Автобус нь дахь тулаанд "Хотын дарга аа дуудья"


Автобус нь дахь тулаанд "Хотын дарга аа дуудья"Нийслэлчүүд нийтийн тээврийн шинэчлэлт дасах гээд гурван сарын хугацааг ардаа үдлээ. Шинэчлэлээр U-Money карт буюу цахим карттай болсон, автобусны маршрутыг өөрчилж богино эргэлт хэмээх горимд шилжсэн явдал нь өнөөдрийг хүртэл асуудал дагуулж ард иргэдийг хохироосоор байна.

Нэгдүгээрт, U-Money цахим картыг худалдаж авах шаардлагыг удаа дараа тавьсны эцэст энэ асуудал овоо намжсан. Мэдээж бэлэн мөнгөөр зорчвол 1000 төгрөг төлөх болохоор аргагүй нь эрхэнд иргэд 3600 төгрөгөөр хоосон карт аван цэнэглүүлж нийтийн тээврээр зорчих болсон. Гэвч энэхүү картыг хаявал хохь нь болж байгаа нь сул тал. Үүний нэг жишээг дурдахад, саяхны нэг өдөр танил дүү "Би өнөөдөр явж байгаад хүүхдийн автобусны карт олсон. Тэгээд автобусанд уншуултал 17200 төгрөгийн үлдэгдэлтэй байна лээ. Эзнийг нь олж өгч чадахгүй болохоор би автобусанд уншуулаад яваад байгаа" гэв. Олсон хүний олз гэдэг нэгэнтээ эзнийг нь олж өгөхгүй боломжгүй юм хойно хэрэглэхээс өөр яах билээ дээ.

Уг нь "ухаалаг карт" нэртэй хэдий ч хувь хүнтэй холбогдох ямар ч тэмдэглэл байхгүй нь харамсалтай. Дээрээс нь картаа цэнэглүүлэх гээд "U-Money" худалдаалдаг цэг дээр очихоор тэр бүр цэнэглэх боломжоор бүрдээгүй байдаг. Ингээд автобусанд мөнгө нь дууссан карттай орсон иргэн бэлэн мөнгөө төлнө эсвэл "таны дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна" гээд байхад л дахин дахин картаа уншуулж бусдад төвөг удах жишээтэй. Төвөг удах гэдэг нь өглөө, оройдоо автобус дүүрэн хүнтэй явна. Гэртээ эртхэн харьчих гээд ирсэн автобус руу хүн болгон багтаад суучхыг бодоод өмнөх хүнээ хурдан картаа уншуул, мөнгө чинь хүрэхгүй байна гэнэ. "Мөнгөө хурдан мөнгөний саванд нь хийгээд хойшоо яваад өгөөч. Бид багтаад суучихмаар байна" гээд л...автобусны тулаан эхэлж байгаа нь энэ. Энэ үзэгдэл өглөө ч мөн адил давтагдана.

Нийтийн тээврийн маршрутыг өөрчилж орхисон нь хамгийн буруу шийдэл болж. Төв замын чиглэлд явдаг автобус өглөө, оройдоо пиг дүүрэн хүнтэй. Өглөө ажилдаа цагтаа очъё гэвэл их эрт гарах хэрэгтэй. Энэ нь завсрын буудалд амьдардаг хүмүүст их хамааралтай юм. Учир нь төв замаар олон автобус үйлчилгээнд явж байгаа хэдий ч зорчигч нь багтахгүй үймээн болно. "Чи цаашаа, би ийшээ болъё" гээд л автобусан дахь хэрүүлийн алим хувааж идэх ажил эхлэх нь тэр. Өчигдөр ажлаасаа 6 цагтай уралдан гарлаа. Ийн гарахын тайлал нь мэдээж хүн багатай автобусанд суух. Гэтэл санаснаар болсонгүй ээ.

"Суугаад л араасаа баахан хүмүүсээр түрүүлэн пиг хүн дотор чихэлдээд л орлоо. Нэг настай эгч "алив наагуур чинь зөрөх зай байна уу? ямар их хүн суулгадаг юм. Хурдан хөдлөөд яваа ч жолооч оо" гээд орилов. Хажууд нь зогсох оюутан охин "эгч ээ бид нар чинь өглөө, оройдоо ийм байдалтай явдаг юм. Буух буудал чинь ойртож байгаа бол урд талын хүмүүсээ зөрье гээд хаалга руу дөхөх хэрэгтэй. Тэгэхгүй бол та бууж чадахгүй үлдэнэ шүү" хэмээн зөвлөв.

Автобус буудал болгон дээрээ зогсож хүнээ суулгаад хүн зөрөх нь бүү хэл, амьсгал давчдаж эхэллээ. Нөгөө настай эгч "хүүхдүүдээ цонхоо онгойлго агааргүй муужирч уналаа" гэх нь тэр. Бие муутай хүн бол автобусанд суухыг бодоод ч хэрэггүй. Сүүлийн үед автобусанд ухаан алдаж унасан тохиолдол цөөнгүй гэнэ. Миний хажууд зогсох нөгөө оюутан охины найз нь муужирч унаад, газар унах зайгүй байсан болохоор шууд л нэг хүнийг түшээд л ухаан алдаж. Гэтэл хажуу дахь хүн нь ухаан алдсаныг нь мэдэхгүй түлхсэн" тухайгаа хуучилж тэр настай эгчийг цонх руу ойртоход тусалсан юм.

Бүгчим, хөл тавих зайгүй чихэлдсэн автобусны жолооч огцом тоормосолж, ухрах үйлдэл хийж байлаа. Хүмүүс уурлаад "чи битгий ингэж огцом тоормослоод байгаа ч хүн нэмж суулгах гээд ийм арга хэрэглээд байгаа юм уу" гээд нэг ах ихээхэн уурлаж жолоочийг загнатал овоо нэг тоормослохоо болив. Тэгсэн автобусны буудал дээр зогсохоороо огцом тоормослох үйлдэл хийж байгаад хүмүүсээ чихэж суулгаад байсныг зорчигчид мэдэж бөөн хэрэг мандлаа.

Гэтэл огцом тоормослоход нэгэн зорчигч эмэгтэй хажуудаа байсан залууг гараараа мэдэлгүй нударсан аж. Автобусны хойд талд зодоон болох нь тэр. Хүмүүс орилж хүнээ суулгахаа болиоч ээ багтахгүй байгааг харж байна уу? хойно зодоон болоод байна гэж хэлэхэд хянагч, жолооч хоёр тоож байгаа шинжгүй явлаа. Санамсаргүй цохиулсан залуу нөгөө эмэгтэй эргүүлээд цохиод авлаа гээд л тэнд байсан хүмүүс орилолдов...

Ийнхүү гэртээ харих замдаа золтой л хүн амины хэрэг гарчихмаар үйл явдалтай тулгарч "Зүүн-салаа" чиглэлийн автобуснаас эсэн мэнд буув. Хотын дарга минь та өөрөө ганц ч хүн суугаагүй автобусанд суух хэрэггүй. Орой ажил тарах үеэр төв замын чиглэлийн автобусанд суугаад нэг үзээрэй.

Ард иргэд автобусанд хэрхэн тулалдаан орж байгааг та харах болно. Хэдхэн хоногийн өмнө автобус огцом тооромзлосны улмаас унаж бэртээд гэмтлээ дийлэлгүй амь насаа алдсан хэрэг хүртэл гарсан.

Энэ бүх тулаан автобусны чиглэл өөрчлөгдсөнөөс болсон юм. Өмнө нь хэзээ ч ийм байдалд ард иргэд орж байгаагүй юм. Нийтийн тээврийн эргэлтийн зай, цагийн ачааллыг уян хатан зохицуулах хэрэгтэй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.