Экспортод бүтээгдэхүүнээ гаргах нь манай дотоодын компани, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гол зорилго байдаг. Энэ зорилгод хүрэхэд тэдэнд төрийн нэгдсэн бодлого, дэмжлэг, нэгдмэл байдал чухал байгааг онцолдог ч төр болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод өнөөдөр шийдвэртэй алхам хийхгүй байгааг шүүмжилсээр ирсэн. Өнөөдөр манай улс Европын холбооны улс болон Японы Засгийн газартай худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэвч далайд гарцгүй манай улсын тухайд тээвэр ложистикийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан энэ гэрээг ашиглах боломж бага аж. Тус гэрээгээр манай улс Европын орнуудад 7500 нэр төрлийн бүтээгдэхүүн экспортлоход хөнгөлөлт эдлэх эрхтэй юм байна. Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүний жагсаалтын 50 хувийг манай оронд үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн эзэлдэг байна. Түүнчлэн олон улсад стандартын өндөр шаардлага тавьдаг. Тухайлбал, Европ болон Японы хэрэглэгчид манай ноос, ноолуур болон эсгий бүтээгдэхүүнийг ихээр авах сонирхол байдаг ч стандартын шаардлага хангадаггүй аж. Тухайлбал, Японы хэрэглэгчид манай эсгий шаахайг хэрэглэхийг хүсдэг ч барааны код олгох ажил учир дутагдалтай зүйлс байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, эсгий шаахайны улыг хальтрахаас сэргийлж арьс болон бусад резинэн материалаар хийхэд хилээр уг бүтээгдэхүүнийг гаргадаггүй. Учир нь эсгий бүтээгдэхүүн зөвхөн эсгийгээр байх өөр ямар нэгэн туслах материал ороогүй байхаар кодлодог учраас тэр. Энэ мэтчилэн олон бүтээгдэхүүн дээр асуудал гардаг байна. Тэгэхээр ямар нэгэн улс оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээг байгуулахдаа төрийн байгууллага нь мэргэжлийн холбоод, судлаач төрийн бус байгууллагатай хамтарч тэдний санал хүсэлтийг тусгах хэрэгтэй. Ингэснээр уг гэрээг үр дүнтэй ашиглах боломж ихэснэ хэмээн судлаач зөвлөж байсан юм. 1990 онд манай улс АНУ-ын худалдааны хөнгөлөлтийн нэгдсэн системд хамрагдаж байжээ. Гэхдээ зөвхөн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн дээр ашиглаж хэлэлцээрийн үр дүнгээр тухайн үед манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байв. “Тухайн үед манай Засгийн газрын алдаатай бодлогоор уу, Хятадын хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд олноор байгуулагдаж түүхий эд, материалаа тус улсаас авдаг болж түүгээр зогсохгүй манай оёдолчдыг үйлдвэртээ ажиллуулж бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. Харамсалтай нь уг бүтээгдэхүүний орлого Хятад улс буюу хөрөнгө оруулагч руугаа ордог. Ингээд хөнгөлөлтийн систем хэрэгжих хугацаа дуусангуут хөрөнгө оруулагч нар гарч явжээ. Харин оронд нь хэдэн эвдэрхий оёдлын машин, ажилгүй болсон оёдолчид үлдсэн гэдэг. Хөнгөлөлтийн системийн үр дүн манайд хангалтгүй хэрэгжсэн ч манай оёдолчдын чадвар сайжирч, туршлагажсаны үрээр өнөөдөр тэд хувьдаа амин зуулгаа залгуулах оёдлын цех байгуулж байсан түүхтэй. Харин өнөөдрийг хүртэл тэднийг нэгтгэх, хөнгөн үйлдвэр байгуулах төрийн бодлого үгүйлэгдэж тэдний төлөө ажиллах ТББ-ууд болон МҮХАҮТ нь хүртэл санаачлагатай ажиллахгүй байгаа юм. Тэгэхээр цаашдаа манай улс худалдааг хөнгөвчлөх чиглэлээр ямар нэгэн улсын хөнгөлөлтөд хамрагдвал дараа нь үүний үр дүнд бидэнд юу үлдэх вэ гэдгийг хөгжлийн бодлогтойгоо уялдуулах ёстой “ хэмээн эдийн засагч, хуульч Б.Хаш-Эрдэнэ ярьсан юм. Үүнээс гадна манай улсад элэгтэй АНУ-ын Конгрессын гишүүн манай оронтой худалдааг хөнгөвчлөх гэрээ байгуулахаар ажиллаж буйг салбарын яамны мэргэжилтэн хэлсэн. Нөгөөтэйгүүр хүн ам, эдийн засаг багатай манай орны тухайд ядаж хоёр хөрштэйгөө гадаад худалдааг хөнгөвчлөх гэрээг аль аль талдаа ашигтайгаар байгуулах хэрэгтэйг эдийн засагчид онцолж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.БАЯР
Сэтгэгдэл