Өнөөдөр нийслэлчүүдийг дөрвөн зүг, найман зовхист хүргэж өгдөг ганц унаа л микронууд. Дээр дурьдсан асуудлууд бий, бий. Гэхдээ л буудал дээрээ зогсохгүй давхидаг, хүнээ буулгаж, суулгахгүй хаалгаа хаадаг, багтаж шингэхэд бэрх автобусыг бодвол суудалтай давуу тал олонтой. 500 төгрөг төлчихөөд л суудал дээрээ лаглайгаад хүссэн газраа "буулчий дэхүү” гэж хэлээд буучихэж болдог. Цаг оройтсон болзоо, ажлын газрын уулзалт, нийллэг бидний амьдралд бишгүй л тохионо. Энэ бүгдээс тараад таскидаад байна гэвэл бүтэхгүй. Тэгвэл хотын төвөөс аваад л гэрийн чинь гадаа буулгах үйлчилгээг микронууд л үзүүлж байна. Тэгсэн автобуснууд яасан. Аль эрт гэр гэрийн зүг дайрчих шахан хурдалж яваа. Зарим нэг нь автобааз руугаа явах замдаа халтуур хийх нь хийнэ. Гэхдээ л өдрийн од шиг. Автобус хүлээж зогсох зовлонг хотын төвийнхөн яаж мэдэх вэ дээ. Тэгвэл хотын захынхны зовлонг нэмгэлж буй ганц унаа микро л байдаг.
Гэтэл микронуудыг тээвэр хийхийг зогсоох тухай шийдвэрийг дарга нар гаргачихлаа. Тэдэнд ийм шийдвэр гаргахад амархан л даа. Өөрсдөө гэрийнхээ үүднээс албаны унаагаад авахуулчихдаг хүмүүс гадаа гандаж, хөлөө дэвсэлж, автобус хүлээх зовлон байх биш. Тиймээс өнгөн үзэмжээр "царай муутай, хуучин” гээд л микронуудыг үйлчилгээ эрхлэх боломжийг нь хязгаарлахаар шийдвэрлэжээ. Биднийг боддоггүй юм байж. Иргэд ирсэн ганц автобусанд нь чихэлдэж ороод л багтахгүй бол дараагийнх, дараагийнх гээд л хүлээгээд л зогсоод байя. Бидний зовлон ямар барагдах биш. Харин ийм шийдвэр гаргасан дарга нар нь зам хааж байгаад л хурд хэтрүүлэн хажуугаар давхисаар.
Хамгийн гол нь энд нэг л асуудал үүсэх нь. Юу вэ гэвэл автобусанд багтахгүй үлдсэн иргэдийг тээвэрлэж байсан микрочид ажилгүй бол тэдний ард олон ам бүл идэх хоолоор дутах нь. Микрочдын хэлж байгаагаар 1600 орчим иргэд энэ шийдвэрээс болж ажилгүй болох аж. 1600 хүний цаана хэчнээн хүний амьдрал яригдах вэ. Энэ л асуудал...
Больё бид нар алхаад л, чихэлдээд л, ажлаасаа хоцроод л, зовлогоо үүрээд явж л байя. Гол нь та бүгдийн шийдвэрээр энд маш олон иргэд ажилгүй болж, эмзэг давхарга руу шилжиж байна. Үүнийг хурд хэтрүүлэн давхих эрхэм дарга нар минь бодсон л байлгүй дээ.
Undesten.mn
Сэтгэгдэл