Н.Гантөмөр дарга аа, нийтийн тээврийнхний нисдэг "амбаар" хүний амь нас хөнөөгөөд байна


 Н.Гантөмөр дарга аа, нийтийн тээврийнхний нисдэг "амбаар" хүний амь нас хөнөөгөөд байна Нийтийн тээврийн том оврын автобуснуудын жолооч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас болж маш олон хүн хохирч, бэртэж зарим нэг нь энэ хорвоог цаг бусаар орхиж байгаа тухай мэдээллийг бид өдөр болгон л сонсч байна.
 
Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд нийтийн тээврийн салбарыг шинэчилнэ гэж чамгүй их хөрөнгө мөнгө зарсан. Гэвч хүнийхээ сэтгэхүйг шинэчилж чадахгүй, бас сургаж чадсангүй. Тиймээс л дампуурсан салбарын нэг нь яалт ч үгүй нийтийн тээврийн салбар болчихоод байна. 
 
Тиймээс л энэхүү хүний амь авч одож буй гэмт үйлдлүүд нийгэмд нилээдгүй хор хөнөөл дагуулж буй учраас дахин хэлэхийг хүссэн хэрэг. Тухайлбал, бид орой ажлаа тараад нийтийн тээврээр зорчих үед жолооч нар эгнээ байраа зөв эзлэхгүй хүссэн эгнээндээ орж, хурд хэтрүүлэн давхиж улмаар зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг зэрэг асуудлууд өдөр тутам гарч иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа нь нууц биш. 
 
Хамгийн гол нь жолооч нарын энэхүү асуудалд холбогдох албаны хүмүүс нь ямар сахилгын шийтгэл ногдуулж, ямар хариуцлага тооцсон, хэрхэн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ажилтнууддаа заавар зөвлөмж өгдөг эсэх нь үнэндээ бүрхэг байдаг. 
 
Хамгийн наад захын жишээ гэхэд л өнгөрсөн сарын 28-ны өдөр СХД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн зам, Улаанчулуутын хогийн цэг явах замд "Сутайн буянт” ХХК-ийн "Daewoo BS-106” автобусны жолооч Б нь автобусны буудал дээр зогсож байсан зургаан явган зорчигчийг мөргөж, оршин суух хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй амь нас нь хохирч, тухайн автобусанд явж байсан найман зорчигч гэмтсэн ноцтой зам тээврийн осол гарч байсан. Мөн энэ сарын 1-ний өдөр л гэхэд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой таван осол гарч байсан. 
 
Тэгвэл өчигдөр СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж, Шинэ замын автобусны буудалд "Авто терминал трейд" ХХК-ны "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Д нь зорчигч 69 настай эмэгтэй Ж-г унагаж гэмтээсэн хэрэг гарсан байна. Уг нь нийтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, тэрч бүү хэл дуут дохиог өглөө болгон шалгаж, жолооч нарыг байнга сургалтад хамруулдаг гэж яриад байдаг нийтийн тээврийн жолооч нар өнгөрсөн 2014 онд 138 хүнийг гэмтээж таван хүний амь насыг бүрэлгэж байсан.
 
Нийтийн тээврийнхний нарын энэхүү дүрэмгүй тулаанд хяналт шалгалт сул байгаа учраас жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хөнөөх, гэмтээх тохиолдолууд сүүлийн хэд хоногт олноор гарах боллоо. Хаа, хаанаа хараа хяналт байхгүй хөлдүү мах ачиж яваа аятай аашилдаг ёс зүйгүй хэдэн жолооч нарыгаа нийтийн тээврийн удирдлагууд хийгээд Нийслэлийн Зам, тээвэр, Дэд бүтцийн асуудлыг хариуцдаг хотын даргын орлогч Н.Гантөмөр ч энэхүү асуудалд анхаарлаа хандуулахгүй байгаа нь хачирхалтай.
 
Ийн хэлэхийн учир нь ажил үүргийн биелэлт, нийгмийн шаардлагаа харвал яалт ч үгүй нийтийн тээврийн асуудал Н.Гантөмөр даргад хамааралтай. Уг нь Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран энэ сарын 04-ний өдөр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгж дэх 777 тээврийн хэрэгсэл, жолооч нарыг хамруулан гэнэтийн шалгалт хийсэн ч энэ ажил нь төдийлөн ахицтай биш байгаа нь энэ олон ослоос харагдаж буй юм. 
 
Хэдийгээр Н.Гантөмөр дарга "Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга, хариуц¬лагыг дээш¬лүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгсөн ч гэсэн энэ сарын 7-ны өдөр зорчигч тээвэрлэж явсан автобус явах үедээ шатсан хэрэг гарч л байсан.
 
Хэдийгээр энэ бүх хариуцлагыг жолоочид үүрүүлэх ч гэлээ асуудлыг цэгцэлж, эрс шинэчлэл хийж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд Н.Гантөмөр дарга хатуу арга хэмжээ авах ёстой. Түүнээс биш албан өрөөнөөс бичиг үйлдчихээд хариуцлага тооцно гэж яриад суувал нийтийн тээврийнхэн энэ мэт үйлдлээрээ маш олон хүний амь насыг бүрэлгэсээр байх болно. Хэрвээ шаардлагатай гэвэл Н.Гантөмөр дарга орой ид ажил тардаг оргил ачааллын үеэр автобусаар зорчоод нэг үзээрэй.
 
Миний дээр хэлсэнчлэн таны удирдлаган доор байдаг нийтийн тээврийнхэн эгнээ байраа зөв эзлэхгүй хүссэн эгнээндээ орж, хурд хэтрүүлэн давхиж улмаар зорчигчдоо булаалдан хоорондоо уралддаг зэрэг олон зүйлийг та нүдээр харж баримтжуулах болно.
 
Түүнээс ганц албан бичиг үйлдчихээд "Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаж байна” хэмээн сууж байвал ёстой том эндүүрэл шүү эрхэм Н.Гантөмөр дарга аа. Уг нь хүний амь юунаас ч илүү үнэ цэнэтэй юугаар ч нөхөж орлуулж болшгүй капитал гэдгийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниудад ойлгуулах цаг нь иржээ. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.