриа.
Эсвэл ШХАБ-д гишүүнээр элсчихвэл Монголоор дайрсан Орос, Хятадын эдийн засгийн коридор асар хурдан хөгжих юм байна гэж ярьдаг. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний, хийн хоолойгоо, эсвэл худалдааны, зам тээврийн хоолойгоо хурдасгана шүү гэж хэн ч хэлээгүй., нэгдүгээрт. Хоёрдугаарт, өмнө бид эдийн засгийн коридорийн асуудал ярьж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай асуудал яригдаагүй л байсан шүү дээ. Тийм байхад бид коридороо яриад л явж байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорийн асуудлыг шийдэж болно.
Дараагийн нэг аюултай зүйл бол, үнэхээр хэрвээ “Мөнгө өгье, та нар элсээч ээ” гэсэн бол Яагаад? Бид ч гэсэн асууна. Та нар ч гэсэн гадаад бодлого барьж байгаа хүмүүсээсээ асуу. Үнэхээр яана гээд байгаа юм, шахаад байгаа юм уу? Орохгүй бол яана гээд байгаа юм? Асуугаад үзэх ёстой. Миний мэдэхээр энэ хоёр улс тэгээгүй. ШХАБ-д орохгүй бол бензинээ бооно гэсэн үү, эсвэл худалдаагаа бооно гэсэн үү? Тийм шаардлага тавиагүй. Тэгэхээр бид ийшээ яарч сандарч гүйж орох нь аюултай.
Бид бол жижиг улс. Асар их түүхтэй, соёлтой, амьдралын өвөрмөц хэв маягтай. Гэхдээ бид жижиг буурай улс. Манай хоёр том хөрш бол дэлхийн гадаад бодлого, геополитикийг тодорхойлж байгаа том гүрнүүд. Энэ хоёр том гүрний гол тоглолтоо хийж байгаа байгууллагад гүйж орчихоод дараа нь тэндээсээ гарч чадахгүй.
Хүмүүс яриад байна лээ, өө тэр чинь аягүй гайгүй байгууллага байна лээ. Бүх шийдвэрээ санал нэгтэй гаргадаг юм байна лээ гээд байгаа. Монгол Улс энэ байгууллагын гишүүнээр орчихоод Оросын эсрэг, эсвэл Энэтхэг, Хятадын эсрэг “Үгүй ээ, би энэ байр суурийг дэмжихгүй” гэж ширээ шаагаад хэр удаан зогсч чадах вэ? Бодит амьдрал дээр тийм бололцоо байхгүй.
Бод л доо. Манай гадаад худалдааны 80 хувь нь урд хөршөөс, нефть болон эрчим хүчний 80 хувь хойд хөршөөсөө хамааралтай. Тийм байж энэ хоёр улсын зонхилж байгаа байгуулагад гүйж орчихоод дуртай цагтаа хаалгыг нь саваад гарна, дуртай цагтаа хаалгаа хаагаад оруулахгүй байж чадна гэж ярьж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Тийм учраас энэ бол маш болгоомжтой, олон талаас нь бодож шийдэх асуудал. Цаасан дээр биш, бодит амьдрал дээр улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалтай холбоотой асуудал.
Сэтгэгдэл