“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярыг урьж, ярилцлаа.
БЛИЦ:
Баттөмөрийн Энхбаяр
1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Үүний дараа АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайвань, Швед, Австрали Улсад хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Ажилласан байдал:
1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш
2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх
2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга
2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга
2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх
2014-2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх
2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажилласан.
БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДРААД БАЙГАА ЮМ БЭ?
-Монгол Улс чөлөөт, бие даасан ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жил болж байна. Өмнө нь бүх зүйлийг төр төвлөрүүлдэг байлаа. Одоо цаг үе өөр болж байна. Би Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын ажлыг 2016 онд авсан. Эхний хоёр долоо хоногт гар утас их завгүй байлаа. Хүмүүс их баяр хүргэлээ. Үүний хажуугаар гадаад паспорт яаралтай гаргаж өгөөч, үл хөдлөх хөрөнгө авах гэсэн юм аа, энэ хэний нэр дээр байна.
Энэ тэнд барьцаанд байна уу үгүй юү мэдээд өгөөч гэдэг гуйлга баяр хүргэж, амжилт хүсэж байгаагаас илүү их ирсэн. Улсын бүртгэлийн газар Хууль зүйн яамны харьяа байгууллага учраас таних танихгүй хүн их хандсан даа. Тэгээд би гайхсан.
Орон сууцны гэрчилгээгээ авах гэж байгаа хүн бүртгэлийн байгууллага дээр гэхэд гурван удаа очдог.
Ийм энгийн мэдээлэл ард иргэдэд яагаад олж мэдэхэд ингэж их хүндрэлтэй байгаа юм бэ. Төр ийм их хаалттай байна уу. Тэр хэрээр хүнд суртал ямар хэмжээнд байгаа нь ойлгогдож байлаа. Тэгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас ямар үйлчилгээ үзүүлж, иргэдэд хэрхэн хүрч байна гэсэн бүх мэдээллийг судалсан. Гадаад паспорт гэхэд жилд 250 мянган хүн авдаг.
Иргэний, эд хөрөнгийн барьцааны лавлагааг цаасаар төлбөр төлж авдаг хүмүүсийн тоо 400-гаад мянга. Хаягийн тодорхойлолт, лавлагаа гэхэд ТҮЦ машинаас жилд нэг сая гаруй хүн авсан байсан. Бусад 10 төрлийн лавлагааг ХУР системээс жилд давхардсан тоогоор дөрвөн сая орчим хүн авдаг. Тэгээд бүртгэлийн байгууллага нь зөвхөн 100 айл дээр төвлөрч байна. Энэ нь иргэдэд их стресс нэмж байна.
Орон сууцны гэрчилгээгээ авах гэж байгаа хүн бүртгэлийн байгууллага дээр гэхэд гурван удаа очдог. Мэдүүлэг бөглөж нэг, барьцааны лавлагаа авах гэж, тэгээд гарсан хойно нь нэг очдог. Зөвхөн Улаанбаатар хотод гадаад паспорт авах гэж өдөрт 1,200 хүн 100 айлд захиалга өгч байсан. Гэтэл бүртгэлийн байгууллагын ачаалал даах чадвар нь өдөрт 800 байна. 400 хүн тэр өдөр эргээд буцаж байв.
Мөн их стресс, цаг хугацаа байгаа биз дээ. Үүнийг шийдэх гарцыг хайх нь бидний нэг үүрэг байлаа. Тэгээд бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ гэж бодсон. Яг тэр үед Шведэд иргэний үнэмлэхийн чипийг иргэдийн гарт нь суулгадаг боллоо. Хүн явж байхдаа чипээ уншуулаад л бүх үйлчилгээгээ авч байна гэсэн мэдээг уншаад их ичсэн. Гэтэл бид цаас бариулаад л хэдэн тийшээ хамаг ажлыг нь алдуулаад л иргэдээ гүйлгээд байна шүү дээ.
ДӨРВӨН ӨГҮҮЛБЭРЭЭР ИХ ЗҮЙЛИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДСАН
-Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг нь зохион байгуулалтын гэхээсээ илүү хуультайгаа их холбоотой байсан. Бүртгэлийн байгууллагаас үзүүлдэг 100 орчим мэдээллийн дийлэнх нь угаасаа хуулиараа хаалттай байсан. Лавлагаа гэхэд 10-аас бусад нь бүгд хаалттай байсан. Тэгэхээр төрийн болон хувийн байгууллага иргэдээс олон төрлийн лавлагаа нэхэх нь зүйн хэрэг биз дээ. Түүнчлэн, бүртгэлийн байгууллагын үйлчилгээг ил болгочихвол төрийн байгууллагын хүнд суртал 70 хувь буурах боломжтой гэж үзсэн.
АТГ, Цагдаа, ШЕЗ гэсэн гурван байгууллагын бүртгэлээс сард авдаг цаасан лавлагаа нь гэхэд 6,500 хуудас байсан. Жилд 80 мянган хуудас цаас нэг төрийн байгууллага нөгөөгөөсөө авч байна. Канон, бичиг хэргийн зардал, цаг хугацаа гээд маш нүсэр үйл ажиллагаа байгаа биз. Үүнийг бүхэлд нь шийдэхийн тулд тэр хаалттай гээд байгаа 180 лавлагаа мэдээллийн аль нь бүр хаалттай байх юм, ямар нь нээлттэй, аль хэсэг нь хязгаарлагдмал нээлттэй байх юм гэдгийг хуулиар зохицуулсан. Бүртгэлийн хуулийн энэ зохицуулалт маш энгийн, хялбар зохицуулалт. Хуулийн энэ хэсгийн зохицуулалт гэхэд дөрөвхөн өгүүлбэр байгаа юм.
Дөрөвхөн өгүүлбэр хуульд бичээд хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон. Энэ нь бүртгэлийн хуулийн амин сүнс юм. Нөгөө талаар бүртгэлийн байгууллагад байсан авлигыг байхгүй болгож байна. Хүнд суртал хаана байна тэнд авлига байдаг. Хаалттай байдал хаана байна тэнд авлига байсан. Тэр бүхнийг үгүй хийсэн хууль болж чадсан.
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙНА
-Бүртгэлийн хуулийг 2016 онд өргөн бариад УИХ дээр нэг удаа унаж байсан. Зарим гишүүн энэ бүтэхгүй юм байна. Нууц мэдээллүүдийг ил болгох гэж байна. Монгол Улсын ҮАБ-д аюул учрах юм байна гээд л сүртэй юм ярьж унагасан. Үүний дараа би өөрөө дүгнэлт хийсэн л дээ. Бид гоё юм бодоод хууль бичээд байдаг.
Түүнийгээ иргэд шийдвэр гаргагч нарт ойлгуулах ажлаа муу хийсэн байна. Түүнээс болж унажээ гэсэн дүгнэлт хийгээд дараа нь ойлгуулах ажлыг их хийсэн. Үүний үр дүнд шийдвэр гаргагч нар дэмжиж баталсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд сүүлийн 10 жилийн хугацаанд моргейж буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээл тэлж байна. Одоогийн байдлаар манайд 1,500 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлагч үйл ажиллагаа явуулдаг. Аливаа хүн эрсдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгө авахыг хүснэ.
Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна.
Зарж байгаа хүн дотор янз бүрийн хүн байна. Хаалттай байсныг далимдуулаад залилангийн гэмт хэрэг их гардаг байсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар хийдэг байлаа. Нөгөө гэрчилгээгээ үзүүлээд өөр хүнд зарж, банк санхүүгийн байгууллагад барьцаанд тавьдаг гэмт хэрэг их гарч байсан. Харин бүртгэлийн хууль хэрэгжсэнээр байр худалдан авах гэж байгаа хүн тухайн байрны мэдээллийг хийгээд хэний нэр дээр байна вэ гэх бүх мэдээллийг авах боломжтой болно. Энэ нь гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгож байна.
Нээлттэй байдал гэдэг нь айж эмээх зүйл биш юм гэдгийг харуулж байна. Энэ нь 2016 оны парламент буюу МАН-аас шийдвэрлэсэн яг иргэдэд хамгийн их хэрэгтэй том хуулийн реформ гэдгийг би бардам хэлнэ.
Гэхдээ энэ бол эхлэл юм. Хуулийн хэрэгжилт бүрэн хэрэгжиж дуусаагүй байна. Арваннэгдүгээр сард бүртгэл.мн-ийг л нээсэн байдаг. Бид тухайн үед 10 лавлагааг цахимаар олгодог байсан бол одоо 23 төрлийнх болж өргөжсөн байна. Энэ ондоо багтаад Улаанбаатар хот, бүх аймаг, сумыг шилэн кабельд холбоно. Сумын байцаагч хүртэл төв сервертэй шууд холбогдоно.
Ядаж аймгийн төв явахгүй сумаасаа гадаад паспорт, иргэний үнэмлэхээ захиалдаг болно гэдэг сайхан биш гэж үү. Харьяалал харгалзахгүй 10 үйлчилгээг хийдэг болсон гуравхан сарын хугацаанд хөдөө орон нутгийн 4,300 хүн биечлэн хотод ирэхгүйгээр тэндээ үйлчилгээ авсан байна. Тэр олон хүний цаг, мөнгө гээд юу эс хэмнэж байна гээд бод л доо.
ХУУЛЬЧИД+ IT ИНЖЕНЕР ГЭСЭН БАГ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАСАН
-Түүнчлэн Бүртгэлийн шинэ хууль авлигачдад аянга мэт буусан. Хууль үйлчлэх үед ЖДҮ-гийн асуудал илэрсэн. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын мэдээллийг хэн ил гаргах сонирхолгүй байсан бэ гэдэг нь их тодорхой болсон. Зөвхөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэхэд нэг хүн 20 орчим компани байгуулжээ. Сангийн мэдээлэл дээр 20 компани зээл авсан мэт харагддаг.
Яг хүнээ хөөхөөр нэг л хүн аваад байдаг. Зүсээ хувиргаад л нүүрээ будаад л аваад байсан байгаа байхгүй юу. Тэр хүн мэдээллийг нээлттэй болохгүй үргэлж хаалттай байна гэж тооцоолсон юм шиг байгаа юм. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл ил болсноор олон хулгай ил болж байна. Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй.
Анх энэ хуулийг гаргахдаа би лав ийм аймаар хулгай хийчихсэн байна гэж бодоогүй.
Хулгай нуугдаж байгааг мэдэж байсан ч гэлээ ийм ихээр хулгай хийгээд цайчихсан байна гэж үнэндээ мэдсэнгүй. Одоо ч бүх зүйл нь илэрчихээд байгаа юм биш. Бүртгэлийн хуулийн хэрэгжилт дээр өөр олон ажлыг хийх шаардлагатай байгаа.
Ер нь хууль гэдэг хөгжлийг дэмжсэн, түүнд саад болохгүй байх байдлыг бий болгохыг хэлээд байгаа юм. Хууль аливаа боломжийг хаадаг биш нээж өгдөг л байх ёстой. Тэр бодлого буюу шийдлийг ямар хэлбэрээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь цэвэр зохион байгуулалтын асуудал юм.
Бүртгэлийн хуулийн хэрэгжилтийн гол ажлууд нь 2019 онд хийгдээд 2020 оноос хууль бүрэн утгаар үр дүнгээ өгч эхлэх юм. Зөвхөн энэ хуулийг дагаад 50 орчим журам гарах ёстой. Мэдээлэл, технологийн маш их туршлагатай хүмүүс бүртгэлийн байгууллагын удирдах албан тушаалд очиж ажилласан нь энэ хуулийг хэрэгжүүлэхэд их дэм болсон. Хуульчид+IT инженерүүд гэсэн баг энэ хууль дээр гар нийлж ажилласан нь амжилттай болсон.
Хууль батлагдаад удаагүй арваннэгдүгээр сард хэрэгжих гээд байдаг, бэлтгэл ажил тун шахуу байсан шүү. Бүртгэл.mn гэдэг домайн хаяг гэхэд өөр хувь хүний нэр дээр байлаа. Би заавал тэр хаягийг худалдаад ч хамаагүй ав гэж бүртгэлийнхнээ хүчилсэн. Тэгэхгүй бол хүн тогтоох аргагүй өөр нэр яваад байсан. Тэгээд худалдаж авсан. Мөн бүртгэл.мн-ий зарим мэдээлэл төлбөртэй байх байсан. Гэсэн ч төлбөртэй мэдээллийнхээ журмаа Засгийн газар гаргаж амжаагүй.
Нэгэнт хууль хэрэгжиж эхэлсэн учраас төлбөртэй байх байсан тэр мэдээллүүдийг шууд үнэ төлбөргүйгээр нээлттэй болгочихсон. Иргэд маань л хожсон гэх үү дээ. Одоо Бүртгэл.мн-ий хөгжүүлэлтийн асуудал дутуу байгаа, цаашид их хөгжүүлэлт хийх ёстой. Тухайлбал, компанийн үүсгэн байгуулагчийг олоход компанийн нэрээр хайж байна. Уг нь бол тухайн хүний нэрээр хайдаг байх ёстой юм. Тэр цагт бүр ч их айхавтар зүйлүүд, олон хулгай илэрнэ.
ХҮН ӨӨРИЙГӨӨ ХЯНАХААС ИЛҮҮ АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТОГТОЛЦОО ГЭЖ БАЙДАГГҮЙ
-Сайн судалбал нэг хүн 60 орчим байгууллага байгуулсан, тэр дотор гадна дотноос янз бүрийн санхүүжилт авдаг юу нь мэдэгдэхгүй сэжигтэй зүйлүүд байна. Тэр бүхнийг ил болгох хэрэгтэй. Манайх нэг зүйлийг хянах гэхээр нээх том байгууллага бүтэц гаргаж ирээд бөөн зардал гаргаж, нүсэр хана хэрэм босгодог. Гэтэл Бүртгэл.мн ямар ч зардалгүйгээр авлигаас урьдчилан сэргийлдэг тогтолцооны нэг бүрдэл болж хувирсан.
Бүртгэлийн хуулийн дөрөвхөн өгүүлбэрээр ЖДҮ-гийн луйвраас эхлээд маш олон зүйл ил болсон. Сүүлийн гурван сард 50 мянган хүн Бүртгэл.мн-ээс мэдээлэл лавлагаа авч хандсан байна лээ. Тун удахгүй хөгжүүлэлт нь сайжраад ирэхээр Монголын хамгийн их хандалттай, бодит үйлчилгээ авдаг сан болно гэдэгт итгэдэг. Одоо хуулиар ил болсон газрын мэдээлэл бүртгэл.mn дээр ороогүй хаалттай байна.
Бүртгэлийн хуулийн дөрөвхөн өгүүлбэрээр ЖДҮ-гийн луйвраас эхлээд маш олон зүйл ил болсон.
Би ажлаа өгөхийн өмнө Газрын алба, Тагнуулынхан гээд бүгдийг дуудаад яагаад энэ газрын мэдээллийг Бүртгэл.мн-д нээлттэй оруулахгүй хааж, нуугаад байгаа юм бэ гэдэг шаардлага тавьсан. Арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө тавихгүй бол та нарыг бүгдийг чинь АТГ-т хууль хэрэгжүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр өгнө гэж хүртэл шахаж үзсэн. Тэгсэн газрын албанаас нэг сайтын нэр хэлээд энэ дээр нээлттэй байдаг гэж байна.
Гэтэл түүнийг нь тэнд байсан ажлын хэсэг, төрийн байгууллагынхан бүү хэл Тагнуулын байгууллагынхан ч мэдэхгүй байсан. Миний албан бус эх сурвалжийн мэдээллээр хэдэн зуун газрын гэрчилгээ өөрийнхөө нэр дээр авчихсан хүн ч байна. Газрын албаныхан өөрсдөө ч хамаарал бүхий хүнийхээ нэр дээр олон газар авсан байдаг. Түүнийгээ зардаг ийм асуудал ч хаалттай мэдээллийн цаана байна.
Одоо бид үүнийг ил болгох ёстой. Газрын наймаатай, авлига хүнд сурталтай тэмцэнэ гэж хоосон ярьдаг. Уг нь бүртгэлийн хуулиар үүнийг нээлттэй болгочихсон. Хэрэгжилтийг нь шаардмаар байна.
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН НАЙМАА, ЖДҮ ГЭЭД ОЛОН ХУЛГАЙ ЭНЭ ХУУЛИАР ИЛ БОЛСООР…
-Бүртгэлийн хууль үргэлжлэн амжилттай хэрэгжсэнээр газрын мафи гэж яригдаад байгаа тэр бүлэглэл ханз үсэрнэ. Би бүрэн итгэлтэй байна. Зүгээр гаргасан хуулиа хэрэгжүүлэхэд л боллоо. УИХ өөрөө хуулийн хэрэгжүүлэлтэд хяналт тавьдаг газар шүү дээ. Тэгэхээр гишүүд маань энэ асуудалд анхаармаар байна. Одоо би иргэн, гэхдээ энэ хуулийг бичихдээ юу бодож, юунд зорьж тэмүүлж хийсэн бэ гэдгээ мэдэж байгаа учраас шаардах учиртай.
Одоо илүү олон хулгай гарч ирнэ. Яагаа ч үгүй байгаа.
Мөн Ашигт малтмал, уул уурхайн баялгийг цөөн хэдэн хүн авсан гэж ярьж байна. Ашигт малтмалын газрын цахим хуудас руу орвол тэнд лицeнз эзэмшиж байгаа компаниудын нэр байгаа.Тэднийг Бүртгэл.мн-тэй тулгахад үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын нэр гараад ирнэ. Олон компанийн нэрээр лизенц авч байгаагийн цаана нэг хүн байна уу. 10 хүн байна уу гэдгийг олон нийт мэдэх боломжтой болсон. Уул уурхай, газрын наймаа, ЖДҮ гээд олон зүйл энэ хуулиар нээлттэй болно.
Одоо илүү олон хулгай гарч ирнэ. Яагаа ч үгүй байгаа. Хүнийх нь нэрийг оруулаад мэдээлэл нь гарч ирдэг тэр шинэчлэл удахгүй олон нийтэд хүрнэ. Тэр үед нээрээ яана даа л гэж бодож байна. Тухайлбал, шашны гэхэд 500-гаад байгууллага байна. Тэрийг хэн ажиллуулаад байгаа юм. Түүний ард ямар зүйлийг халхлаад байгаа юм. Олон их, дээд сургууль хүртэл төрийн бус байгууллагын статустай явж байна.
Хэдхэн төгрөгийн татвараас нуугдах гэж байгаад өөрсдөө хохирно доо. Өвчин зовлон таарвал, санамсаргүй байдлаар хохирвол яах вэ. ТББ нь компани шиг гэр бүл, үр хүүхдэд нь өвлөгддөггүй. Хувь хувьцаа зарагддаггүй. Хамаг хөдөлмөр хөрөнгөө зарж байгуулчихаад өөрөөрөө дуусаад улсад тушаагаад явах вий дээ. Тэгэхээр ТББ-ын статусаар ажиллаж байгаа их, дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд минь энэ эрсдэлээ бодоорой. Би өөрсдөд нь санаа зовж хэлж байгаа юм шүү.
Та хэд маань өнөөдрийн хэдхэн төгрөгийн татвараас зугтаах гэж байж энэ үнэт зүйлээ капиталаа өөрийн гэр бүл үр хүүхдэдээ өвлүүлж шилжүүлж чадахгүй дуусгав аа. Ийм байдал үүссэн байна шүү. Бүртгэлийн хуулийн давуу талыг ашиглаад ТББ-аа компанийн статусаар бүртгүүлэхэд ямар нэгэн торгууль, хариуцлага ярихгүй энэ хөдөлгөөнийг хийх боломжтой болсон гэдгийг дахин анхааруулж хэлмээр байна.
Сэтгэгдэл