А.Даваасүрэн: Манай улс ашигт малтмалын нөөцөөр тийм ч баян биш


Шинжлэх ухааны академийн Олон улсын хүрээлэнгийн судлаач, эдийн засагч, доктор А.Даваасүрэнтэй Монгол Улсын эрдэс баялгийн нөөц, түүний ашиглалт, үнэлгээний  талаар гаргасан шинэ номын  тухай ярилцав.

-Монголын эрдэс баялгийн нөөцийн талаар сүүлийн үед гараагүй шинэ ном байна. Номынхоо агуулгын талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улс дэлхийн эрдэс баялаг, уул уурхайн зах зээлд хэрхэн оролцож байгаа болон ашигт малтмалын үндсэн нөөц болох нүүрс, төмрийн хүдэр, алт, зэс, жонш, газрын тосонд судалгаа хийж эдийн засгийн үнэлгээг бусад оронтой харьцуулан судаллаа.

Үүгээр нөөцийн хэрэглээ, үйлдвэрлэл, үнэ ханшид юу нөлөөлдөг тухайл­бал, нүүрсний нөөцөөрөө дэлхийн зах зээлд хэдэн хувийг эзэлдэг түүнчлэн уул уурхайн нөөц, баялаг эхтэй орнууд баялгаа хэрхэн ашигладаг зохицуулж буй туршлагыг  судалж гарын авлага байдлаар эмхэтгэлээ. Өөрөөр хэлбэл, баялгаа зөв ашиглаж үр өгөөжийг нь тэгш хүртэж  чадахгүй байгаа манай оронд бусад орны туршлагыг нэвтрүүлэх  боломж байгааг судалж  энэ номонд тусгалаа.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын эрдэс баялгийн талаар баримталж буй бодлого, эрхзүйн акт, хөрөнгө оруулалтын болон тогтвортой байдлын гэрээ, тусгай зөвшөөрөл олгох явц, бусад баримт бичигт  ямар зохицуулалт үйлчилж байгаад дүн шинжилгээ хийсэн. Эцэст нь байгаа жаахан нөөцөө байгаль экологид ээлтэй, ард түмэнд тэгш хүртээмжтэй ашиг­лах тал дээр хөгжлийн ямар бодлого баримталбал зөв юм гэдэгт тулгуурлан судалсан.

-Манай улс эрдсийн нөөцөөрөө дэлхийн хаана нь явж байна вэ?

-Манай орон 2018 оны тавдугаар сарын байдлаар 29 тэрбум ам.долларын алтны нөөцтэй. 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгөний нөөцтэй. Дэлхийн улс оронтой харьцуулахад нөөцөөрөө 25-д  жагсаж байна. Мөнгө болон төмрийн хүдрийн нөөц маш бага. Нүүрсний нөөцөөр 17 дугаарт явж байна. Харин хайлуур жоншны нөөцөөр V ордог бол зэсийн нөөцөөр бага. 400 сая тонн газрын тосны нөөцтэй гэдэг.

Гэхдээ үүний геологи, ашиглалтын ерөнхий стандартаар 10 хувийг нь олборлодог. Үлдсэн 90 хувь нь газартаа шингээд байж байдаг. Тэгэхээр 40 сая тонн газрын тосны нөөцтэй гэж үздэг. Энэ бүгдээс харахад манайх ашигт малтмалын нөөцөөрөө тийм ч баян орны тоонд орохгүй. Гадныхан биднийг баян гэж хөөргөж  цаасан малгай өмсүүлэх байдлаар баялгийг минь авах гэсэн хүсэл зорилготой хий хоосон үг.

Газар доорх нийт 17 нэр төрлийн баялагт одоогийн ханшаар эдийн засгийн үнэлгээ  хийсэн. Нийт баялгийг үнэлэхэд 3.1 их наяд ам.доллартай тэнцүү буюу нэг хүнд нэг сая ам.долларын байгалийн баялгийн нөөц ногдож буй. Энэ нь нэг хүнд ногдож буй дүнгээр бусад оронтой харьцуулахад өндөр. Харин нийт нөөцөөрөө бол бага.

3.1 их наяд ам.доллартай тэнцэх нөөцийн 0.9 хувийг алт,  нэг хувийг  төмрийн хүдэр, 9.3 хувийг коксжих нүүрс, эрчим хүчний нүүрс 68 хувийг, 16.3 хувийг зэсийн нөөц, хайлуур жоншны нөөц 1.3 хувийг  эзэлдэг.

Газрын тосны нөөц дөнгөж 0.7 хувийг эзэлдэг бол молебдин 8.7 хувийг эзэлж байна. Түүнчлэн 2017 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ хэмжээ цаашид хадгалагдана гэвэл 55 жилийн дараа манай зэсийн нөөц дуусна гэсэн үг. Төмрийн хүдэр гэхэд мөн 6.2 сая тонныг экспортолсон. Энэ хэмжээгээр экспортолно гэвэл 73.6 жилийн дараа нөөц нь шавхагдах жишээтэй.

Мөн 14.5 тонн алт гадагш гаргажээ. Мөн энэ хэмжээгээр алтаа гаргаад байвал 44.8 жилийн дараа дуусна. Нөгөөтэйгүүр нийт олборлож байгаа баялгийнхаа 16.3 хувьд дөнгөж анхан шатны боловсруулалт хийж буй. Өөрөөр хэлбэл, шорооноос нь салгаж түүхийгээр нь гаргадаг.

-Манайх хүрэн нүүрсээрээ баян орон юм биш үү?

-Тийм. 2017 онд 32 сая тонн хүрэн нүүрс экспортолсон. Энэ хэмжээгээр нүүрсээ экспортолно гэвэл 997 жил ашиглах нөөцтэй. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд байгалийн баялаг манай эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг дээр тулгуурласан эдийн засаг хэврэг, эмзэг, гадаад зах зээлээс хамааралтай учраас цаашид хөгжих боломж бага. Харин цөөн хэдэн хүн гадныхантай хамтарч ашиг хүртэх боломж нь давуу. Нийтээрээ хүртэх боломжгүй ийм л дүр зураг харагдсан. Эндээс Монгол орон байгалийн баялгаар баян гэж хөөрцөглөх хэрэггүй гэсэн дүгнэлт гарсан.

-Баян гэж  хэдий хэрийн хэмжээний нөөцтэй оронг хэлэх вэ?          

-Байгалийн хий, газрын тосны баялаг ихтэй орныг баян орон гэдэг. Эдгээр түүхий эд  хэзээ ч шавхагдашгүй нөөц. Өөрөөр хэлбэл, орлуулшгүй нөөцийг л хэлдэг. Хэдийгээр нарны, салхины эрчим хүчний нөөцийг дуусашгүй нөөц гэж үздэг ч дэлхийн нийт орны  89 хувь нь байгалийн хий, газрын тос ашиглан гаргаж авсан цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа учраас энэ эх үүсвэр  дуусашгүй нөөц.

Үлдсэн хувь нь бусад эх үүсвэрээс эрчим хүчээ хангадаг гэвэл маш бага хэсэг нь юм. Тухайлбал, хамгийн баян, дэлхийг тэргүүлж буй орон бол ОХУ. Нийт баялгийн үнэлгээ 75.7 их наяд ам.доллар. Нефтийн нөөц нь 60 тэрбум баррел. 7.08 их наяд ам.доллар. Байгалийн хийн нөөц нь 1.680 их наяд шоо фут 19 их наяд ам.доллар. Хоёрдугаарт, АНУ нийт нөөцийн үнэлгээ нь 45 их наяд ам. доллартай тэнцүү. Дараагаар нь Саудын Араб, Канад,  Иран, Хятад, Бразил, Австрали, Ирак. Гэтэл манай орных 3.1 их наяд тэрбум ам.доллартай тэнцүү гээд бод доо. Тэгэхээр манай орон тийм баян биш.

-Хууль эрх зүй, хил, гааль, татварын орчин нь хэр юм бол?

-Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа төрийн бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актууд хоорондоо зөрчилтэй, олон улсын шилдэг  туршлагатай  уялдаа холбоогүй. Тусгай зөвшөөрөл олголт замбараагүй хяналтгүй, компаниуд нийгмийн хариуцлагагүй байна. Анхаарал татсан нэг асуудал бол ашигт малтмалын төрөл, агуулгаас хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бусад улс 25-30 хувиар бодож авч байна.

Гэтэл манай улс алтны татвар нь тав, өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд есөн хувь. 10 ч хүрэхгүй байна. Нөгөөтэйгүүр баялгаа түүхийгээр нь маш хямд экспортолж байгаа одоогийн загвараар цаашид явахгүй. Иймд хөгжлийн загварыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Үүний тулд уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг шинэчилж үндэсний эрх ашигт нийцүүлэх гарц бол уурхайн олборлолт хийж байгаа хуулийн этгээдэд ногдуулах татварын хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн. Хөгжлийн шинэ кластерын систем нэвтрүүлэх шаардлагатай. Загварыг  номондоо бас тусгасан.

 Ц.МЯГМАРБАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.