Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш УИХ-ын Тамгын газрын архивт хадгалагдсан хэвээр гурван жилийн хугацааг үдэж байна. Улстөрчид болон эдийн засагчид байсхийгээд л энэ тухай хөндөж, тэгсхийгээд л асуудал намждаг. Тэгвэл ирэх хаврын чуулганаар энэ хуулийн төслийг нэг талд нь гаргахаар шийдсэн бололтой.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслөөр гадаадын банкыг хөрөнгө оруулалтын чиглэлээр оруулж ирэх асуудлыг зохицуулсан. Харин гадаадын банк иргэдийн хадгаламж авахыг хориглож байгаа юм. Гол зорилго гадаадын банк оруулж ирээд, тэр нь том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх. Гэтэл яг энэ асуудалтай холбогдуулан өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы хуралдаан оролцож, том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр том барьцаа л шаардагдана. Эцэст нь Монголын ашигт малтмалын лиценз гадаадынх болох вий гэх хардлага төрж байна, хуулийг төслийг дэмжихгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэснээр дөнгөж хэлэлцэх эсэх асуудал нь яригдаж байсан хуулийн төсөл “мартагдсан”.
Энэ хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байдаг байна. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай. 100, 50 хувийн хөрөнгө оруулалттай ч байгаа юм. Тэгэхээр энэ шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкыг шинээр зохицуулалт хийгээд, эсвэл гадаадын банкны салбарыг шинээр оруулж ирэх нь хаалттай байсан зүйлийг нээлттэй болгосон зүйл огт биш гэдгийг тодотгох хэрэгтэй болж байгаа юм.
Гэсэн ч манай улсад энэ хууль батлагдаад хэрэгжихэд хөрс нь бэлэн биш гэдгийг хэлэх хүн олон байна. Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нь зах зээл дээр 2 үндсэн нөхцөл байдал дээр тулгуурладаг. Хувьцаа хөрөнгийн зах зээл ба зээлийн хөрөнгийн зах зээл. Гэтэл манай улсад энэ 2 зах зээл огт хөгжөөгүй. Нэг үгээр суурь эдийн засаг идэвхжилгүй байгаа болохоор манайд хэн ч орж ирэхгүй байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна. Энэ мэт хууль анхны хэлэлцүүлгээс эхлэн маш олон эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа. Хэрэв энэ хууль батлагдвал банк, санхүүгийн салбарт маш том өөрчлөлт гарах нь тодорхой. Иймээс ч хуулийн төсөл хугацаанд дуншсаар байна.
П.АНИР
Оллоо.мн
Сэтгэгдэл