Лого ч үгүй, Цагийн хүрд ч үгүй "үндэсний телевиз"


 

Иргэд, олон нийт Үндэсний телевизийн "Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан мэдээ, мэдээлэл "итгэдэг” гэсэн судалгаа дүн байдаг. Хувийн телевизүүдийг бодвол цаг хугацаа алдсан, шуурхай бус, нуршилт ихтэй, нэг талыг баримталдаг ... гэхчлэнгийн олон дутагдалтай талууд ажиглагддаг ч олон нийт цагийн хүрддээ "хайртай”.
Гэвч МҮОНРТ дээр хийгдсэн шинэчлэлээс болоод олон нийт цагийн хүрдээ "үзэж чадахгүйд” хүрчихээд байна. Учир нь МҮОНРТ салбарлаж, "Монголын мэдээ” гэх шинэ сувгийг байгуулсан. Тус сувгаар л мэдээ мэдээллийн хөтөлбөрүүд нь цацагдах ёстой аж.
 
Улмаар МҮОНТ-ийн 20.00 цагт өөр нэвтрүүлэг гарч байхаар болж.
 

Үүнээс болоод л кабель болон агаарын сувгийн хүлээн авагчгүй айл өрх "цагийн хүрд”-ээ үзэх боломжгүй болоод байгаа юм. Мөн кабельтай, агаарын сувагтай айл өрх ч "цагийн хүрд”-ийг хааж үзэхэд хүндрэл учирчихлаа. Харин үүнийг Ерөнхий захирал Ц.Оюундарь "шинэчлэл” хэмээн тайлбарлаж байгаа юм. Гэвч энэ шинэчлэл нь энгийн иргэдийн амьдралаас "хол тасраад” явчихлаа.

 


 

Түүний олон шинэчлэлээс "Монголын мэдээ” сувгаас гадна олон асуудал иргэдэд таалагдсангүй. Нам солигдохоор л төрийн байгууллага үймэрч, хөл толгойгүй болдог шиг "олон нийтийн” гэх тодотголтой үндэсний телевиз ч дарга солигдохтой зэрэгцээд л хөл толгой нь мэдэгдэхгүй болчихлоо. Бүр лого ч үгүй болчихсон гээд бод. Олон түмний нүдэнд дасал болсон гурван өнгийн логог Ц.Оюундарь хатагтай олон сая төгрөгөөр сольсон. Лого солихоор шинэчлэл хийгдсэн харагдах юм байх. Эсвэл өмнөх дарга нарын хэрэглэж байсан лого Ц.Оюундарь даргад таалагдаагүй байх нь.

 

 

Гэвч ч сүрийг үзүүлж, 40 гаруй сая төгрөг зарцуулан байж хийгдсэн өнөөх "печень”-н лого нь оюуны эрхийг зөрчсөн учраас цаашид ашиглах боломжгүй болсон юм. Ингээд л "Үндэсний телевиз” минь лого ч үгүй, "цагийн хүрд” ч үгүй болж, шинэчлэгдлээ. Харин түүний шинэчлэлийг хүлээн авч чадахгүй байгаа иргэд "Үндэсний телевиз цагийн хүрдгүй болохыг үздэг үйлтэй хүн дээ би” хэмээн халагдах болж. 

Undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.