Сахал Бат-Эрдэнээр эхэлсэн сайн жишиг сахал Бат-Эрдэнээр дуусав


Энэ парламент хоёр Бат-Эрдэнэтэй. Гишүүд Хэнтийгээс сонгогдсон Бат-Эрдэнийг  аварга, Булганаас сонгогдсон Бат-Эрдэнийг “сахал” гэж ялгаж дууддаг. Хоёр Бат-Эрдэнийн нэг нь Батлан хамгаалахын, нөгөө нь Зам тээвэр, хөгжлийн сайд байсан.

“Сахал” Бат-Эрдэнэ гишүүн МАН-ын 27-гийн бүлгийн квотоор У.Хүрэлсүхийн Засгийн газрын Зам тээвэр, хөгжлийн яамны сайдаар томиглогдож байв. Сайд байхдаа агаарын тээвэрт “шинэ салхи” оруулна гэж явсны хүчинд Улаанбаатар-Сөүлийн чиглэлд Корейн айрын 28 жилийн монополийг халж, өнөөдөр гурав дахин хямд үнээр нислэг үйлдэхээ зарлаад байна. Гэвч  өнгөрсөн жил Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар төрийн хамгаалалттай, төрийн яамны орчинд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан юм. Сайд Ж.Бат-Эрдэнэ тэр зодоонд оролцоогүй, тэнд байгаагүй. Гэхдээ ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорсон. Ийм шийдвэр гаргахад Ж.Бат-Эрдэнийн өөрийнх нь санаачилга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтын аль аль нь байсан ба хувилах боломжгүй.

Өмнө нь хариуцсан салбарт нь  ямар нэгэн осол аваар, харамсалтай үйл явдал болоход доод, дунд шатныхан л хариуцлага хүлээгээд явдаг, сайд суудалдаа  үлддэг байв. Тэгвэл сайд Бат-Эрдэнээр эхэлсэн сайн жишиг Бат-Эрдэнээрээ дуусав бололтой. Гэтэл сүүлийн үед хууль зүй, батлан хамгаалах, уул уурхайн салбарт нэгээр тогтохгүй, олон хүний алтан амь эрсдээд байхад салбарын сайд нар нь чимээгүй л сууна. Хариуцлагын сураг ч алга.  

Тухайлбал, батлан хамгаалахын салбарт хоёр ч цэрэг үүрэг гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

-Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан.

-Хоёрдугаар сарын 28-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эх орны дуудлагаар  мордсон энх цагийн цэрэг амиа алдсан цэргийн хэргийн талаар салбарын сайдаас тайлбар авах гэсэн боловч тэрээр байр сууриа илэрхийлээс татгалзсан.

Мөн хууль зүйн салбарт он гарснаар хоёр ч хүн золгүй байдлаар амиа алдаад байна.

-Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид  харуулын цэрэг үүргээ гүйцэтгэж байгаад нэгдүгээр сарын 30-ны өдөр оргосон цэргийг нас барсан байдалтайгаар олсон билээ. Оргосон цэргийг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олсон юм.

-Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байсан шүүгч эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан одоогоор 461 дүгээр ангийн захирагч болон тухайн өдөр ээлжинд гарч байсан хянагч, ээлжийн ахлагч нарыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажлаас чөлөөлөөд байгаа юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хариуцлага тооцох асуудлыг сүүлийн хоёр, гурав хоногт л над руу чиглүүллээ. Би хариуцлага тооцох нь тооцно. Гэхдээ яг ном журмаар нь асуудалд хандана. Харин надад хариуцлага тооц гэж байгаа зүйл бол захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа нь шал өөр зорилготой, өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж байгаа зүйлүүд бий” хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. Мөн тэрээр ......

-Мөн өнгөрсөн зун л гэхэд хоёр долоо хоногийн зайтай хоёр ч хүүхэд цахилгаанд цохиулж амиа алдсан маш харамсалтай хэрэг гарсан. Хоёрын хоёр хүүхэд цахилгаанд цохиулж нас барчихаад байхад хариуцлага хүлээх хүнгүй. Тэр үед салбарын сайд Ц.Даваасүрэн нь Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайг шууд удирдах эрх мэдлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас салгаж авах саналаа ярьж явлаа.   

-Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт л гэхэд “Эко алтан Заамар” команийн карерийн хана нурснаас болоод дөрвийн дөрвөн иргэнээ алдлаа. Мэргэжлийн хяналтаас тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан ч цуцлаагүй өдийг хүрсэн байна. Гэтэл энэ харамсалтай хэргийн үеэр, осолдсон зарим иргэнийхээ цогцсыг ч олоогүй байхад салбарын сайд Сумьяабазар нь Канад руу хуралд оролцохоор мордож байлаа. Тэнд юу бүтээх гэж явсан, юу бүтээж ирсэн нь тодорхойгүй.

Эдгээр харамсалтай үйл явдал, хэргүүдэд улс төрийн хариуцлага гэж байх уу. “Эрдэнэт”-ийн 49 хувийг тойрсон дуулиан дунд Эрдэнэтээс ч үнэтэй эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаад хууль, ёс зүйн хариуцлагыг хэн хүлээх вэ.

Л.Одончимэг

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.