Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга
Н.Энхбаяр интерполоор эрэн сурвалжлагдаж буй дүү Н.Энхтуяатайгаа
холбоотой албан тушаал, авилгалын хэрэгт сэжигтнээр, одоо МАХН байрлаж
буй, АНУ-ын иргэн А.Гинсбургийн эзэмшилд байсан байрыг залилсан хэрэгт
сэжигтнээр, Эрүүл Мэнд, Спортын Сайд асан Г.Шийлэгдамбын авилгал авсан
хэрэгт гэрчээр тус тус тооцогдоод буй билээ. Мөн дахин нэмж, МАХН-ын
гишүүн, Худалдан Авах ажиллагааны газрын дэд дарга асан, "Малчин"
компаний эзэн С.Дашдондогийг залилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг
үүсгэх нь тодорхой болжээ. С.Дашдондог нь УИХ-ын 2012 оны сонгуульд
МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс нэр дэвшиж, аймгийн МАХН-ыг удирдаж,
тус намаас төрийн тендерийг хариуцсан агентлагийн дэд даргаар ажиллаж
байсан нэгэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярт 500 сая төгрөгөө
залилуулсан хэмээн хуулийн байгууллагад өргөдөл гаргажээ. МАХН-ын
гишүүн С.Дашдондогийн өргөдөлтэй холбоотойгоор ийнхүү Монгол улсын
гуравдахь Ерөнхийлөгчид холбогдох дөрөв дэхь хавтаст хэрэг үүсч буй юм.
Уг хэргүүдтэй холбогдуулан хуулийн байгууллагаас МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбогдож, мэдүүлэг, тайлбар өгөхийг хүссэн ч тэрээр боломжгүй гэдгээ шуудхан хэлж, одоог хүртэл очоогүй байгаа билээ.
Хэдийгээр албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч Н.Энхбаяр хэрэв хуулийн байгууллагад очиж, тайлбар өгөхгүй хэвээр байвал түүнийг албадан саатуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг эх сурвалжууд өгүүлж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын ойр тойрныхон ч үүнд бэлтгэлтэй байгаа бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Н.Энхбаяр даргыг баривчлах байх. Зохиол нь тэгж бичигдсэн юм шиг байна лээ" хэмээн өгүүлжээ.
П.Мандах
sonin.mn
Сэтгэгдэл